“Өдрийн сонин”-оос удахгүй болох баяр наадмын бөхийн таавар ямар байх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бөхийн мэргэжилтнүүд, бөх судлаачид, ахмад бөхчүүдийн саналыг сонслоо. Тэд энэ жилийн наадамд 1024 бөх зодоглохоороо ихээхэн онцлог болно гэдгийг юуны өмнө дурдаж байлаа. Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн сар шинийн барилдаанаас хойш өнөөдрийг хүртэл найман удаагийн томоохон барилдааныг зохион байгуулаад байгаа аж. Эдгээр барилдаанд өнгөлсөн, сайн барилдсан, хамгийн сайн бэлтгэлтэй байгаа бөхчүүдийг наадамд тун дээгүүр барилдана гэсэн таамгийг дэвшүүлж байв.
Мөн улсын арслан Л.Сосорбарам, Ж.Хайдав, Улсын засуул Р.Самдилдондов, бөх судлаач Ш.Мягмар, Улсын начин гавьяат дасгалжуулагч Г.Пүрэв-Очир, бөх тайлбарлагч С.Гантөр, бөх сонирхогч Түмэндэмбэрэл, Наранбаатар нар өөрсдийн таамгийг дэвшүүлж, өнөө жилийн наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүдийг нэрлэсэн юм. Хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй тэмдэглэлийг “Өдрийн сонин” маргаашийн дугаартаа бүрэн эхээр нь хүргэх болно.