Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтхүү: Унгарын морин тойруулгын уралдаанд Монгол анх удаа оролцоно

Унгарын уламжлалаас үүдэлтэй “Nemzeti Vag­ta” морин тойруулгын уралдаан нь ирэх есдүгээр сард Будапешт хотын төвд орших Баатруудын талбайд болох юм байна. Олон улсын хэмжээнд нэр хүндтэй уг тэмцээн нь морьтон ард түмний уламжлалуудыг бэхжүүлэх дэмжихийн зэрэгцээ оролцогч орнуудтай байгуулсан эдийн засаг, соёл, улс төрийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготой аж. Энэ тэмцээнд энэ жил манай улсаас анх удаагаа “Хан Монгол” морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүү оролцохоор болжээ. Өчигдөр Унгараас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мадари Акош тэмцээнд оролцох урилгыг Ш.Цогтхүүд гардуулж өгөхийн өмнөхөн ярилцсаныг сонирхуулъя.

-Та Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Морь уралдуулах гэдэг бол Монголын уламжлалтай салшгүй холбоотой. Харин морин тойруулгын уралдаан манайд хэр хөгжсөн юм бол?

-Тойргийн уралдаан гэдэг ойлголт нь хожуу гарсан. Суурин иргэншилтэй ард түмэн олон хүнд нэг дор үзүүлэхийн тулд тойргийн хэлбэрт оруулсан, уралдаан гэдэг нь нэг л чиглэл. Монгол уламжлалд уралдаан нь байсан. Түүнийг орчин цагийн сонгодог хэлбэрт оруулж тойрогт уралдуулж байгаа. Манай Морин уралдааны төв дээр тойргийн уралдааныг зохион байгуулж байсан. Яармагт олон улсын стандартад нийцсэн сонгодог морин уралдааны төв баригдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орно. Ер нь манайд тодорхой хэмжээнд хөгжчихсөн гэсэн үг. Хоёр жилээс хэтрэхгүй морин тойруулгын уралдаан зохион байгуулж эхлэх байх.

-Та хэзээнээс тойргийн уралдаанаар хичээллэсэн бэ?

– Хөдөө төрсөн хүүхдүүдээс хар нялхаасаа морь унаж уралдаж үзээгүй хүүхэд ховор байх. Одоо цагт ямар болсныг мэдэхгүй. Урьд нь бол аав нар нь уяач, хүүхдүүд нь унаач тийм л уламжлалтай байсан. Би багаасаа морь унасан гэхдээ нялхдаа уралдаж байгаагүй. Том болсон хойноо наадам Буянт-Ухаад болдог байхад гурван километрийн тойргийн уралдаан зэрэгт оролцож байсан. Хэнтий аймагт тойргийн уралдаан зохион байгуулахад оролцсон. Тэр бол Монголд сонгодог хэлбэрийн анхны уралдааны эхлэлийг тавьсан гэж болно.

-Хэнтий аймагт тойргийн уралдааныг хэдэн онд зохион байгуулсан бэ?

-Бараг арав гаруй жилийн өмнө. Буянт-Ухаад ч ийм тэмцээн зохион байгуулагдаж байсан.

-Тойргоор, тал нутгаар уралдана гэдэг огт өөр хоёр зүйл. Түүнд оролцох морьдыг ч өөр өөрөөр бэлтгэдэг байх?

-Тэгэлгүй яахав. Их хурдтайгаар тойрог хийхэд тодорхой хэмжээний налалт үүсдэг. Налалт үүсэхэд төвөөс зугтаах хүч үйлчилнэ. Унаач хүнээс морин дээр төвөөс зугтаах хүчээ зохицуулах, голоо барьж явах, эргэлт дээр хаагуур нь гүйцэж түрүүлэх тактикаа боловсруулна. Зүгээр нэг гүйцэж түрүүлнэ гээд дайраад байхгүй, аюулгүй байдлаа хангах гээд эрсдэл нь илүү өндөр байдаг. Морины явдал гэхэд нар зөв тойрч байхад баруун хөл нь урдаа байх жишээтэй. Морь дотор талын хөлөө урд нь тавьж давхидаг, гэтэл яг энэ алхаагаараа нар буруу тойроход явдал нь өөрчлөгдөж хурданд нөлөөлдөг. Морины хөлний ээдрээ гарахаас эхлүүлээд тойрогтоо дасч уралдах гээд маш нарийн. Нар буруу тойрч уралдаад сурсан адууг нар зөв тойрогтой уралдааны замд уралдуулахад хурданд нь маш их нөлөөлдөг. Амьд жишээ гэхэд “Макс” группийн Ганбаатарын хурдан морь АНУ-д түрүүлсэн. Дараа нь өөр газар очоод уралдахад уралдааны тойрог нь нөгөө тал руугаа байсан нь нөлөөлсөн. Тойргийн чиглэл өөрчлөгдөхөд хөлөө солих зэргээс эхлүүлээд нэлээд зүйл нөлөөлдөг.

-Та сая нар зөв, буруу тойргийн тухай ярилаа. Улс орон болгонд морин тойруулгын уралдааны талбай нь өөр өөр байна уу. Олон улсын стандарт гэж байдаг биз?

Стандарт гэж бий. Гэхдээ улс орны онцлогоос шалтгаалаад нар зөв ч бий, нар буруу тойргууд ч бий. Тэр битгий хэл элсэн замтай, зүлгэн замтай тойргийн уралдаан гэж байдаг. Энэ нь улс орны онцлогоос шалтгаалдаг. Миний оролцох гэж байгаа Унгарт болох уралдаан нь сонгодог морин тойруулгын уралдаанаас арай өөр. Унгарын уламжлалт морин уралдааны төрөл.

-Унгарын уламжлалт морин уралдаан нь ямар онцлогтой юм бэ?

-Сонгодог шиг тойргоор уралдана. Гэхдээ сонгодог уралдаанд морьдыг төхөөрөмжинд оруулж байгаад хаалга нь нэгэн зэрэг нээгдэхэд уралдаж эхэлдэг. Харин Унгарынх бол бүгдээрээ морио унаад шогшиж байгаад буюу задгай байж байгаад хонх дуугарахад эхэлдэг. Сонгодог уралдаанд бол эмээлтэйгээ зогсч байхад морь унаачийн жин хэд байх ёстойг заасан байдаг. Харин Унгарынх бол унаач нь насанд хүрсэн байх ёстой, жин хамаардаггүй. Мөн өөрийн улс орны онцлогтой хувцас өмсч уралдах боломжтой.

-Тэгэхлээр та үндэснийхээ хувцастай уралдана гэсэн үг үү?

-Үндэснийхээ хувцастай очиж уралдах байх. Яг юу өмсөхөө шийдээгүй байна. Аюулгүйн ажиллагааны каск, нурууны хамгаалалттай байх шаардлага тавьж байгаа. Тиймээс нэлээд бэлтгэл хэрэгтэй болно.

-Унгарын үндэсний морин тойруулгын уралдаанд хэдэн орон оролцох юм бол?

-Анхны байдлаар бол 12 орны тамирчид оролцоно. Энэ удаад Монгол, Франц хоёр анх удаагаа оролцож байгаа юм билээ. Уг тэмцээн өмнө нь орон нутгийнх байсан бөгөөд дөрвөн жилийн өмнөөс олон улсын чанартай болсон.

-Та эндээс морио авч явах уу?

-Олон улсын тэмцээн хэдий ч морио авч явахгүй. Тэнд очоод мориныхоо сонголтыг хийнэ. Тэгээд бэлтгэл хийж мориныхоо ростыг мэдэж аваад түүнтэйгээ оролцох юм.

-Тойргийн уралдаанд монгол морь хэр зэрэг тохиромжтой байдаг вэ?

-Тойргоор монгол морьд уралдвал жаахан хэцүү. Богино зайд уралддаг учраас чац урттай морьдод ашигтай. Монгол адуу бол холын уралдаанд тохиромжтой байдаг.

Учир нь халах тусам улам хурдалдаг, цуцдаггүй. Европ, араб морьд бол богино зайд хурдалчихаад амархан цуцдаг. Том морьдтой холилдоод уралдах юм бол монгол адууны хөлийн хурд, рост нь дутдаг.

-Та ийм уралдаан зохион байгуулдгийг хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил “Марко Поло” киноны зурагт авалтад орлон тоглогчдын багийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тэгэхэд Унгарт ийм тэмцээн болдог тухай мэдээлэл авсан. Тэгэхэд Будапешт хотын төв талбай дээр элс асгаад, тойрог зам хийгээд уралдаан зохион байгуулдаг гэдгийг мэдсэн юм. Монгол дахь Унгар улсын ЭСЯ-наас ч бидэнд оролцох хүсэлт тавьсан.