Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элсэлтийн шалгалтын хариу тараасан этгээдийг олж, шалгуулах хүсэлт гаргав

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаварын хариу тарсан хэмээн яригдах болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг, Нийслэлийн 113 дугаар сургуулийн 12А ангийн сурагч Г.Мандах нарын төлөөлөл бүхий хүмүүс цугларч мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Шинэ зуун” сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг “ЭЕШ-ын явцад тест тарсан, хариу задарсан зэрэг мэдээлэл өмнөх жилүүдэд ч гардаг байсан. Гэвч үүнийг би худал мэдээлэл, тест задрах ямар ч боломжгүй гэдгийг хүүхдүүддээ байнга хэлдэг. Гэтэл энэ жилийн математикийн шалгалтын дараа нэг шавь маань тестийн хариу аль хэдийнэ задарчихсан байна.

Зарим хүүхдүүд шалгалтаа өгч гарч ирээд ийм амархан байсан юм уу гээд инээлдээд ярьж байна гээд уйлаад залгасан. Тэгээд надад фэйсбүүк мессенжерээр бар код явуулсан юм. Энэ нь ямар учиртай юм бэ гээд Б хувилбарын даалгаврыг нь бодоод үзсэн чинь тухайн бар кодон дээр байгаа хариу нь яг таарч байсан. ЭЕШ-ын С хувилбарын бодолтыг нь хийгээд үзэхээр бар кодон дээрхи тооны нэг нь л зөрсөн. Бусад нь бүгд таарсан. А хувилбар нь хоёр л зөрсөн. Тиймээс холбогдох байгууллагууд шалгалт явуулж бар кодыг хэн тараасан болохыг илрүүлээд өгөөч” гэв. Түүнчлэн сурагчид болон эцэг эхийн төлөөлөл ч мөн өөрсдийн зүгээс тайлбар хийв. Тэд мөн л Боловсролын үнэлгээний төвд хандан Эсэлтийн шалгалтын сэдэв даалгаврыг гадагш задруулж, худалдсан этгээдийг хууль цагдаагийн байгууллагаас шалгаж хариуцлага тооцохыг хүслээ.

113-р сургуулийн төгсөгч Г.Мандах: Шалгалтаас өмнө надад фэйсбүүкээр мэдээлэл ирсэн
Элсэлтийн шалгалт болохоос өмнө хүүхдүүдээс надад маш олон мэдээлэл ирсэн. Фэйсбүүкийн найзууд над руу чат бичээд улсын шалгалтын хариу авах уу, зарж байгаа гэж байсан. Би тухайн үед огт итгээгүй. Худлаа мөнгө олох гэсэн хүмүүс байх гэж бодсон тэгээд ч хариу задрах ямарч боломжгүй гэдэг ойлголттой байсан юм. Гэтэл химийн шалгалтанд орсон хүүхдүүд хариу нь таарч байна, 800 оноо авсан байх гэж хоорондоо ярьж байсан. Тэгэхээр нь мөнгө олоод шалгалтын хариу худалдаад авчих юмсан гэсэн бодол ч төрсөн. Одоо бол итгэл алдарчхаад байна. Миний олон жилийн хичээл зүтгэл, багш нарын минь хөдөлмөр, ээж аавын минь итгэл найдвар алга боллоо. Миний ижил олон хүүхдийн мөрөөдлийг хэдхэн төгрөгийн төлөө худалдчихаж байгаад үнэхээр харамсаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *