Categories
мэдээ улс-төр

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.912.901 сонгогч бүртгэгдсэн байна

УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Санал авах тоолох төхөөрөмжийг 2012 оны УИХ хурал, орон нутгийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн үүнээс гадна сонгуулийн санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд орох боломжоор хангаж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан саналын хуудсыг бэлтгэсэн байгаа. УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлсэн байгаа. Энэ удаагийн УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Швед, Англи, Дани, Норвеги зэрэг тавиад улс орноос болон олон улсын байгууллагаас нийт 450-иад ажиглагч ажиглах эрхээ авсан. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 20 гаруй сурвалжлагч, дотоодын 413 сурвалжлагч сурвалжлах эрхээ аваад байгаа юм. Сонгуульд оролцож байгаа нам эвсэл нэр дэвшигчдийн ажиглагчид мөн адил эрхээ аваад байна” гэв. Цааш нь хэлэхдээ “Иргэд санал авах байранд иргэний цахим үнэмлэхийн хамт очих шаардлагатай бөгөөд энэ жил сонгогчийн үнэмлэхийг ашиглахгүй” гэлээ.

Харин Улсын бүртгэл мэдээлэл, статистикийн газрын дарга С.Мэндсайхан “2016 оны зургаадугаар сарын гуравны байдлаар сонгуулийн насны нэг сая 912 мянга 901 сонгогч байна. Үүнээс 85 мянга орчим иргэн гадаадад түр хугацаагаар ажиллаж, суралцаж байна. Мөн тодорхой тооны иргэд болон саатуулагдсан баривчлагдсан иргэдийг “түр хасав” гэж тэмдэглэсэн байгаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, эрхзүйн чадамжтай, оршин суух хаягтай иргэнийг сонгуулийн насны иргэн гэж үзэж байна. 2016 оны сонгуульд нэг сая 910 мянга 878 үндсэн сонгогч, 84 мянга гаруй иргэн “түр хасав” тэмдэглэгээтэй сонгуульд оролцох юм. Дашрамд “түр хасав” тэмдэглэгээтэй иргэн цахим үнэмлэхийн хамт цахим санал авах байранд очиж сонгуульдаа оролцох боломжтой” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрээр “Сонгуулийн хуулийн дагуу сонгогч шилжиж өөр газар саналаа өгөх боломжтой. Энэхүү шилжилт хийлгэсэн иргэдийн тоогоор дараахь аймгууд тэргүүлж байна. Үүнд Архангай 1341 сонгогч, Баянхонгор 2261 сонгогч, Увс аймагт 3300, Хөвсгөл аймагт 2985 сонгогч шилжиж очсон байна. Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт 1900 сонгогч, Увс аймаг руу шилжсэн 2277 иргэн зөвхөн 33 дугаар тойрогт, Хөвсгөл аймгийн тухайд 1100 иргэн 37 дугаар тойрогт , 1900 нь 39 дүгээр тойрогт шилжиж очсон” гэсэн мэдээллийг өглөө.

Б.НАРАНЧИМЭГ