Categories
мэдээ цаг-үе

Цахим сэтгүүлзүйн шантааж

Цахим мэдээллийн хэрэгслийнхний бусдыг дарамталдаг, нэр төрд нь халддаг, их хэмжээний мөнгө нэхэмжилдэг үйлдэл хэрээс хэтэрч байгаа талаар албаны эх сурвалж онцлов. Цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс мэдээллийн сайтуудын хууль бус үйлдлийн талаарх гомдол тасрахаа больсон гэнэ. Тухайлбал, Өнгөрсөн гуравдугаар сард нэгэн агентлагийн дарга гомдол ирүүлжээ. Нэр бүхий мэдээллийн сайтын ерөнхий эрхлэгч гэх эмэгтэйгээс “Таны хууль бус үйлдлийн талаар баримт байна. Тантай уулзах гэсэн юм” гэж утас руу нь мессэж ирсэн байна. Ингээд уулзсан. Хууль бус үйлдлийн талаарх баримт гээд надтай огт холбоогүй зүйлсийн талаар ярьж, их хэмжээний мөнгө өгвөл энэ талаар нийтлэхгүй байж болно” гэх утга бүхий зүйлс ярьсан. “Чиний яриад байгаа асуудал чинь надад огт хамаагүй. Огт хамаагүй асуудалд яагаад би холбогдох ёстой гэж. Би чамд тийм их мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. Гэтэл гарахдаа “Танд үзүүлээд өгнө. Миний мэдэлд таван сайт байгаа. Мөн хэдэн мянган лайктай цахим хуудас ч байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөмбөгдөөд өгөхөөр таныг эргээд гуйгаад ирэхгүй байхыг чинь харна аа” гээд хаалга саваад оджээ. Удалгүй мэдээллийн таван сайт дээр нөгөө яриад байсан мэдээлэл нь гарсан байна. Нийгэм даяар ч шуугиан тарьжээ. Сайтууд дээр гарсан мэдээллийн сэтгэгдэл дээр өнөөх агентлагийн даргыг “Хүүхэд байхдаа гэмт хэрэгтэн байсан. Эхнэр хүүхдээсээ салсан. Насанд хүрээгүй охидтой уулздаг” гэх мэтээр янз бүрээр муулж, хэл амаар доромжилсон сэтгэгдлүүд олноороо орсон байна. Хоёр өдөр болоод энэ бүх асуудал намдах байх гэж бодож байтал зурагт эвлүүлэг хийгдэж цахим ертөнцөд тарааж эхэлсэн байна. Мэдээллийн сайтуудаас гарсан эвлүүлэг зураг фэйсбүүк, твитерт шуугиан тарьж эхэлжээ. Ойр дотнын найз нөхөд, гэр бүлийн хүмүүс нь айж сандарч эхэлсэн байна. Бүр сүүлдээ “Үнэхээр чи мөнгө идсэн юм уу. Тэр ажлыг тэгж замхруулсан юм уу” гэж хүртэл асуух болжээ. Ойр дотнынхон хийгээд ажлынхан, найз нөхөд нь ч ийн хоргоож эхэлсэн нь цахим сайтынхан худал мэдээллээ үнэн болтол нь бөмбөгдөж байгаатай холбоотой байв. Хэсэг хугацааны дараа өнөөх мэдээ, материал арай өөр хэлбэрээр дахиад л сайтуудад тавигдаж эхэлсэн байна. Түүнийг “………. АТГ-т шалгагдаж байна. Эрүүгийн хуульд заасны дагуу тэдэн жил хоригдох ялаар шийтгүүлэх аж. Энэ хүн тэр хүний фракцын хүн юм байна. Хийсэн хэргээ нууж уснаас хуурай гарах гэж оролдож байна. Ард түмний татварын мөнгийг ингэж хувьдаа завшсан нь тогтоогдсон байна” гэх мэт мэдээллийг нь бараг сайт бүр хуулж тавьж эхэлсэн байна.

Агентлагийн дарга энэ бүгдэд тэвчээр алдаж сайтын ерөнхий эрхлэгч гэх эмэгтэйн утас руу залгасан байна. “Наад гүтгэлгийн чанартай худал мэдээллээ зогсоо. Яагаад ингээд байгаа юм. Та нарыг цагдаа, шүүхэд өгнө” гэсэн байна. Гэтэл өөдөөс нь “Та шүүхэд өгөөд нэр төрөө сэргээлгэж чадах уу. Одоо таныг нийгэм даяар үзэн ядаж байгаа. Анхнаасаа учраа олох байсан юм. Одоо ч оройтоогүй байна. Бидэнд таны талаар дахиад ч баримт байна” гэжээ. Ингээд дахиад л мөнгө нэхээд эхэлсэн байна. Учир зүйгээ олж чадаагүй учир цагдаад гомдол гаргасан байна. Цагдаа нар хэргийг шалгах үед өнөөх сайтын эрхлэгч эмэгтэй “Шүүхээр удахгүй гэм буруутай нь тогтоогдох байх. АТГ шалгаж байгаа. Бид мөнгө нэхэж дарамтлаагүй. Хамтран ажиллах хүсэлт тавьсан” гэж гүрийжээ. Цагдаа нар өргөдлийн дагуу уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ шалгалтын үеэр нэг өрөөнд долоон цахим сайтыг даргатайгаа нийлээд дөрвөн сэтгүүлч ажиллуулж байхтай ч таарчээ.

Энэ мэт мэдээллийн сайтуудтай холбоотой олон хэрэг, шүүх цагдаа дээр шалгагдаж байгааг эх сурвалж хэлж байлаа. Мөн нэр нөлөө бүхий хүмүүсээс мөнгө авахын тулд хувь хүнд огт хамааралгүй худал мэдээлэл цацдаг байна. Эзэн нь хэн болох нь тодорхой бус сайт дээр тавиад эх сурвалж тэр сайт гэж дурдаад мэдээллийг нь онцлох нүүрэн дээрээ байршуулчихдаг байна. Тэгж сайтууд нэгэн зэрэг мэдээллийг нь тавьж байгаад мөнгө авч устгадаг гэнэ. Мөн мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж үзэхгүй. Аль болох нийгэм даяар шуугиан тарих асуудалд илүү анхаарч, сонссон төдий зүйлийг мэдээлэл болгож, заримыг нь зохиодог. Мөн сайт руугаа олон хүн оруулахын тулд хувь хүний нууцад халдах, нүцгэн шалдан зураг, бичлэг зэргийг тавьдаг. Хамгийн сүүлд гэхэд Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч эмэгтэйн талаар нууц бичлэгийг тавьж шуугиан тарьсан. Үүнээс болоод нэр бүхий таван сайт хаагдаад байгаа. Улстөрч болоод олны танил хүмүүсийн талаарх гарсан мэдээллийн дор доромжилсон сэтгэгдэл бичдэг хүмүүс бий болоод байгаа. Цагдаа нар бусдаас мөнгө авч сэтгэгдэл бичдэг хэд хэдэн бүлэглэлийг шалгаж эхэлжээ. Удахгүй хэн мөнгө төлж захиалгат сэтгэгдэл бичдэг байсныг илрүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авч эхлэх талаар эх сурвалж онцолж байв. Сайтууд олон хүн оруулахын тулд олны танил хүмүүс амиа алдсан гэх худлаа эмгэнэл тавьдаг. Мөн гадаадад гарсан гэмт хэргийг монголд гарсан мэт ойлголт өгөхөөр гарчиг өгч, сошиалд тараадаг гээд мэдээллийн үнэн бодит байдал талаар ярих ч юм биш.

Үүнээс гадна сайтын эрхлэгчид хэд хэдээрээ нэг баг болоод холбоо байгуулдаг. Ингээд төрийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ хийдэг. Мөн бөөнөөрөө нэг мэдээллийг тавьж, дундаас нь ашиг олдог бүлэглэл хэлбэрт шилжсэн байдаг байна. Хэрэв “Та мөнгө өгөхгүй бол манай тэдэн сайт дээр яг одоо гарлаа” гэж сүрдүүлж, айлгадаг байна. Тэд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаргаж өгөх, мөн дарга нарынх нь талаар таагүй мэдээлэл албаар гаргах, түүнийг нь устгаж өгөх нэрийдлээр нэр олох ажлуудаа ч амжуулдаг байна. Тэгээд цагдаа, шүүх дээр шалгагдахаар нэр нөлөө бүхий дарга нараар яриулж холбогдсон хэргээ хэрэгсэхгүй болгох талаар ажиллаж эхэлдэг тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Гомдол гаргасан хүнийг “Та ийм олон сайттай муудалцаж яах гээд байгаа юм бэ. Дараа нь өөр ажилд томилогдож очиход чинь энэ мэдээллүүд гай болно” гэж хүртэл сэтгэл зүйд нь нөлөөлдөг аж. Ингээд сайтын эрхлэгчдийн дур зоргоороо нэхсэн их хэмжээний мөнгийг өгөөгүйнхээ төлөө хэн нэгэн албан хаагч, дарга, бизнес нь амжилттай яваа иргэн насан туршдаа хийгээгүй хэргээр яллагдаж, гэмт хэрэгтэн шиг амьдардаг байна. Хамгийн сүүлд гэхэд төрийн өмчит үйлдвэрийн дарга нарын цалин, байр машин эдэлж хэрэглэж, байгаа зүйлсийн талаар сайтуудаар гарч шуугиан тарьсан. Тус үйлдвэрийнхэн сайтуудын холбоодтой онц их хэмжээний мөнгөөр гэрээ хийсэн нь ил болж, санхүүгийн шалгалтаар тогтоогдсон байна. Монголын цахим сэтгүүлзүйд бусдыг айлгах сүрдүүлэх, арганд нь орохгүй бол “гэмт хэрэгтэн” болгодог ийм нэгэн технологи бий болоод уджээ. Энэ үйлдлийг таслан зогсоох талаар огт арга хэмжээ авахгүй байгаа нь цахим сэтгүүлзүй нэрийн дор бусдыг дарамталж байгаа этгээдүүдийг улам бүр өөгшүүлж байна.

САЙТУУД СЭТГҮҮЛЗҮЙ ГЭДЭГ ЮУ БИЛЭЭ, ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ ГЭДГИЙГ ОРХИГДУУЛЖ БАЙНА

Монголын цахим сэтгүүлзүйд ийм нэгэн технологи бий болжээ. Энэ үйлдлийг таслан зогсоох талаар огт арга хэмжээ авахгүй байгаа нь цахим сэтгүүлзүйн нэрийн дор бусдыг дарамталж байгаа этгээдүүдийг улам бүр өөгшүүлж байна. Цахим сэтгүүлзүйн ёс зүйн үйлдлийн талаар МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатартай ярилцлаа.

-Цахим сэтгүүлзүйгээс болоод Монголын сэтгүүлзүйн нэр хүнд унаж байна гэж яригдах боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Цахим сэтгүүлзүй олон давуу тал авчирсан гэж хэлж болно. Хурд, эргэх холбоо, иргэний сэтгүүлзүйд оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гээд сайн тал олон бий. Гэхдээ үүнийгээ дагаад сөрөг зүйл яваад байна. Сэтгүүлзүй цахим ертөнц, хүмүүсийн ам дамжин ярьдаг яриа болон бусад мэдээллээс юугаараа ялгардаг вэ гэхээр мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан, редакторлосон мэдээлэл байх ёстой. Товч бөгөөд тодорхой хэлбэл итгэж болох мэдээлэл байх ёстой юм. Итгэж болох мэдээлэл гэдэг маань мэргэжлийн редакци ажиллаж байдаг, дөрвөн үе шатыг дамжаад боловсруулагдаад редакторлогдоод ирсэн үнэн бодит байдлыг хангасан мэдээлэл. Үүнийг л сэтгүүлзүйн мэдээлэл гэдэг юм. Цахим сэтгүүлзүй бий болсноос хойш сэтгүүлзүйг хэт их хялбарчилсан байдал бий болчихлоо шүү дээ. Хуулиар хэн ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрхлэн гаргах эрхтэй. Гэтэл энэ технологийн ололт, боломжит байдлыг ашиглаад хэн хүнгүй энэ салбар руу ороод ирсэн. Сэтгүүлзүй өөрөө мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүй, сэтгүүлзүйн стандартад тохирч нийцсэн мэдээлэл нийлүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Гэтэл үүнийг үл хэрэгссэн байдал бий болсноос сэтгүүлзүйн чанарт нөлөөлчихсөн. Энэ бүгдээс үүдээд сэтгүүлзүй худал, хуурмаг, итгэж болохгүй, сошиал ертөнцөөс ялгарах юмгүй байдал үүсчихлээ. Цахим сэтгүүлзүйн хөнгөн хуумгай байдал, хэм хэмжээ дүрэм журам, мэргэжлийн сэтгүүл зүй гэсэн гол зарчмыг огоорсон байдлаас болоод сэтгүүлзүйн нэр хүнд унаад байна.

-Сайтууд хүнийг дайрч, доромжлох, гүтгэх байдал хэрээс хэтэрчихсэн. Хүнийг нийгэм даяар үзэн ядуулах ажлыг сайтууд хийж байна гэж ярьдаг. Энэ талаар?

Цахим сэтгүүлзүй яах ёстой вэ гэхээр бусад сонин, телевиз, радиод тавьдаг бүх шаардлагыг адилхан тавих ёстой. Зөвхөн зоосны нүхээр хараад энэ салбар руу хүч түрэн ороод ирсэн хүмүүс сэтгүүлзүй гэдэг юу билээ. Ямар үүрэгтэй билээ гэдэг зүйлийг орхигдуулаад байгаа юм. Энэ нь өөрөө ийм байдалд хүргээд байгаа. Сэтгүүлзүй нэг талаар бизнес мөн. Гэхдээ нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг. Ёс зүйтэй, хариуцлагатай, өвөрмөц бизнес шүү дээ. Бид цахим сэтгүүлзүйн муу муухайг нь дуудах, болохгүй болгоныг нь илрүүлэх гээд байгаа юм биш. Цахим сэтгүүлзүйн гажуудал салбараа татаж унагаж, бүхэлд нь үгүй хийж, сошиал ертөнцөөс ялгарахгүй байдалд оруулж байгаа учраас ярихаас өөр арга алга. Цахим ертөнцийн давуу тал өөрөө эргээд сул тал ч болж байна. Хүнийг гүтгэх, доромжлох хэрэгсэл болчихлоо. Тэгэхээр цахим сэтгүүлзүйд зайлшгүй зохицуулалт хэрэгтэй. Хүний нэр хүндэд халдаж, гүтгэж доромжиллоо гэхэд эргээд засаж залруулж болохгүй асар хүчтэй зэвсэг. Тийм учраас иргэд ийм хэрэгслийн золиос болох ёсгүй. Нийгэм, төр засаг, сэтгүүлзүй иргэнээ хамгаалах ёстой биз дээ. Улс үндэстний хамгийн үнэт зүйл нь иргэн. Тэгэхээр иргэнээ хамгаалах зайлшгүй шаардлагатай болж байна. Яаж хамгаалах вэ гэхээр зохицуулалтаар хамгаалах ёстой. Бусад бүх орон цахим сэтгүүлзүйд зохицуулалт хийж байна. Үүний жишгээр явах ёстой. Монголын цахим сэтгүүлзүйд одоогийн байдлаар мэдээллийн доод талд таагүй сэтгэгдэл бичвэл устгана гэх мэт бага зэргийн зохицуулалт хийгдэж байгаа. Энэ нь маш хангалтгүй зохицуулалт. Цахим сэтгүүлзүй хэмээх хүчирхэг зэвсгийг бид анхнаас нь зөв суурь зохицуулалтаар хөгжүүлэх ёстой.

Г.Ганзориг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *