Амаргүй дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын амжуулсан 10 гол ажлын нэг нь сургууль, цэцэрлэгийн асуудал байв. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн өмчийн 127, хувийн хэвшлийн 267 цэцэрлэг ашиглалтад орлоо. Мөн 732 гэр цэцэрлэг шинээр байгуулав. Үр дүнд нь 225.388 хүүхэд цэцэрлэгтэй болж, эрүүл өсч хөгжих боломж бүрдэв.
Зөвхөн Улаанбаатарт шинээр баригдсан сургуулийн тоо өмнөх 4 жилээс 3 дахин нэмэгджээ. 2012 оны байдлаар нийт хүүхдүүдийн маань 20 хувь нь дугуйлан, секцэд хамрагдаж байсан бол өнөөдөр давхардсан тоогоор 110 хувь нь хамрагдаж байна.
Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам хүүхэд харах үйлчилгээ, гэр цэцэрлэг, байгууллагын дэргэдэх цэцэрлэг, гэрийн сургалтын хэлбэрээр өргөтгөж, хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгохоор мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго бүхий барилга байгууламжийг хүн амын нягтаршил, орон нутгийн онцлогтой уялдуулан төлөвлөж, нэмэгдүүлэх аж.