Энэ сарын дунд үеэс Ховд аймгийн томоохон голуудын усны түвшин 15-30 см-ээр нэмэгджээ. Тухайлбал Ховд аймгийн Буянт гол, Булган гол, Сөнхөл, Ховд гол, Боорж, Бодонч, Сэнхэрийн голуудын усны түвшин ихэсч, үерийн аюултай түвшингээс дээш байдалд голын ус эргээсээ хальж байгааг Аймгийн Онцгой Байдлын Газар ард иргэдийг үерээс болгоомжтой байхыг сэрэмжлүүлсэн байна.
Үерийн улмаас дээрх томоохон голуудын салаагаар хаваржиж байсан айлууд зуслан руу нүүдэл хийх боломжгүй болж, аймгийн Онцгой байдлын аврах ажилтнууд 100 гаруй иргэн, 10 мянга гаруй малыг усны аюулаас хамгаалж, нүүлгэн шилжүүлжээ. Ховд аймгийн Булган, Эрдэнэбүрэн, Мянгад сумын томоохон голуудаар нутагладаг айлууд усанд боогдон, отор нүүдэл хийхэд ихээхэн хүндрэл үүсч байгаа аж.