Калифорни мужийн Санта Барбарад сүүлийн дөрвөн өдрийн турш гал гарч 30 сая кв.метр талбай шатжээ. Гал унтраагчид өнгөрөгч лхагва гарагаас хойш гал унтраахаар ажилласны дүнд нийт галын 45 хувийг унтраагаад байгаа аж. Гэвч Санта Барбарагийн галын депогоос “Галын тодорхой хувийг унтраасан ч бид байдлыг бүрэн хяналтандаа авч чадаагүй байна. Цаашид галын температур улам ихэсч, илүү их талбайг хамрах аюултай байна” хэмээн сэрэмжлүүлжээ.
Гал сөнөөгчид гал унтраахын тулд нисдэг тэргээр их хэмжээний ус зөөвөрлөн асгаж байгаа аж. Гал гарсан хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, шаардлагатай тохиолдолд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж бэлэн байдалд ажиллаж байгаа тухай Санта Барбара хотын захиргаанаас мэдэгдлээ.