Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, тайлбарлалаа. Тэрбээр “Өчигдөр би бичлэгийг үзээд хэвлэлийн бага хурал хийнэ гэсний дагуу өнөөдөр мэдээлэл хийж байна. 2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Х.Бат-Ялалт надтай ирж уулзаад надад бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн.Энэ бичлэг миний төрсөн өдрөөр Г.Уянга гишүүн тоглож хийсэн бичлэг.Х.Бат-Ялалтыг явсны дараа би Г.Уянгатай утсаар ярьсан. Уянгаа “Би утсаа хулгайд алдчихсан. Энэ хэргээрээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа” гэсэн.
Би ч гэсэн цагдаагийн байгууллагад хандсан.Хэрэг үүсчихсэн байгаа. Хуулийн дагуу бол Х.Бат-Ялалт цагдаад очиж байцаалт өгсөн байх ёстой. Х.Бат-Ялалт надаас долоо хоног тасралтгүй мөнгө нэхсэн.Сүүлдээ “Ядаж сонгуулийн дараа өгье түр мөнгө зээлчих” гэсэн. Тэгээд би 50 сая төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. Зээлээ төлөхгүй бол насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн.
Би ажлын байран дээрээ вино ууж, тамхи татсандаа, ёс зүйн алдаа гаргасандаа ард түмнээсээ уучлалт гуйж байна. Би гадаадад оюутан байхдаа тамхи татаж сурсан, 20 жил тасралтгүй татаж байгаа тул тамхины хуулийг санаачлах хэрэгтэй юм гэсэн итгэл үнэмшлээр батлуулсан. Тамхины хууль санаачилсан ч тамхи татаж байгаа нь миний буруу юм.
Би энэ явдлыг маш нарийн эртнээс төлөвлөсөн явдал гэж харж байгаа. Учир нь Тосонбумын нурууг тусгай хамгаалалтад авахуулсан Оюунгэрэл та хоёр 50 тэрбумыг төлөөрэй гэж байнга утсаар дарамталдаг.
Энэ мөнгөтэй улсуудын гар хөл нь Х.Бат-Ялалт, Б.Алтаншагай нар юм байна гэж би хардаж байгаа. Тиймээс Б.Алтаншагай зориуд надтай нэг тойрогт өрсөлдсөн байх. Ер нь эмэгтэй нэр дэвшигчид рүү дайрч байгаа байдал хэрээс хэтэрлээ. Нара, Анужин нар луу яаж дайрлаа, одоо хэн дээр ээлж нь ирж байгааг та бүхэн харж байгаа байх.
Ийм байдлаар рикит хийж байгаа Б.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарыг битгий сонгоорой гэж би уриалж байна” хэмээн ярилаа.