Өнгөрсөн амаралтын өдрүүдэд Малайзын Пенанг хотод “Ой тогтоолтын нээлттэй тэмцээн” болж өнгөрлөө. Тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 13 Багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож нийт 22 медаль хүртлээ.
Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ “Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлсэн байна.
Манай тамирчид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 504 медаль хүртэсэн амжилт гаргасан.
Мөн зургаадугаар сарын 24-26 хооронд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.