Categories
мэдээ цаг-үе

Н.Отгон: “Ботго”, “Эхийн дуу”-гаа дуулахад хөөрхий хөгшид уйлдаг байлаа

Н.Даваадаш (МУСГЗ), Бүрд сумын нэгдлийн дарга н.Аюурзана, МУГЖ, дуучин н.Отгон, сэтгүүлч, яруу найрагч Ч.Гомбосүрэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэн нар. 1989 он. “Залуучуудын үнэн” сонины соёлын өдрүүд. Өвөрхангай. Бүрд сум. Элсэн тасархай

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгонтой ярилцлаа. “Ботго”, “Төлийн дуу”, “Адуучин аавын хүү билээ” гэж эхэлдэг “Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”-гаар нь хүмүүс түүнийг одоо ч дурсдаг. Олны танил дуучинтай уулзахаар очиход тэрбээр гэртээ, олон ангит кино үзэж суулаа. Бас даралт ихсэхэд сайн гээд улаан чавгатай, нимбэгтэй цайгаар дайлсан. Түүний халамжит хань Угтаалын сангийн аж ахуйн дарга байсан Бааст гуай олны танил дуучны шүтэн бишрэгч байжээ. “Сайн байна уу, ээж ээ” гээд л “Хүсэлтийн хариу”-гаар “дахиулдаг” байсан дуучинтай ийнхүү хуучлав.

-Сүүлд таныг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын “Жаран хар, арван цагаан”-ы тоглолтын үеэр харсан. Цэрэг хувцастайгаа ануухан, гоё харагдаж байлаа. “Бас л сайхан дуулж байна шүү” гэж бодогдсон. Бэлтгэл их хийсэн үү?

-Тоглолтоо хийе гэдэг санаачилгыг манай Ц.Чулуунцэцэг гавьяат маань анх гаргасан юм. “Хэдүүлээ хэдэн төгрөг олбол ядарсан зүдэрсэн, өвчтэй зовлонтой улсууддаа өгчихвөл яасан юм бэ” гэсэн юм. Дасгал сургууль ч юу байх вэ, угаасаа надад төрөлхийн жаахан авьяас байсан шиг байгаа юм. Хоёр, гурав дуулаад л хоолой маань эвдээ орчихдог. Урилга заллага ирвэл хааяа дуулаад өгдөг. Одоо тэгээд нас ахих тусам найр хуриманд дуулах дур хүрэхгүй юм аа. Хэдэн цаг суучихвал дуу шуугианд ядардаг болчихож. Гэхдээ дуулна гэдэг бидний хийж ирсэн ажил болохоор тайзан дээр гарахаар залуужих шиг болдог.

-Ц.Чулуунцэцэг гавьяат “Жаран хар, арван цагаан”-д дуулдаг гэхэд залуухан байх шүү?

-Залуухан залуухан. “Өнөр бүл” кинонд тоглож байхдаа манайд шалгуулаад орсон юм шүү дээ. Тэтгэвэртээ гараагүй залуу хүн л дээ. Гэхдээ ахмадуудаа ерөөсөө мартдаггүй. Үргэлж бидний нийллэг, уулзалтыг зохион байгуулж энэ тэгчихлээ, тэр ингэчихлээ гэвэл гүйгээд л ирнэ. Хөдөөнөөс ирээд, кинонд тоглоод манайд орсон болохоор бидэнд элэгтэй.

-Та ахмадууд, бид гээд л яриад байх юм. Бидний багын дурсамжид дуучин Н.Отгон гэхээр маш гоё эмэгтэй төсөөлөгддөг. Цангинасан өвөрмөц хоолойтой, хаанаас нь ийм хоолой гардаг байна аа гэж боддог байлаа?

-Үе үеэрээ л сайхан даа.

-Сая тоглолтын дараа ахмадууд “бут авав” уу?

-Яахав, зарим нэг нь орсон л байх. Би залуугаасаа ууж чаддаггүй. Эд нартаа загнуулна. Тоглолтоор яваа үедээ ерөөсөө ууж чадахгүй шүү дээ. Уучихвал хоолой хоёр талаасаа булчин нь бариад, чангарчихдаг. Манайхны зарим дуучин, жүжигчин ууж л байдаг, тамхи татаж л байдаг, дуулж л байдаг. Би бол их өөр. Тамхины утаа үнэрлэж чадахгүй. Хоолой гарахаа больчихдог. Тамхины утаанд байж чадахгүй, архи амсч чадахгүй. Зовлонтой. Улсууд дуулж хуурдаад ууж идэх болохоор намайг маяглалаа гэдэг. “Урлагаар өдий олон жил болчихоод уухгүй байхдаа яадаг юм, тамшааллаа” гэдэг.

-Та ч ааштай байхаар харагддаг л даа?

-(Инээв)

-Таны энэ өвөрмөц дуу хоолой хаанаас эхтэй вэ?

-Би багаасаа их дуулсан даа. Дунд сургуульд байхдаа Пионерийн ордонд дуулдаг. “Арвандолдугаар сургуулийн аварга дуучин” гэж явдаг байлаа. Пионерийн ордонд хүүхдийн дуурьт Хумбагын дүрд дуулна. 1000 хүүхдийн концерт Дуурийн театрт хийхэд бидний таван хүүхэд урд гоцлоод, дуулж л байлаа. Миний эцэг Төв аймгийнх, Дамба-Очир гэж хүн байсан юм. Бидний үед төрсөн он сараа ч мэддэггүй. Ээж маань намайг “1948 онд өвлийн дунд сарын 16-нд төрсөн” гэдэг. Аав урлагийн авьяастай, хуучир, шанз тоглодог, найруулагч хийгээд явдаг байсан гэж дуулсан. Эхээсээ эгч дүү гурвуулаа. Дүүг маань дөнгөж сууж эхэлж байхад аав маань өөд болчихсон юм шүү дээ. Тэр үед ээжээрээ овоглоод явсан. Хэрэв зээ Дамба-Очир гэж овоглогдсон бол аавын маань нутаг усныхан, мэддэг таньдаг хүмүүс нь зорьж ирж уулзах л байсан байх. Ээжээрээ овоглочихоор ээжийн нутаг Сүхбаатар аймгийнхан “Намжилмаагийн хүүхэд байна” тийм ч ах дүү нь, ийм ч төрөл садан нь гээд уулздаг байлаа. Аавыгаа сайн мэдэхгүй. Өөд болоход нь эгч маань тав, би гурван нас л хүрч байсан болов уу.

-Ээж тань тантай төстэй хүн байсан уу?

-Аавын урлагийн авьяасыг авсан байж магадгүй. Ээж маань урлаг талаа барьж явсан хүн биш. Ээж аавын тухай ярьж л байсан. Хүүхэд болохоор анзаардаггүй байж. Хүн нас ахих тусмаа ээж, аавыгаа бодож байхгүй яав аа гэж харамсдаг юм байна. Ээж маань 37 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн. Түүнээс өмнө аав, ээж хоёр маань хүүхэд өргөж авсан гэдэг. Тэр ах байвал нэлээд хөгшин л хүн байх ёстой. Тиймэрхүү л амьдралтай хүн дээ. Одоо ганц эгч маань л байдаг даа. Өөрөө хоёр охинтой, хөгшин маань гурван охинтой. Бид хоёр таван охин, хүргэчүүлтэй, 17 зээ, гурван зээнцэртэй болж байна даа.

-Та цэргийн ансамблийн нүүр царай болж явсан хүн. Цэргийн чуулгад яаж орсон бэ?

-Анх наймдугаар ангийнхаа өвлийн амралтаар ансамбльд шалгуулахаар очсон юм. Тэгэхэд “Чи сургуулиа төгсөөд ир” гэсэн. “Би одоо орчихъё л доо” гэж гуйж байж билээ.

-Цэргийн ансамблийг онцлох учир шалтгаан байсан уу?

-Гавьяат жүжигчин Ж.Цэцгээ эгч аавын талын хамаатан. Анх Ардын дуу бүжгийн чуулгын дуучин байлаа. Багадаа эгчийндээ очдог байв. Манай эгч цэрэг хувцастай, жавхайсан гоё эмэгтэй. “Эгч шиг ийм гоё дуучин болох юмсан” гэж мөрөөддөг байлаа. Тэгээд л би цэргийн ансамбльд шалгуулсан.

-Тэр үеийн монголчууд шүтэн биширдэг дуучиндаа яаж ханддаг байв?

-Хүн алдар цол авч болно. Түүнийгээ дааж явах чухал.

-Хананд чинь Ю.Цэдэнбал даргаас гавьяатын тэмдгээ гардаж авч байгаа том зураг байна. Хэдэн он бэ?

-1977 онд 29 настайдаа авч байлаа.

-Бас л эрт авч шүү?

-Тэр үеийн бид одоогийнхтой адил амрахгүй. Их шалгана. Тэр үед намайг бригадаар явж байхад нэг хүн дагаад л явж билээ. Тухайн үед анзаардаггүй байж. Намайг гавьяатад тодорхойлсон учраас зрительтэйгээ яаж харьцаж байна, ард түмэндээ яаж үнэлэгдэж байна гэдгийг хянаж явсан юм билээ. Зритель бол маш олон дахиулна. “Ботго”, “Эхийн тухай дуу”-гаа дуулахаар хөөрхий хөгшид уйлна. Тоглолтын дараа настнууд үнсээд “Миний хүү ямар сайхан дуулдаг юм бэ” гэдэг. Яахав, би ансамблийнхаа орлогод хувь нэмрээ оруулж л явлаа. Бидний үед орлого их хөөцөлддөг. Хавар, намартаа хөдөө бригадаар маш их явна. Цэргийн баяр дөхүүлээд арми сурталчлах өдрүүд гээд баатруудаа, генералуудаа аваад явна. Тэд маань дайнд явж байсан тухайгаа ярина. Нутгийн сайн сурлагатай цэргийг эцэг эхтэй нь аваачиж уулзуулна.

-Үзэл суртлын ажил мундаг байжээ?

-Үнэхээр мундаг. Генералууд армиа сурталчлаад, бид ард нь яриа дуусахыг нь хүлээгээд үүрэглээд сууж байна. Дуусав уу, үгүй юу бид тоглоно. Цэргийн ансамбльд миний оролцоогүй тоглолт бараг байхгүй дээ. Хөдөө явах болохоор “Чи явахгүй бол болохгүй” гэсэн юм ярина. Хүүхэд төрүүлбэл “Хүүхдээ гаргаад сууж бай, ажил битгий хий” гэж загнана. Арайхийж хоёрхон охин төрүүлсэн. Тэр хоёрыг маань муу ээж маань өсгөсөн дөө. Эгч маань ч бас хүүхдээ төрүүлчихээд миний хүүхдийг цугт нь хөхүүлж л байсан. Манай хоёр чинь 24-ийн ясли, цэцэрлэгээр өссөн шүү дээ. Амьдрахын төлөө зүтгэдэг л байлаа. Ажилласныхаа хэрээр нэмэгдэл авдаг. Хөдөө гадаа явахдаа бид зузаан дэвтэр үзэгчдийн дунд аялуулна. Нэг уран бүтээлч тайзан дээр согтуу гарсан бол “Тэр хүн тайзан дээр согтуу гарч биднийг хүндэлсэнгүй” гээд биччихнэ. “Тэр хүн сайхан дууллаа, баяр хүргэе” гэнэ. Хэрэв аль нэг бригадыг тойроод явчихвал “Улаан тугаа намируулаад манайхыг алгасаад явсан” гээд биднийг очоогүй байхад араас матаас очно шүү дээ.

-Та гавьяат авахдаа Ю.Цэдэнбал даргатай үг сольж амжив уу?

-Амжаагүй. Ямар сайндаа анх удаа ойроос харж байгаа болохоор нүүр рүү нь ширтчихсэн зураг гарсан. Хацар нь толигор. “Ямар толиотой хүн бэ” гэж харж билээ.

-Та гавьяатаас өөр одон авсан уу?

-Авалгүй яахав. Байлдааны гавьяаны одонтой.

-Охид чинь урлаг хөөсөн үү?

-Үгүй ээ, хоёулаа амьдралаа хөөгөөд явж байгаа. Хойд, урд хоёр Америкт амьдардаг. Тэдний маань амьдрал нь л болж бүтэж байвал, би хүүхдүүддээ эрүүл саруул өвчин зовлонгүй харагдаж байвал боллоо гэж боддог шүү дээ, эгч нь.

-Та өдрийн ихэнх цагаа юунд зарцуулдаг вэ. Олон нийтийн ямар нэг ажилд оролцдог уу?

-Үгүй ээ. Өвгөн бид хоёр хөдөө жаахан явна. Хөгшин маань хөдөө хүүхдүүддээ чацаргана тарихад нь тусалдаг. Хөдөө аж ахуйн талын хүн шүү дээ, манай хүн чинь. Хааяа би хамт явна. Одоо бол би зурагт хараад, ойр зуур дэлгүүр хоршоогоор орж, хүнс хоолоо цуглуулдаг. Манай ахмадууд цуглавал нийлж, дуулж хуурдаж суудаг.

-“Хөх даалимбан тэрлэг” найраглалын “Бүүвэйн дуу”-г сонсохоор хамрын самсаа шархирдаг. Тэр дуутай яаж учрав?

-Хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт Д.Бадарч гуай ансамблийн уран сайхны удирдагч байсан. Д.Пүрэвдорж гуайн найраглалаас “Бүүвэйн дуу”-ны хэсгийг аваад дуу хийж өгсөн юм.

-Таны хувьд ажиллагаа шаардсан уран бүтээл бий юу?

-Тийм юм юу байхав. Жаран хар, арван цагаан гэж байлаа. Би эмэгтэй чуулгатайгаа өөрийн задгай хоолойг эвсүүлэх гэж их ажилладаг. Өөрийн дуу бол яах вэ. Эмэгтэй чуулгын хувьд би задгай хоолойтой гээд ганцаараа цойлж болохгүй.

-Цэргийн чуулга цэргийн дэглэмээр явдаг байх. Та ямар цолтой вэ?

-Бид хавар сайдын шалгалт өгдөг ажилтай байлаа. Цэргийн цол нь дээд зэрэг нь л ахлагч байдаг. Ахлах ахлах гээд хорь гучин жил ч байсан түүгээрээ л явж байдаг даа.

-Таны дууг сонсох юмсан гэж хүссэн хүмүүс цомгийг тань олж авах боломжтой юу?

-Миний цомог дуусчихсан л даа. Ахиад хийж чадахгүй л байна. Утсаар асууж л байдаг юм. “Таны цомог хаана зарагддаг вэ” гээд. Би өөртөө үлдсэн ганц хоёрыгоо өгөлтэй биш дээ. Уг нь цомгоо гаргая л гэж бодох юм. Тэтгэврээрээ амьдардаг хүмүүс чинь чадахгүй байна шүү дээ. Би мөнгө төгрөг хадгална гэж мэддэггүй байлаа. Цалингаа аваад идээд уугаад зарцуулаад дуусдаг. Одоо ч тэр хэвээрээ. Тэтгэврийн хэд маань жаахан жуухан юм аваад, сардаа сайхан таарч л байдаг юм.