Categories
мэдээ цаг-үе

Хагас зууны өмнөх Цэцэрлэг хотын сурагчид

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд нэгэн мянга есөн зуун жаран зургаан оны зун Архангайн Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийн 10а ангийг төгссөн, эдүгээ далан насны даваан дээр гарцгаасан “охид, хөвгүүд” уригдсан юм. Тэд Цэцэрлэг хотын үйлдвэр сургалттай арван жилийн сургуулийн хоёр дахь төгсөлт бөгөөд төгсөхдөө “автомашины онол ба дадлагыг эзэмшсэн тул авто жолоочийн мэргэжлийн гэрээ олгов” гэсэн үнэмлэх авцгаасан байна. Тус сургуулийн б, в, г бүлгүүд тарактор-комбайнч, радио-техникч, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшийн гэрчилгээтэй төгссөн. Тухайн үед аймагт төвийн арван жил, Тариат, Эрдэнэмандалын арван жилийн сургуулиуд байсан бөгөөд бусад сумд дунд, бага сургуультай, сумандаа долдугаар ангиа төгсөөд аймгийн төвд наймдугаар ангид ирж суралцдаг байж. Долдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу техникумд, ЗХУ руу ТМС-д явж суралцана. Зарим нь наймдугаар ангидаа дэвшин орж, аравдугаар ангиа төгсөөд хотод ирж элсэлтийн шалгалт өгдөг байв. Тэднийг аравдугаар анги төгсөх хавар “Арав дахь хавраа үдье” дуу гарч байжээ. “Угтах зам минь хаагуур зурайна вэ” хэмээн сэтгэл догдлон дуулцгааж, үүрнээсээ ниссэн шувуухайнууд шиг тал бүр тийш одоцгоосон тавин жилийн тэртээх өдрүүдийг сэтгэл догдлон дурсацгааж байв.

Манай сургууль хоёр давхар цагаан байшинд байрладаг байжээ. Урлаг, спортын заал, дотуур байр, хоолны газар, түлээний хашаа, гар худаг, пионерын шугам жагсаалын талбай, биеийн тамирын талбай, амьтны хүрээлэнгийн байр (тэнд үнэг, чоно, согоо, гахай тэргүүтэн байрлаж сургууль хариуцан маллаж тэжээдэг байжээ), номын сан, бүгд сэтгэл зүрхэнд илхэн байна. Бид төгсөх шалгалтдаа бэлтгэхдээ нутгийнхаа ”Булган” уулын хормойгоор, горхины эргийн захаар сууж хичээл уншдаг байлаа. Мөн “Цогт тайж” кинонд гардаг арслан цохионы тэр хавьд очдог байсан” хэмээн дурсацгаалаа.

Энэ ангид (наймдугаар ангид) Хотонт сумын С.Лхагважав, О.Далхжав, Даваасүрэн, Дүрэвжав, Аранжил, Хандсүрэн, Аюуш гээд сурлага сайтай, урлаг спортын авьяастай олон хүүхэд байсан байна. Бага ангидаа хөвгүүд нь хөх, охид нь ногоон өнгийн даалимбан даавуугаар хийсэн тэрлэг өмсдөг, пионерын гал улаан өнгийн зангиа хүзүүндээ зүүгээд, улаан таван хошуутай даавуун цүнхээ үүрч гангарч явдаг байжээ.

“Хөдөө сумаас ирсэн хүүхдүүд ихэнх нь дотуур байранд суудаг, нэг тогооноос хооллож нэг гэр бүлийн хүүхдүүд шиг байсан нь сайхан байлаа. Ахлах ангийн сурагчид ууланд явж, сургуулийнхаа түлээг бэлтгэнэ. Түлээгээ ачиж авчраад хөрөөдөж хагалаад түлэхэд бэлэн болгоно. Түлээний хашаанд шинэс модны холтос зомгол хуралдсаар, хөвд, хөвөн шиг зөөлөн, цаанаа нэг дулаахан байдагсан. Тэнд тэвэг өшиглөж тоглодог, модноос бохь авч зажилдаг байлаа (одоогийнх шиг бохь байхгүй байсан). Бидний үеийн хүүхдүүд гэр орондоо ус, мөсөө авна, түлээ түлшээ бэлдэнэ, хувцас хунараа гараараа угаана. Мөн зуны амралтаараа мал маллаж, аргал түлээнд явна гэх зэргээр биеийн хүчний ажил хийж байгаль дэлхий, газар устайгаа их харилцдаг байж дээ. Хөдөөд одоогийнх шиг тохилог орон сууц ч байсангүй. Цагийн жамаар жил өнгөрөх тусам бид чинь цөөрсөөр л байна. Биднийгээ хүний дайтай явахад хүч хөдөлмөр, оюун ухаанаа шавхсан багш нарыгаа байнга дурсаж явах юм даа” хэмээн С.Цэрэндорж гуай хуучиллаа.

Ангийн багш М.Цэндээхүү нь түүх нийгмийн багш. Цомхон алхаа гишгээтэй, цэвэр цэмцгэр хувцасладаг, зөөлөн ааш зантай, дунд эргэм нуруутай, улаа бутарсан хацартай хүн байж. Дутагдал гаргавал хатуухан загнана. Тооны багш Дэмбэрэл, С.Нэргүй нар хичээлээ тун ойлгомжтой заадаг байсан гэж эдний ангийнхан магтаж байлаа.

Энэ үед тэдний сургуулиас олон мундаг тооны багш төрцгөөсөн байна. Уран зохиол, монгол хэлний багш Сэнгэжав, Бямбаа гуай нар ухаан сэтгэлд харагдтал ярьдаг байж. Орос хэлний Чулуун, шугам зургийн Тооной, физикийн Очирбат, биеийн тамирын Ядамсүрэн, химийн Дагвадорж, авто жолооны Цэнджав гээд олон арван сайн багшийн шавь болж явснаараа бахархаж явдаг гэж ярив. Сургуулийнх нь захирал Гэгээрлийн яамны сайд байсан Батдорж гэж хүн байжээ.

Эдүгээ төрийн бус байгууллага толгойлон хөдөлмөрлөж яваа Ч.Очирбат, Аж үйлдвэрийн материал хангамжийн орлогч даргын ажлыг олон жил хийсэн. АИХ-ын депутат, Үндсэн хууль батлалцаж явсан Я.Жамбаа одоо бизнес хийгээд гялалзаж явна. Дулааны инженер мэргэжилтэй Цэнд-аюуш насаараа Дарханы дулааны станцад үр бүтээлтэй ажилласан. Дархандаа олон айл өрхийг малжуулж, амьдрал ахуйг нь дэмжиж явдаг санхүүч-эдийн засагч мэргэжилтэй МУ-ын гавьяат малчин О.Дорж Хайрхан сумандаа сүргийн бэлчээрт малтайгаа явна. Архангайн “Үнэн” сонинд ажиллаж байсан Р.Батмөнх нутагтаа малчин болж хурдан морь уяад завгүй яваа юм байна. Эдийн засагч, Нэгдэл дундын дарга байсан Б.Довдонням өөрийнхөө удирдах арга барил, мэдлэг чадварыг хүү Д.Бат-эрдэнэдээ өвлүүлснээр хүү нь аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай албыг хашиж байгаа аж. Багаасаа нам засаг, эвлэлийн ажилтан болсон Лаагансүрэн одоо ч намынхаа ажилд хүчин зүтгэсээр байгаа гэсэн. Буриад, Александр нар нийгэм ард түмний аюулгүй байдлын манаанд олон жил зогссон. “Генерал” хэмээх хурандаа Пүрэвээ (Батлан хамгаалах яамны тээврийн салбарт алба хаасан), олон зуун бяцхан хүүхдийг бөөцийлөн сурган хүмүүжүүлсэн М.Пунсалдулам, төмөр замын албанд насаараа ажилласан Хажид, Дашжамц, сайн малчин Цэгмид нараараа эдний ангийнхан бахархана.

Тэдэн дундаас нэг хос төрсөн нь Буриад, Чимэдцэрэн нар аж. Мөн энэ ангиас “Тооны машин” гэгддэг багш Ж.Очирбат, орос хэлний Цэвэлмаа, франц хэлний Боль гээд олон багш төрөн гарсан. Ж.Нямбуу сантехникийн инженерээр орон нутагтаа он удаан жил ажиллаж эдүгээ Улаанбаатарт мэргэжлээрээ ажилласаар байна. Биеийн тамирын багш Р.Нармандах “Зуун буудалт даам”-аар олон хүүхдийг дасгалжуулж, ОУ-ын тэмцээн уралдаанд удаа дараа оролцуулж байгаа гавьяатай хүн. Удаанжаргал Өлзийт сумандаа нам захиргаа, банк санхүүгийн байгууллагад насаараа ажилласан, одоо ч ажилласаар яваа гэнэ.

Бадмаагярвуу, Чимэддорж нар урлаг соёлын авьяастай сайхан бүжиглэдэг ааш, зан сайтай хүүхдүүд байж. Төмөр замын техникум төгсөөд тээврийн салбарт ажиллаж байгаад Москва хотод Үйлдвэрчний эвлэлийн сургууль дүүргэсэн Б.Аюуш эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Цэрэндолгор гадаадад хэдэн жил амьдарч байгаад саяхан ирсэн байна. Тэр худалдаа хэвлэлийн салбарт олон жил ажилласан. Ш.Мягмарсамбуу Москва хотод хэвлэлийн эх бэлтгэлээр сургууль дүүргэж хэвлэл мэдээллийн талбарт олон жил зүтгэжээ. Анх “Шинэ үе” сонинг С.Зоригийн ах С.Баяртай гаргаж, мөн “Ардчилал” сонинг МУУГЗ С.Амарсанаатай эрхлэн гаргаж байжээ. “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч, тоймч хүртэл хийж явсан ардчиллын ахмад зүтгэлтэн болсон байна. Клиникийн профессор тэргүүлэх зэргийн цолтой “Сүрьеэ”-гийн Х.Цэцэгмаа, “Гэмтэл”-ийн С.Цэрэндорж, “Эх нялхсын” бага эмч Б.Оюунцэцэг нар хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд нойр хоолоо умартан олон жил зүтгэж, бусдад амьдрал, амь нас бэлэглэж явцгаажээ. Сонирхуулахад эдний ангийн охид бүгд “алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон хүртжээ. Архангайн Цэцэрлэг сумын арван жилийг 1966 онд төгссөн ангийнхны ажил, амьдралын зах зухаас дурдахад ийм байна.

“Сурагч байхад Цэцэрлэг хотын гудамжинд өндөр модон шонгийн оройд том цагаан хоолойгоор (чанга яригч), гэртээ, байрандаа “Север” шугамын радиогоор шүлэг найраг, яруу тунгалаг ая, дуу хөгжим олон салбар мэргэжлийн хичээл, тэргүүн туршлага нэвтрүүлгийг сонсож байлаа. Тэр үед зурагт радио, гар утас, цахим хэрэгсэл байсангүй. Бүхнийг бодитоор харж бодож сэтгэдэг, гараараа барьж мэдэрдэг байсан гэж хэлж болно. Аравдугаар ангиа төгсөөд тавин жилийн дараа ээлжит уулзалтаа хийж байгаа бидэнд ярьж, хөөрөлдөх юм ч их бий, бас нас нэмэгдэж, сэтгэл зүрх минь улам баясах болно доо” хэмээн хөөрөлдсөөр үлдсэн юм.

Б.УРАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *