Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга доктор, профессор Н.Лүндэндорж, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн шүүхийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцож, 2016 оны 3-4 дүгээр саруудад Монгол Улсын шүүхийг цогцоор нь судалсан судалгааны дүнг танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж “Монгол Улс сүүлийн 25 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн. Гэхдээ энэ хугацаанд шүүхийн талаар ямар нэгэн хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсангүй. Шүүхийн шинэтгэл хэрэгжсэнээс хойш анх удаа олон улсын хөндлөнгийн байгууллагаар шүүхийн талаар хөндлөнгийн цогц судалгаа хийлгүүллээ. Дэлхийн улс орнууд энэ судалгааг хийлгэхдээ нэлээд болгоомжилдог юм байна. Учир нь судалгааны дүнд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй учраас үр дүн нь яаж гарах бол гэдгээс эмээдэг. Харин бид эмээсэнгүй. Монголын улсын шүүхийн бодит нүүр царайг хөндлөнгөөс харъя гэж зориуд хийлгэлээ” хэмээн хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо.
ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, доктор Кристиан Гласс “Улс орны эдийн засгийн суурийн гол хүчин зүйл нь шүүх эрх мэдлийн тогтвортой байдал юм. Шүүх эрх мэдлийн тогтвортой байдал нь иргэдийн эрх тэгш байдалд амьдрах боломжийг хангахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл болдог” гэдгийг онцлоод судалгааны дүнг танилцууллаа.
Энэхүү судалгаа нь Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлд шүүхийн тогтолцооны иж бүрэн, бодит, хөндлөнгийн үнэлгээг хийж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж, саналыг дэвшүүлснээрээ шүүх эрх мэдлийн онцлох томоохон үйл явдлын нэг юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан эхлүүлснээр 3 дахь жилдээ хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлд олон улсын түвшинд нэг мөр хариулт өгч байгаагаараа өндөр ач холбогдолтой.
“Монгол улсын шүүхийн цогц зураглал” судалгаа нь олон улсын жишиг, стандартад суурилж шүүхийн тогтолцоог бүхэлд нь судалж хараат бус, хөндлөнгийн мэргэшсэн баг(Judicial Integrity Group) үнэлгээ хийдэг байна.
– Шүүхийн хараат бус байдал – Independence
– Төвийг сахисан шүүх эрх мэдэл – Impartiality
– Шүүгчийн ёс зүй – Integrity
– Шүүгчийн зохистой байдал – Propriety
– Тэгш эрхийг эрхэмлэх – Equality
– Хичээл зүтгэл, чадвар – Competence and Diligence гэсэн шалгуурын хүрээнд судалгааны багийнхан Хууль зүйн яам, 3 шатны иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хуульчдын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэвлэл мэдээллийн төлөөллүүдтэй уулзалт, ярилцлага хийж, асуулга явуулж, шүүхүүдийн үйл ажиллагааны бодит байдлыг газар дээр нь шинжлэн судалсны үндсэн дээр нарийвчилсан дүгнэлтүүдийг хийсэн байна.
Юун түрүүнд:
-Монгол Улсын шүүхийн шинэтгэл нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна.
-Шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэсэн товч дүгнэлтийг тодотгожээ.
Шүүгчдэд хэрэг хуваарилах процесс ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр программд цаг хугацааны дарааллаар, тохиолдлын журмаар хуваарилагддаг нь шүүгчийн хараат бус байдлын том нотолгоо гэдгийг судалгаа онцолсны зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчдийн ур чадвар асуудалтай нь шүүн таслах ажиллагааг удаашруулах, улмаар өөр бүрэлдэхүүнээр хэргээ шийдвэрлүүлэх зорилгоор боломжуудыг олон өмгөөлөгч бодитоор ашиглаж байгааг дурджээ. Мөн өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсний хэмжээг зохицуулаагүй, өмгөөлөгчдийн хувьд сургалтын эрэлт хэрэгцээ өндөр гэж судалгаанд тодорхойлсон байна.