Categories
мэдээ спорт

Шарапова хоёр жилээр эрхээ хасуулжээ

ОХУ-ын тамирчин, алдарт теннисчин Мариа Шарапова мелдониум эм хэрэглэж, Допингийн эсрэг дүрэм зөрчсөний улмаас хоёр жилийн хугацаанд тэмцээн, уралдаанд оролцох эрхээ хасууллаа. Өмнө нь тэрбээр дүрмийн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байсан бол энэ удаа холбогдох байгууллагууд алдарт тамирчинд үзүүлэх шийтгэлийг ийн зарлав.

Олон улсын теннисийн холбоо (ITF) Мариа Шараповагийн эрхийг хоёр жилээр хассан нь түүний хувьд 11 жилийн карьер нь төгсгөл болоход нөлөөлөхүйц ноцтой шийдвэр. Харин Мариа Шарапова “Facebook” хуудсаараа дамжуулан Олон улсын теннисийн холбооны шийдвэрийг эсэргүүцэн, Арбитрын шүүхэд хандахаа мэдэгджээ.

Өдгөө 29 настай Мариа Шарапова мелдониум эмийг орос эмчийн заавраар 2006 оноос хойш хэрэглэж ирсэн гэж мэдэгдсэн. Гэвч Мариа Шарапова долоон настайгаасаа хойш амьдарч буй АНУ-д мелдониум эмийг хориглосон байдаг, дээрээс нь 2016 он гарснаар Допингийн эсрэг агентлаг уг эмийг тамирчдын эмчилгээ, хэрэглээнээс бүр мөсөн хассан байтал ийм асуудал үүсгэсэнд олон нийт түүнийг буруутгаж буй.

Дэлхийн хамгийн баян теннисчдийн нэг Мариа Шарапова сэргээшийн дуулианаас болж нэр хүнд нь буурч, “Nike”, “Tag Heuer” зэрэг харилцагч компаниуд нь зайгаа барих болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *