МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян МАН-ын талаар ноцтой баримт дэлгэлээ. Тэрээр энэхүү бичлэг нь тодорхой, нэр хаяггүй хүнээс ирсэн гэв. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын талаарх ноцтой бичлэгт нь ямар асуудлыг ярьсан юм бэ?
-МАН-ын дарга М.Энхболд болон намынх бусад албан тушаалтнуудын нууц яриа байгаа. Тэд сонгуулийн үеэр мөнгө яаж босгох вэ, сонгуулийн дараа нь яаж албан тушаал хувиарлах вэ гэдгээ ярьсан байна. Жишээ нь, нийслэлийн сонгуулийн дараа нийслэлд албан тушаалыг хувиарлах замаар 60 тэрбум төгрөг босгоно гэж танилцуулж байна. Сонгуулийн хуулиар тогтоосон зардлын дээд хэмжээг бараг 10 гаруй дахин нэмэгдүүлсэн мөнгийг зөвхөн нийслэлээс босгох тухай яриа энд байна.
МАН-ынхан бид ялна гэж өөрсдөө итгэлтэй ярьж байсан. Цаад зорилго нь албан тушаалын наймаа, авлигын асар том сүлжээг ингэж хийдэг байдаг юм байна. Сонгуулийн үеэр гаргаж байгаа зардал, олон хүнийг ажиллуулж байгаа цалин, худал үнэн, муу, муухай юм яриулж байгаа мөнгийг Монгол Ардын намынхан ийм аргаар олдог юм байна. Бид ийм муухай төрд шигдсэн авлигал, мафийн сүлжээг таслан зогсоож, өөрчилсөн шиг өөрчлөх хэрэгтэй.
-Энэ бичлэгийг олон нийтэд цацчихлаа. Хуулийн талаас нь ямар арга хэмжээ авах вэ. Хуулийн байгууллагад хандсан уу?
-Харамсалтай нь иймэрхүү бохир аргаар цугласан мөнгөний эсрэг бидний хүч хүрэхгүй байна. Цаашлаад ухаад үзвэл ямар албан тушаал, ямар үнэд хүрсэн тухай, хүмүүсийнхээ нэрийг яаж байршуулах вэ гэдэг бичлэг байгаа байх. Хууль хүчний байгууллага нь шалгах байх. Хэрэв үнэхээр бохир аргаар мөнгө цуглуулдаг, тэрийгээ наймаалцдаг, тэр мөнгөө сонгуульд хэрэглэж байгаа бол энэ нь өөрөө төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж бодож байна. Тиймээс би энэ бичлэг, холбогдох бичлэгийг хууль хяналтын байгууллагад өгнө. АТГ-т мөн өгч шалгуулна. Бүх яам, агентлагийг бүтцээр нь зураад нэг хүн таван хүнийг ардаа авна, тэр болгоныг мөнгөөр үнэлнэ гэж ярьж байгаа нь бичлэгнээс тодорхой байна. Тиймээс бид үүнийг олон нийтэд зайлшгүй тараах ёстой гэж үзэж байгаа юм. Хууль хүчний байгууллагаар шалгуулах ёстой. Монголын улс төрд ийм намууд, ийм намын удирдлага байж болохгүй гэж үзэж байгаа учраас олон нийтэд дэлгэж байна.
-Сонгууль дуусахад хэдхэн хоног үлдэж байна. Өрсөлдөгч рүүгээ чиглэсэн сөрөг мэдээлэл, пи ар их гарч байгаа. МАН-ынхан сонгуулийн сөрөг пи ар гэж үгүйсгэж магадгүй юм?
МАН болон толгойд гарсан удирдлагуудын дүр төрх нь ийм байна гэдгийг олон нийтэд дэлгэлээ. МАХН, МАН хоёрын салсан шалтгаан нь ч энэ. МАН-ын толгой дээр авлига, албан тушаалын наймаа олигархуудын бүлэглэл очоод суучихсан юм. Тэгэхээр ардын намын гишүүд дэмжигчид энэ бичлэгийг үзээд бодит байдлыг ойлгож байгаа байх. Энэ удаагийн сонгууль шударга болох болтугай. Ардын нам авлигын мөнгөөр сонгуулиа хийдэг, гарч ирээд авлигын сүлжээгээ бий болгодог гэдэг нь тодорхой харагдаж байна.