Categories
мэдээ цаг-үе

Анагаахын сургуулийн шилдэг оюутан Олдохын БАЯСГАЛАН

Олдохын Баясгалан нь 2010 онд “Эрэл” дунд сургуулийг төгсөн АШУИС-д элсэн ороод “Хүний их эмч” мэргэжлээр улаан дипломтой төгсжээ. Цаашдаа тэрээр нөхөн үржихүй буюу эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэших сонирхолтой аж. Түүний аав, ээж нь хоёулаа эмч бөгөөд аав Олдох нь Уламжлалт анагаах ухааны их эмч. Ээж Дэлгэрмаа нь Хавдар судлалын үндэсний төвд ажилладаг.

Анх Баясгалан аав, ээжийгээ хараад л эмчийн мэргэжил сайхан юм гэж бодож, энэ мэргэжлийг эзэмшихийг хүсчээ. Чиний хувьд эмчийн мэргэжлийн юу нь сайхан бэ гэж асуухад тэрээр торох юмгүй “Эмч бол бие, сэтгэлийн маш их ачаалалтай ажилладаг ч үргэлж хүний төлөө явдаг нь таалагддаг” гээд сайн эмч болохын тулд эхлээд сайн хүн болж төлөвших нь чухал, баян ядуу гэж хүмүүсийг ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш үйлчилдэг эмч болно доо гэж хэлсэн юм. Тэрээр хөдөөд өрхийн эмч нар их дутмаг байдагт сэтгэл зовниж явдаг ажээ. Дадлага хийж байсан өрхийн эмнэлгээс нь ч түүнд манайд ирж ажиллаач ээ гэж санал тавьжээ. Гэвч тэрээр цаашдаа мэдлэг боловсролоо улам дээшлүүлж, сонирхсон чиглэлээрээ гадаадад нарийн мэргэжил эзэмшихийг хүсч явдгаа нуусангүй. Тиймдээ ч Европын хэд хэдэн сургууль руу хүсэлтээ явуулж, ямар хариу ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа аж.

Тэрээр өмнө нь ч гэсэн тэтгэлэг авч байсан туршлагатай учир болж өгвөл тэтгэлэгтэйгээр сурахыг хүсч байгаа аж. Монголд сурахдаа эхний хоёр жилийнхээ сургалтын төлбөрөө эцэг, эхээрээ төлүүлсэн бөгөөд бусдыг нь өөрөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллага зэрэгт орчуулагчаар ажиллаж төлжээ. Мөн “Голомт” банкны “Шилдэг 100 оюутан” тэтгэлэгт хамрагдаж тэтгэлэг авч байсан ба сургуулийнхаа захирлын нэрэмжит тэтгэлгийг хоёр жил дараалан авч байсан шилдэг оюутан юм. Ер нь аав, ээжийнхээ гарыг харахгүй өөрөө л болгохыг хүсдэг дээ гэж тэрээр даруухан өгүүлж байв.

Тэрээр “Бүдүүн, шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдэд эмийн мэдрэг чанарыг үнэлэх нь” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож дэд байрыг эзэлж байжээ. Мөн АНУ-ын болон Японы Засгийн газрын тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрөөр зуны амралтаараа хоёр сарын хугацаатай гадаадад сурч олон орны найз нөхөдтэй болжээ. Тэрээр бүх тэтгэлгээ интернэтээр өөрөө хайж бүртгүүлэн эссэ бичин, ярилцлаганд орж хамрагддаг байжээ. Түүний шилдэг оюутан болсон нууц нь цагаа зөв төлөвлөх гэнэ. Тэрээр долоо хоногийн сүүлийн өдөр дараа долоо хоногийнхоо ажлуудыг төлөвлөөд биччихдэг байжээ. Зүгээр суухын оронд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг байсан нь өнөөдрийн амжилтад хүрэхэд нөлөөлжээ. Ангийнх нь 14 оюутан энэ жил бүгдээрээ мөр зэрэгцэн төгссөнд баяртай байгаа аж. Дунд сургуульд байхад нь англи хэлийг гүнзгийрүүлэн зааж, чөлөөт цагаараа өөрөө англиар ном уншиж, кино үздэг байсан нь түүнд хэлээ сайжруулахад их нэмэр болж, өнөөгийн түвшинд орчуулга хийж байгаад нь нөлөөлжээ.

Тэрээр чөлөөт цагаараа ном унших их дуртай бөгөөд Лев Толстойн “Анна Каренина” хамгийн дуртай номнуудын нь нэг гэнэ. Оросын соён гэгээрлийн үеийг харуулсан болохоор их таалагддаг гээд Лев Толстойн “Дайн ба Энх”, Булгаковын “Мастер Маргерита хоёр”, Набаковын “Лолита” … гэхчилэн олон зохиол уншсан даа гэж ярьсан нь түүний бусдаас ялгарах онцлог мэт санагдаж байлаа. Манай сургууль гэж үргэлж ярих тэрээр жилээс жилд оюутнуудынхаа сурах орчинг сайжруулж, хэрэгтэй багаж хэрэгслүүдээр байнга хангадагт нь сургуулийн захиргаандаа баярлаж явдгаа илэрхийлээд Монголын бүх шилдэг эрдэмтэн багш нар хичээл заадаг сургуулиараа бахархаж явдгаа бидэнд хэлсэн юм.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *