Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун санал
авах байруудын бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал авах байруудад ажиллах ахлах зохион байгуулагч нарт семинар зохион байгуулж, санал авах байруудын бэлтгэл ажилтай танилцаж байна.
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 924629 сонгогч 9 дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх юм. Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллана.
Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулж, хууль зүйн хариуцлагыг хүлээж, санал авах байрны эцсийн шийдвэр гаргагч юм. Тийм учраас ахлах зохион байгуулагч нарыг бусдын эрхшээлд оролгүй, хуулийн дагуу хатуу чанга ажиллах ёстойг анхааруулж, зөвлөмж өгөн ажиллаж байна. Ерөнхийдөө санал авах байрууд ихэнх нь бэлэн болсон. Гэтэл зарим хорооны Засаг дарга нарын хариуцлагагүй байдлаас болж хэд хэдэн санал авах байрны бэлэн байдлыг хангаагүй, чухал баримт материалыг сейфэнд хадгалаагүй ил байлгах зэрэг зөрчил харагдаж байна. Дүүрэг, хорооны Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ санал авах байрыг бэлэн болгох хуулиар хүлээсэн шууд үүрэгтэй. Гэвч зарим нь үүргээ биелүүлэхгүй байна. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй байвал арга хэмжээ авах хуулийн заалт бий” гэлээ. Мөн санал авах байруудыг яаралтай бэлэн болгохыг дүүрэг, хорооны Засаг дарга нарт үүрэг болгов.
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу 06 сарын 28-ны өдрийн Мягмар гарагт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00-20:00 цагийн хооронд болно. Хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм. Үүнд:
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
- Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.
Нийслэлийн иргэд Та бүхэн 06 сарын 29-ний өдөр буюу Лхагва гарагт 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж саналаа өгнө. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Нийслэлчүүд Та бүхэн санал өгөх байраа
http://cityelection.ulaanbaatar.mn/index.php/nith цахим хуудаснаас мэдэх боломжтой. Мөн 1800-1617 утаснаас үнэгүй лавлана уу.