Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Одтой уулзаж ярилцлаа.
-Таны зохиосон дууг Хятадын дуучин хулгайлж, оюуны өмчийн эрхийг зөрчлөө гэв үү?
-Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн шүлгээр 2005 онд аялгууг нь бичсэн “Хамтдаа туулъя гэсиймаа” гэдэг дууг маань БНХАУ-ын иргэн Түвдийн дуучин Жиан Шөн хэмээх залуу “Лхасын охин” гэдэг нэртэй болгож өөрөө зохиосон дуу хэмээн дуулаад нийтийн сүлжээгээр түгээж орхиж. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Энхмэндийн дуулж олны хүртээл болгосон “Хамтдаа туулъя гэсиймаа” дуу маань 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголдоо төдийгүй БНХАУ, ӨМӨЗО-д ихэд дэлгэрээд байсан юм л даа. Энэ тухай хориод хоногийн өмнө хөөмийч Сандагаа ах маань мэдэж анх надад дуулгасан. Баянмөнх найрагчтай холбогдож “Дууг маань хулгайлсан байна” гээд хоёулаа баримтжуулж харж, сонссон. Жиан Шөн хэмээх нөхөр зохиогчийн эрхийг өөр дээрээ татаж шүлгийг бичиж, аялгууг зохиосон гэж улайм цайм бичсэн байсан нь даанч харамсалтай. Дууг дүрсжүүлж цацсан байна.
-Дуугаа хулгайлуулснаа мэдээд яав?
-Бид ярилцаад Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дууны хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP)-т мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, гүйцэтгэх захирал, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нарт албан ёсоор хандлаа. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Монгол Улсын оюуны өмчийн газрын дарга Чинбатад бас мэдэгдэл хүргүүллээ. Эдгээр байгууллагууд гомдлын дагуу тодорхой арга хэмжээнүүдийг авах байх гэж найдаж байна. Цаг хугацаа шаардсан ажил болох байх. Харж л байя гэж хүлээж байна. Энэ хулгайн асуудалд гомдоллохоосоо илүүтэй харамсаж байна.
-Хулгайчид гомдож, хулгайд бүтээлээ алдсандаа харамсаж байна уу?
-Ийм зөрчил ганцхан надад ч тулгараад байгаа юм биш. Өмнө нь, урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвдорж ахын “Улаанбаатарын үдэш” гэдэг сайхан бүтээлийг Хятадын уран бүтээлч хулгайлсан зөрчил байна.
“Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юм уу?
Амраг хосын яриаг сонсохоор
Амьсгаа даран чагнасан ч юм уу?
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учралын болзоонд залуус яаруухан яаруухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэлийн жаргалыг эдлээд
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учралын болзоонд залуус яаруухан яаруухан” гэсэн үнэхээр үг, аялгуу зохицсон энэ дууг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Сандуйжав, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж нар ямар гайхалтай зохиосон билээ. Гавьяат жүжигчин С.Жавхлангийн
“Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоод
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ” гэсэн үгтэй сайхан дууг хулгайлсан явдлаас өгсүүлээд монгол ардын дуунуудыг хүртэл хулгайлсан тохиолдол өчнөөн олон байна.
-Гавьяат жүжигчин, найраг баян хуурч Тэрбиш гуайн дуу ч Хятадын хилийн цэргийн сүлд дуу болсон байдаг гээ биз дээ?
–“Сайн байна уу, ээж ээ
Саравчлан харсаар сууна уу” гэдэг сайхан дуу ч бас л хулгайлагдсан гэсэн асуудал байдаг. Яагаад ийм зөрчил давтагдаад байна вэ. Миний дууг хулгайлчихаар л би сүйд болоод байгаа юм биш шүү. Энэ бүхэнд л туйлын харамсаж байна.
-Өмнөд Монголын дуучид, уран бүтээлчид манайхнаас их хулгайлдаг юм биш үү?
-Өвөрлөгч ахан дүүст ямар ч буруу байхгүй. Харин ч тэд маань бүтээл маань хулгайлагдсанд ихэд харамсаж, цахимаар холбогдож байгаад хувиасаа их баярлаж байгаа. Фэйсбүүк, олон нийтийн сүлжээний хандалтыг харж байхад Өмнөд монголчууд Сэр-Одын бүтээлийг хулгайлчихсан мэт сэтгэгдлүүд их байна лээ. Тиймээс би Өмнөд монголчууд тийм булай хулгай хийгээгүй ээ, харин хятаджсан түвд залуугийн бусармаг үйлдэл байна гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Хятадын бүх уран бүтээлч хулгайлаад байна уу гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Олон хүн сайнтай, муутай гэгчээр ёс журмаа мэддэг, авьяас билгээ шавхаж, ариун цагаанаар уран бүтээл туурвидаг хүмүүс олон байгаа. Цаашид ийм хулгай зэлгий бага гараасай, төр засгийн зүгээс Монголын уран бүтээлч бидний бүтээлийг өмгөөлж хамгаалдаг, өмчилж өөриймсдөг байгаасай гэж хүсч байна.
-Манайхан ч улстөржөөд л байхаас урлаг, соёлыг өчүүхэн төдий ч ойшоохгүй байгаагийн гор л гарч байгаа бус уу?
-Болсон явдлаас ургуулаад бодоход л манай төр засаг ямар хүчгүй байгааг мэдэрч байна. Яагаад хүчгүй байна гэхээр монголчууд бидэнд үнэ цэнтэй зүйл огт байхгүй болчихож. Өөрсдийн үнэ цэнтэй зүйлсээ бид өөрсдөө үнэгүйдүүлдэг. Цахим сүлжээний сэтгэгдлүүдийг харж байхад “За, яахав дээ. Сүртэй ш дээ. Зүгээр л нэг байдаг дууг хятад дуучин аваад дуулчихаа л биз” гэсэн хандлага их анзаарагдлаа. Бүх зүйлд ийм хариуцлагагүй, хялбархан сэтгэлгээгээр хандаж байгаа нь аймшигтай. Тэр дуу чинь ганцхан Сэр-Одын өмч биш шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болоод төрийн бус байгууллагын гэрээгээр эрх нь хамгаалагдчихсан Монгол Улсын бүтээлийн хувь заяа нь хулгайн хар мөрт дайрагдчихаад байна шүү дээ. Тэр сэтгэгдэл бичиж байгаа нөхөрт хамаатай зүйл гэдгийг мэдэхгүй байна. Бид эв нэгдэлгүй болсон юм байна. Нэгнээ өмгөөлж хамгаалах сэтгэлгүй болсон юм байна. Тиймээс л бид харийнхны хоолыг бэлдэж өгч байгаа боолууд аятай болж. Энд би нойроо хасан байж нэг бүтээл гаргаж байхад Хятадад нэг хулгайч хэзээ шинэ бүтээл нь гарах нь вэ гэж гэдсээ илээд унтаж байдаг болчихож.
-Аливаа уран бүтээл бол хэн бүтээснээсээ эс шалтгаалан тухайн үндэстнийхээ оюун санааны дархлаа гэж би боддог. Тэгэхээр Монголын уран бүтээлчийн дууг хулгайлна гэдэг улсын хилийг зөрчсөнөөс ялгаагүй биз?
-Монгол Улсын хилийг давж орж ирээд, айл гэрийн хойморт нэг хятад хүн ор хөнжилд нь унтаад, тогоо шанагыг нь дээрэмдээд эзэн суучихсантай л адилхан гэмт халдлага, луйвар шүү дээ. Манайхны юм бүхнийг жижиг гэж хардаг зан л тэднийг давруулж байгаа. Юм бүхнийг жижиг гэж харвал том юм нь юу байгаа юм бэ. Энэ л жижиг гэж харж байгаа юм бүхэн чинь нийлж байгаад Үндэсний аюулгүй байдал, соёлын дархлаа болдог. Тиймээс аливаа юмыг жижиг гэж харж болохгүй. Юм бүхэнд чин сэтгэлээсээ үнэнч хандах учиртай. Найз нөхөд хүртэл бие биедээ найзын ёсоор хандаж чадахаа больчихож. Айлын сайхан үр хүүхэд ээж аавдаа хайраа өгч чадахгүй байгаа юм байна. Бидний ухаант дээдэс хэн нэгнийг үр хүүхэдтэйгээ зүйрлэж хайрладаг, өрөвддөг байсан бол өнөөдөр миний хүүхдийн өрсөлдөгч гэсэн буруу нүдээр хардаг, харьцдаг болчихож. Энэ бол дэндүү эмгэнэлтэй зүйл.
-“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Хэрвээ олон улсын Арбитрын шүүхээр асуудал нааштай шийдэгдвэл хулгайд алдсан дууныхаа нөхөн төлбөрийг хэдий хэмжээтэй байвал таны санаа сая ханах бол?
-Хятад улс нэг тэрбум гурван зуун жараад сая хүн амтай. Монгол Улс Хятадын хүн бүхний тоогоор нэг америк доллар нэхэмжлээд авч чадвал Оюу толгойгоо, Таван толгойгоо алдах гээд байгаа Хятадад төлөх өр зээлийн хэдэн хувийг төлөх боломжтой вэ гэдгийг бодоод үз дээ. Нэг тэрбум гурван зуун жараад сая америк доллар зөвхөн миний бүтээлийн хулгайлагдсаны нөхөн төлбөр болоод ороод ирэхэд Монгол Улсын эдийн засагт мөн ч их нэмэртэй еэ дээ. Хэрвээ төр засгаас зөв бодлого явуулбал тухайн улсад харьяалалтай иргэний оюуны өмчийн эрх гэдэг ийм л үнэ цэнтэй байдаг. Ийм хэмжээнд яригдах ч боломжтой. Тиймээс бид газар нутгаа л онгичиж төнхөөд байх биш түүний цаад талд эдийн засгийн ямар боломж байна вэ гэдгийг харах л чухал юм. Бид муу бүтээл хийгээгүй учраас л гадны улсын иргэн хулгай хийгээд баяжиж болоод байна. Монголд үнэ цэнгүй бүтээл яагаад Хятадын зах зээлд өндөр үнээр арилжигдаад байна гэдгийг бодох цаг болсон. Оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд ингэж л шийтгэж ойлгуулах учиртай. 2011 оны хавар СУИС дээр АНУ, Орос, Польш зэрэг олон улсын эрдэмтэн мэргэжилтнүүд оюун, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн том чуулган болж байсан. Тэгэхэд сонссоноор, АНУ-ын эдийн засгийн хорь гаруй хувийг оюуны эрх, өмчлөлөөс бүрдүүлдэг гэж байсан. Одоогоос найман жилийн өмнө Холливудын кино зохиолчид ажил хаясан. Тав хоног ажил хаяхад л тэдний цалин, ажлын цагт эерэг өөрчлөлтүүдийг хийсэн байдаг. Оюуны салбар гэдэг үнэхээр ач холбогдолтой салбар гэдэг нь эндээс анзаарагдаж байгаа биз. Хөдөлмөр нь нүдэнд харагдаж, гарт харагдахгүй ч ач холбогдлын хувьд ийм л чухал салбар шүү дээ. Тиймээс бид ганцхан газраа ухах биш оюуны өмчлөлд анхаарлаа хандуулаасай.
-Цахим ертөнцөд “Манайхан гаднаас өчнөөн л дуу хулгайлдаг. Сэр-Одын нэг дууг нэг хятад дуулаа л биз. Сүртэй юм” гэсэн хандлага байна лээ шүү?
-Бид тэр дууг өөрийн байлгаж чадвал үр ашиг, ач холбогдол нь маш их. Түүнээс биш “Сэр-Одын тэр дуу яадаг юм” гэж бичээд сууж байгаа тэр хүнд ч очих хувь тэнд бусдынх болчихсон яваа шүү. Үүнийг л бид жижигхэн юм гээд тоохгүй орхивол ёстой нөгөө салан баавгайн үлгэр болно.
-Та Шанхайн хөгжмийн сургууль төгссөн. Багш нартаа юм уу, Хятадын хөгжмийн зохиолч найз нөхдөдөө дуугаа хулгайд алдсан тухай дуулгав уу?
-Монгол Улсад маань Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуу хөгжим зохиогчдын эрхийг хамгаалах нийгэмлэг (MOSCAP) гэж албан ёсны байгууллага байхад найз нөхөд, багш шавийн барилдлагатай улс руугаа хувиараа гүйж очно гэдэг ёс зүйн хувьд зохимжгүй. Тиймээс би тэдэнд дуулгаагүй. Албан ёсны журмаараа шийдэгдэг.