Categories
мэдээ цаг-үе

Б.Цэнгэллхам: Мьянмарчууд Монголын ардчилалд шилжсэн үйл явц, туршлагаас суралцах сонирхолтой байдаг

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Цэнгэллхамтай ярилцлаа.

-Монгол, Мьянмар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тохиолдуулан манай улсын Ерөнхийлөгч эдгээр өдрүүдэд тус улсад айлчилж байна?

-Манай улс Мьянмар буюу Бирмтэй 1956 оны есдүгээр сарын 29-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон байдаг. Монгол Улсын Гадаад харилцааны төв архивт байгаа мэдээллээр манай хоёр улс дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу 1956 оны долдугаар сард Ардын хувьсгалын 35 жилийн ойд Бирмийн Ерөнхийлөгчийн биет төлөөлөгчөөр БНХАУ дахь Элчин сайд У Ла Маунг ирж оролцсон байдаг. Мөн Бирмийн Ерөнхий сайдын орлогч тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1957 оны арванхоёрдугаар сард Монголд албан ёсны айлчлал хийж, уг айлчлалын төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэл гарган, манай улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхийг Бирмийн Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэсэн байдаг нь түүхэнд үлджээ. Мөн 1957 онд Монголд болсон газар хөдлөлтөөс учирсан хохирлыг арилгахад Бирмийн Засгийн газар 50 тонн цагаан будаа хандивлаж байсан байна.

Монголын талаас 1976 онд Гадаад хэргийн сайд Л.Ринчин, 1969, 1984 онд орлогч сайд Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бирмд албан ёсны айлчлал хийж байсан. Түүхэнд Бирмийн дотоод улс төрийн байдал, газар нутгийн алслагдмал байдал, эдийн засаг, санхүүгийн чадавхиас шалтгаалан хоёр орны харилцаа өргөжин хөгжих боломж хязгаарлагдмал явж ирсэн ч сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц байдлаар идэвхжин хөгжиж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Улс 2010 оноос Мьянмарт дахин өрнөсөн ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжих байр суурь баримталсан нь шинэ цагийн хоёр талын харилцааны хөгжлийн үндэс болсон гэж үзэж болно.

Үүний тод жишээ нь 2013 онд манай улсад зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон явдал болсон. Улмаар 2013 оны арваннэгдүгээр сард манай улсын Ерөнхийлөгч Мьянмарт, 2015 оны зургадугаар сард Мьянмарын Ерөнхийлөгч манай улсад анх удаа тус тус айлчилсан. Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад хоёр дахь удаагаа айлчиллаа.

-Мьянмарыг Бирм гэдгээр нь манайхан илүү мэддэг. Чухам юуны учраас улсынхаа нэрийг өөрчилсөн юм бол?

-Юуны түрүүнд тус улсын нэршил, түүнийг тойрсон төөрөгдлийн тухай тайлбарлахад зайлшгүй дурдах ёстой нэг зүйл бол тэдний хэлний онцлог гэж би ойлгодог. Товчхондоо тэд өөрсдийгөө нэрлэж байгаа нэг адил нэрийг нь эхлээд барууныхан, улмаар дэлхий нийт янз янзаар сонсож бичиж хэрэглэж ирснээс дээрх нэрний олон хэлбэр үүссэн болов уу гэж бодож байна. Зөвхөн улсынх нь нэр төдийгүй маш олон үг гадаад хэлээр янз бүрээр бичигддэгийн нэг жишээ нь хуучин нийслэл Янгун-Рангун.

Нөгөө талаар, англи хэлээр “Burma” гэж бичигддэг улсын нэр нь Британийн колончлолын үеэс дэлхий нийт хэрэглэж хэвшсэн байсан нэршил боловч тус улсын засгийн эрхийг хүчээр авсан цэргийн Засгийн газар 1989 онд улсынхаа нэрийг албан ёсоор “Myanmar” буюу Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс гэж нэрлэхээр шийдсэн явдал нь тус улсын нэртэй холбоотой ойлгомжгүй байдал үүсгэсэн гол шалтгаан гэж хэлж болно. Цэргийн Засгийн газрыг нь хүлээн зөвшөөрөөгүй маш олон улс одоо ч хуучин нэрийг нь албан ёсны харилцаандаа өргөн ашиглаж байна. Мьянмар ч өөрсдөө аль алийг нь ашиглан харилцахыг эрс буруутгадаггүй.

Манай улсын тухайд тус улс өөрсдөө албан ёсны гэж үзэж буй Мьянмар хэмээх нэршлийг баримтлан албан ёсны харилцаандаа хэрэглэж байна. Нөгөө талаас уг нэр нь олон үндэстнээс бүрдэх тус улсын хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж буй бамарчуудыг ганцхан нэрлээгүй, Качин, Шань, Мон зэрэг бусад бүх жижиг үндэстнийг нь хамруулсан өргөн ойлголт учраас албан ёсны хэрэглээнд хамгийн оновчтой нь мөн гэж бодож байна. Гэхдээ монгол хэлэнд эртнээс хэрэглэж ирсэн Бирм хэмээх нэршлийг хэрэглэхэд ч буруу зүйл огт байхгүй болов уу.

-Мьянмар нь түүх, ёс заншил, шашин, соёл уламжлал гээд олон зүйлээрээ өвөрмөц газар. Тус улсын хувьд юугаараа олон улсад илүүтэй танигдсан юм бэ?

-Мьянмар нь маш өвөрмөц соёл, түүхтэй улс. Цөөн хэдхэн жишээ дурдахад Мьянмар нь эрт үеэс Британийн, дэлхийн II дайны үед Японы колончлолд байсан зэрэг нь тэдэнд тухайн үедээ эдийн засаг, дэд бүтцийн хувьд Зүүн өмнөд Азийн бусад улсаас түрүүлж хөгжих бололцоог олгосон түүх бий. Тухайлбал, өнөөгийн Сингапур улсыг үндэслэгч Ли Куан Ю гэхэд л 1959 оноос эхлээд тус улсаас хөгжлийн загвар судлуулахаар төрийн албан хаагчдаа олноор илгээн, өөрөө ч олон удаа Бирмд айлчилсан байдаг. Мөн Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Чи зэрэг олон алдартай иргэд нь тус улсыг дэлхийд таниулж байдаг гэж хэлж болно. 1961-1971 оны хооронд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан У Тант бол дэлхий дахинаа танигдсан бас нэгэн бирм хүн юм.

Харин 2012 оноос хойш ардчиллын үйл явц идэвхжиж, гадаадын иргэд харьцангуй чөлөөтэй зорчих боломж нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлал, бурхны шашны ариун дагшин сүм хийд, хөрөнгө оруулалтын боломж зэрэг нь тус улсыг зорих гол шалтгаан болж байна. Эдгээрээр Мьянмар дэлхийд дахин танигдаж эхлээд байна.

-Бирм гэхээр Нобелийн Энх тайвны төлөөх шагнал, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи санаанд буудаг. Энэ эмэгтэй улс орноо дэлхийд гаргаж ирж чадсан тэмцэгч. Аун Сан Су Чигүйгээр Бирмийг төсөөлөхийн аргагүй ч гэх нь бий?

-Үнэхээр тийм. Түүнгүйгээр, мөн түүний эцэг генерал Аун Сангүйгээр тус улсын нэгэн зууны түүхийг бичих ямар ч боломжгүй гэж хэлж болно. Түүний эцэг нь Бирмийн коммунист нам, Татмадоу буюу Ардын армийг үндэслэгч нэгэн байсан бөгөөд тэрээр 1947 онд бага охин Аун Сан Су Чиг хоёр настай байхад бусдад буудуулан амь үрэгдсэн байдаг. Гэтэл эцгийнх нь байгуулсан Татмадоу охиныг нь 1988 оноос 2012 он хүртэл гэрийн хорионд суулгасан нь бас хувь заяаны сонин тохиолдол гэж хэлж болно. Гагцхүү эцэг, охин хоёрын нийтлэг зүйл нь өөрсдийн амьдарч байсан тухайн цаг үедээ үндэстнийхээ төлөө зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд сэтгэн тэмцэж, үнэт зүйлсээ зольсон хүмүүс юм. Өдгөө 70 нас хүрсэн түүнд эмзэг нөхцөлд байгаа улсаа сэргээн босгох, өмнөх дэглэмийн олон жилийн дарангуйлал, зөрчлийг зөөллөх чангахан сорилт тулгарч байгаа.

-Мьянмарын хувьд ямар салбар нь улс орных нь эдийн засгийг чирч явдаг юм бэ. Тус улсад гадныхны хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгаа гэсэн?

-Байгалийн баялаг ихтэй улс учраас байгалийн хий, загас агнуур, ой мод бэлтгэл өмнөх дэглэмийн эдийн засгийн гол тулгуур болж байсан мэдээлэл байдаг. Гэхдээ уламжлалт эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуйн салбар байсан. Байсан гэж хэлж буй нь цагтаа цагаан будааны экспортоор дэлхийд тэргүүлж байсан хөдөө аж ахуйн салбар нь өнөөдөр хүнд байдалд орж, дэлхийд тэргүүлэх нь битгий хэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж дийлэхгүй түвшинд унаад байгаа. Гэвч энэ улсад ажиллах хүч, таатай цаг агаар, далайн тээврийн ашигтай байрлал гээд хөгжлийн хамаг л суурь нөхцөлүүд бий учраас богино хугацаанд хөгжих бололцоо маш өндөр. Тиймдээ ч БНХАУ, Япон, Сингапур, Австрали, АНУ, Энэтхэг зэрэг улсуудаас хөрөнгө оруулалт эрчтэй орж байна.

Жишээ нь Япон, БНХАУ-тай хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс, Тайланд, БНХАУ руу чиглэсэн нефть, байгалийн хийн дамжуулах хоолой зэргийг Мьянмар аль хэдийнэ бодитоор байгуулаад байна. Цаашид шинээр эмхлэгдэн байгуулагдсан ардчилсан засаг, одоо ч нөлөөтэй байгаа цэргийн хүчинтэйгээ хэрхэн харилцах, хойд хэсэгт нь өрнөж буй иргэний дайны нөхцөл байдал намжих эсэх нь эдийн засгийнх нь хөгжлийн хандлагыг тодорхойлох байх.

-Тус улс эдийн засгаараа бүс нутаг болоод Азидаа ямархуу байр эзэлдэг юм бол?

-Зөвхөн нэг хүн амд ноогдох ДНБ-ий үзүүлэлтийг нь харвал Мьянмар бол маш ядуу улс. АСЕАН-ын улсууд дотроо эдийн засгийн хөгжил хамгийн сул орон гэж хэлж болно. Энэ нь олон улсын эдийн засгийн хоригтой шууд холбоотой. Мөн тус улсын дотоод эдийн засаг сул дорой байгаагийн үндсэн шалтгааныг баялгийн тэгш бус хуваарилалт гэж шинжээчид тайлбарладаг.

Гэхдээ өмнө дурдсанчлан 50 гаруй сая хүн амтай, газарзүй геополитикийн ашигтай байрлалтай энэ улсын эдийн засгийн бүс нутагт гүйцэтгэх үүрэг, нөөц бололцоо асар их гэж харж байгаа учраас хэдийгээр дотоодынх нь нөхцөл байдал бүрэн гүйцэд таатай болоогүй байгаа ч боломжоос хоцорч болохгүй гэсэндээ маш олон улс анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Тодруулбал, 2012 оноос хойш эдийн засаг нь долоо орчим хувийн дундаж өсөлттэй Зүүн өмнөд Азид нэгдүгээрт байгаа бол 2016, 2017 онд ч дунджаар 8.5 хувьтай өсөх урьдчилсан таамаглал бий.

-АНУ зэрэг томоохон гүрнүүд тус улсад онцгойлон анхаарал хандуулж төрийн тэргүүнүүд нь үе үе айлчлал хийдэг. Энэ нь улс төрийн хувьд ямар учир холбогдолтой гэж та судлаач хүний хувьд үздэг вэ?

-Өмнө хэлсэнчлэн газар зүй, геополитикийн ашигтай байрлал нь их гүрнүүдийн тус улсын нутаг дэвсгэрт нөлөөгөө тогтоох санаархлыг эртнээс төрүүлж ирсэн байдаг. Он удаан жилийн Британийн колончлолын дараа Японы арми тус улсад өөрсдийн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлж, түүхий эд, тээврийн түшиц газраа болгон ашиглаж байсан нь сонирхолтой түүх. Өнөөдөр ч ялгаагүй тус улсын нутаг дэвсгэр дээгүүр БНХАУ байгалийн хий, нефтийн дамжуулах хоолойг өөрийн улсын Юннан муж руу холбон бариад байна. Энэ нь олон улсын харилцаа судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Ер нь Зүүн өмнөд Ази, Ази Номхон далайн бүс нутаг нь дэлхийн томоохон их гүрнүүдийн худалдаа эдийн засаг, тээвэр, аюулгүй байдлын нийтлэг эрх ашиг огтлолцон оршиж байдгаараа онцлогтой юм. Энэ үүднээс Мьянмарт бий болсон БНХАУ-ын эдийн засгийн эрх ашиг, түүнд хандах АНУ, Энэтхэгийн байр суурь яах аргагүй судалгааны сонирхолтой чиглэл.

-Мьянмар улсын зүгээс манайхтай эдийн засгийн хувьд харилцахдаа аль салбарыг түлхүү сонирхдог юм бол. Эсрэгээрээ манай улсын хувьд Мьянмартай харилцах нь эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-Манай хоёр улсын тухайд бодит эдийн засгийн харилцаа хараахан хөгжөөгүй байна. Үндсэндээ байхгүй гэж хэлж болно. Гэхдээ манай улсын зүгээс 2013 онд Монголын компаниудад шинэ зах зээл нээх, гадаадад хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гийнхаа үйл ажиллагааны хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай анхаарал тавин ажиллаж буй нь сайшаалтай хэрэг юм. Мөн уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой. Мьянмарын зүгээс манай улсын ардчилалд шилжсэн үйл явц, туршлагаас суралцах сонирхолтой байдаг бөгөөд 2013 оноос хойш шат шатны холбогдох төрийн байгууллагын албан хаагчид нь манай улсад энэ асуудлаар ирсэн байдаг.

Эцэст нь нэг сонин баримт дурдахад Юань гүрний үед монгол цэрэг Бирмийн нутаг дэвсгэрт хөл тавьж байсан ул мөр одоо ч Баган хотод хадгалагдан байдаг гэнэ лээ. Энэхүү түүхэн баримтаас санаа авбал, магадгүй БНХАУ-аар дамжин Мьянмар улсыг бид Африк, Арабын улсуудтай хийж буй, ирээдүйд хийж болох худалдааны тээврийн зам гэдэг агуулгаар илүү нарийвчлан судлахад гэмгүй болов уу гэж үзэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *