Categories
мэдээ цаг-үе

Орост шүүсэн шүүлт буюу үнэгүй монгол зан

Чөлөөт бөхийн Оросын аварга
шалгаруулах тэмцээнтэй холбоотой бичлэг цахим ертөнцөд шуугиан дэгдээж, спорт
сонирхогчдын халуухан сэдэв болж байна. Орос гүрэн чөлөөтийн спортоор дэлхийд
ноёлдог. Тиймээс чөлөөтийн Оросын аваргын тэмцээн дэлхий нийтийн анхаарлын төвд
байдаг. Ялангуяа олимпийн өмнө бол бүр ч нарийн нягт анхаарал хандуулах нь
мэдээж. Ийм цаг үед болсон уг тэмцээний 57 кг-ын хагас шигшээд дэлхийн хошой
аварга Якутын тамирчин Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Дагестаны
тамирчин Исмаил Мусукаев нарын барилдааны шүүлт хуурамч болсон нь гол шуугианыг
дэгдээхэд хүргэсэн юм. Тус барилдааныг шүүсэн дөрвөн шүүгчийг тэмцээнээс
хөөсөн. Хөөгдсөн дөрвөн шүүгчийн хоёр нь Монголын шүүгчид байсан.

Ялалт авсан тамирчин Лебедев
“Манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон. Шүүгчид миний талд
ажилласан нь надад таалагдаагүй. Олон жил хөдөлмөрлөж, хөлс хүчээ шавхчихаад
луйвардуулж ялагдахын зовлонг би мэднэ” гээд Рио-2016 зуны олимпийн их наадамд
оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн олимпийн гурван удаагийн аварга
ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин “Манай дотоодын тэмцээнийг
Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон хэрэг үү” гэж
хэлсэн нь асуудлыг бүр ч хурцатгасан. “Батгана суусан газар балагтай” гэгчээр
монголчуудын шүүсэн шүүлт ийм боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн
эвэр доргидгийн жишгээр орос гүрэн Монголыг зүхэж байна. Ялангуяа илт ялагдал
хүлээсэн дагестанчууд, ялсан хэрнээ хэл амтай энэ олимпод оролцохгүй гэж домог
болсон тамирчин нь мэдэгдэл гаргаад байгаа якутууд монголчуудыг нэг нүдээрээ ч
үзэж чадахгүй байгаа. Ингэж бид тив дэлхийд шившгээ дэлгэж байна.

Ер нь ганцхан энэ удаагийн
тохиолдолд алдаа гарган, хэдэн халтар цааснаас нэр хүндээ барж байгаа юм биш л
дээ. Монголчуудын өнөөдөр болж байвал маргааш хамаагүй, өөрөө л болж байвал
бусад нь хамаагүй гэх энэ өчүүхэн, өрөвдмөөр, арчаагүй сэтгэлгээ биднийг уруу
дорой харагдуулж, улс орны хөгжил дэвшлийг арагш нь улдан чангааж байгаа юм.
Зөвхөн хар амиа оторлон өнөөдрөө бодно гэдэг хамгийн ядарсан, увайгүй арга шүү
дээ. Нэг өдөр нэр төрөө хугалан байж таван төгрөг олоод нэг насаараа хэн ч биш
болно гэдэг ямар аймшигтай вэ. Үүнийг монголчууд ухаарч чадахгүй байна. Хоёр
өдрийн цаадахыг харах билиг оюун бидэнд алга болжээ.

Оросын чөлөөтийн тэмцээний
шүүлтийг худлаа болсон гэж үзээд байгаа. Магадгүй манай шүүгчдийг хахууль авсан
гэж хардаад буй. Тэр үүднээс аваад үзвэл 20 мянган доллар авсан байлаа гэж
бодъё. Баталж хэлж байгаа юм биш. Бусдын адил хардаж байна л даа. Өнөөдөр хэн
нэгэн хүн өөрийнхөө нэрийг хугалаад зогсохгүй улс үндэстэн ард түмнийхээ нэрийг
хугалаад 20 мянган доллар аваад яах юм бэ. Тэр мөнгийг цаашдынхаа 40, 50 жилийн
амьдралтай харьцуулахад юу болох билээ. Дэндүү өрөвдмөөр дүр зураг харагдана.
Тэр хүн ердөө мянган төгрөгийн үнэтэй нөхөр болоод зогсохгүй итгэл, сэтгэл,
хүнлэг чанар, жудаг ёс гээд хүний хорвоогийн бүхий л сайн сайхан зүйлийг
уландаа гишгэлээд зүгээр л нэг хүн сүг болж дуусна. Бид аливааг ирээдүйтэй харж,
өргөн сэтгэж, нэр төрөө сэвтээлгүй хадгалж үлдэх нь юунаас ч чухал гэдгийг
огтхон ч ухаарахаа больсон нь олон зүйл дээр илт анзаарагдах юм. Нэр хугарахаар
яс хугар гэдэг. Магадгүй ясаа хугалаад хэвтэж байгаа хүн “Бусдад тэгж
хэлмээргүй юм байна. Бараг нэр хугарсан нь дээр юм байна” гэж бодно.

Гэвч амьдрал дээр нэрээ хугалан
нэг насаараа хэн ч итгэхээ байчихсан, бусдын доог тохуу болж, хүн гэж харахын
эцэсгүй нийгмийн шаар шавхай болчихвол яах вэ. Хугарсан яс эдгэдэг л байхгүй
юу. Спортын шуугианаас үүдээд үүнийг бичиглэлээ. Энэ бол монголчуудын
өөрсдийгөө үл хүндэтгэж, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг умартаж,
эцэс сүүлд нь ямар ч үнэ цэнгүй болдог монгол зантай холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *