Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Наадам ирдгээрээ ирнэ гэгчээр УИХ-ын сонгууль ч дөрвөн жилийн дараа болдгоороо болж байна. Намууд нэр дэвшигчдээ тойрог тус бүр дээр тодруулж, СЕХ-нд нэрсийг өгчихсөн байгаа. Хэдийгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ хараахан аваагүй байгаа ч намуудаас тодорсон нэр хөдлөөд байх нь харьцангуй бага юм. Тиймээс аль тойрог дээр хэн, хэн хоорондоо тулах талаар хамтдаа сонирхож үзье. Архангай аймгийн нэгдүгээр тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, МАН-аас НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, МАХН-аас Ц.Цэдэндамба нар өрсөлдөнө. 2012 оны сонгуулийн дараа Уул уурхайн сайд болж дэвшиж байсан Д.Ганхуяг гишүүн гурван ч парламентад дараалан суужээ. БЗД-ээс өөрийн төрсөн нутаг руугаа буурь сэлгэсэн тэрбээр Шийдлийн Засгийн газарт Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэнтэй өрсөлдөнө. Түүний эцэг ГОК-ийн захирал байсан Г.Ганзориг өмнөх сонгуульд сайтар бэлдсэн Архангайдаа тодорхойгүй шалтгаанаар нэр дэвшихээ больж байсан билээ. Харин тэр бүх усалгаа нь энэ удаад хүүд нь хэрэг болж магад юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяртай Аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг өрсөлдөхөөр учраа таарчээ. Архангайн “архаг” гишүүнтэй үзэх амаргүй байж таарах магадлалтай. Бас парламентад суусан он жилээрээ жин дарах Р.Гончигдоржтой МАН-ын генсек Ж.Мөнхбат үзэлцэнэ. Тулхтай намын залуу генсек зоригтой сонголт хийж гэж харагдахаар байгаа. Түүнээс тойргийг өөрийнхөөрөө сонгох боломж түүнд байсан байж таарна.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр хоёр мандат дээрээ нэмж нэг суудал авсан. УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакейтай аймгийн МАН-ын дарга Г.Солтан үзнэ. Тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж. Уг нь түүний оронд рейтинг өндөр байгаа гэх Хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Саулег очно гэдэг яриа байсан ч энэ удаад явсангүй. Магадгүй, улс төрийн нарийн тохироо явсан байхыг үгүйсгэхгүй.

Баян-Өлгийн бас нэг тойрог дээр өнгөрсөн дөрвөн жилд ажилласан хоёр Засгийн газрын хоёр дэд сайд асан Х.Ержан, Д.Баделхан нар өрсөлдөх бол УИХ-ын гишүүн А.Тлейхантай Д.Мурат өрсөлдөхөөр таарчээ. Мөн тэдний тойрогт МАХН-аас нэр дэвшихээр Д.Чинзориг гэдэг нэр байгаа нь содон харагдана. Тэрбээр Булган сумын харьяат урианхай аж. Урианхай хүмүүс хаа нэг Баян-Өлгий аймагт нэр дэвшдэг ч хүн амын 90 гаруй хувь казахууд учраас сонгогдох магадлал багатай.

Энэ удаагийн сонгуулийн дуулиан Баянхонгор аймагт нэр дэвшигч дээр гарсныг бүгд мэдэж байгаа. Олимпийн алт, мөнгөн медальт бас ирэх наймдугаар сард Риогийн олимпод өрсөлдөх Н.Түвшинбаяр жүдогийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, гишүүн Д.Ганбат нартай ганзага нийлж Баянхонгорт өрсөлдөх болсон юм. Хууль зүйн байнгын хорооны Д.Ганбат даргатай УИХ-ын гишүүн асан, ГХ-ийн сайд асан Г.Занданшатар өрсөлдөнө. Г.Занданшатарын хувьд өмнө нь 2004 онд энэ долдугаар тойрогт ялж, УИХ-ын гишүүн болж байсан. Гэхдээ хуучин тойрог болох аймгийн төвийг гурав хувааж, өөрчилсөн ч экс гишүүнд долоогийн тоо ээлтэй байдаг домог шиг сонстдог яриа бий. МАН-ын эмэгтэй нэр дэвшигч М.Билэгтийн хувьд хөдөлмөрийн баатар, олимпийн аваргатай нэг тойрогт таарсан оноолт тун хатуу. Гэхдээ өмнөх сонгуульд энд өрсөлдөж, бас дөрвөн жилийн турш тойргоо хаяагүй авч ирсэн гэдгийг нь бодолцох ёстой. Харин есдүгээр тойрогт таарсан УИХ-ын гишүүн Х.Баттулга МСS группийн дэд ерөнхийлөгч Л.Элдэв-Очиртой тулна. Өрсөлдөгч гэдэг утгаараа бас нийгэмд сөргөлддөг хоёр хүчнийхэн гэж олон нийт хардаг учраас жинхэнэ гал авалцсан тулаан энд гарна гэж харж байна. Булганы нэг тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга, сахал гэгддэг Ж.Бат-Эрдэнэ өрсөлдөх нь нэгэнт тодорхой болсон. Ё.Отгонбаяр гишүүн ямар учраас нэр дэвшихээ больсон нь тодорхойгүй ч Ж.Бат-Эрдэнэ Булганыг бол сүүлийн жилүүдэд тогтмол “эргэж” байсан нь үнэн. Харин АН-ын нэр дэвшигчийн хувьд “UFC” группийн захирал гэдгээр нь хүмүүс андахгүй бөгөөд МАН-аас нэр нь явж байсан ч гэнэт АН-д элсч, нэр дэвшихээр болсон юм. Энд МАХН-аас Б.Шижирбаатар, Эх орончдын нэгдсэн эвлэлээс жендерийн гэдгээр нь хүмүүс анддаггүй М.Болормаа нэр дэвшиж байна. Энэ тойрогт эрчүүдтэй тулж байгаа ганц эмэгтэй нэр дэвшигчийн хувьд “Эмэгтэй удирдагч сан”-г байгуулж, иргэний нийгмийн салбарт олон жил ажилласан туршлагатай гэгддэг.

Говь-Алтайн 11 дүгээр тойрогт АН-аас аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, МАН-аас Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ш.Раднаасэд нар тулж байна. О.Амгаланбаатар усны саван дээр нэр, зургаа тавьсан гээд үе, үе хэл аманд орчих гээд байдаг ч зүрх зоригтой залуу дарга гэгддэг. Ш.Раднаасэдийн хувьд шинэ үеийн шаггүй хуульч. Намаас гадна төрийн бүх шатны албыг хашиж ирсэн бэлтгэгдсэн боловсон хүчин гэгддэг. Ямартай ч МАН-ынхан Говь-Алтайдаа цугт нь нэг илгээж, ээлжилж нэг илгээдэг Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар биш шинэ хүн илгээж байна. Говьсүмбэр болон Дорноговийн зарим сумд багтсан 12 дугаар тойрог дээр Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нэр дэвшиж байгаа юм байна. Аймгийн дарга П.Ганхуягтай нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж, багагүй маргаантай байдаг гэсэн яриа хэвлэлээр гарч байсан удаатай. МАН-аас түүнтэй өрсөлдүүлэхээр Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг тавьжээ. Болор цомын эзэн яруу найрагч бүсгүй Дорноговийн нэрийг өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд олонтоо дуудуулж, түмэн олонд сонсгож ирсэн. Тэрийг нь бодоход л хангалттай гишүүн байж болохоор эмэгтэй л дээ. Тэрбээр МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллагад харьяалагдаад удаж буй. Харин энэ удаагийн сонгуулийн бас нэгэн содон өнгө бол Данзанравжаагийн музейн захирал З.Алтангэрэл юм. Ноён хутагтын өвийг үе удам дамжуулан авч ирсэн тахилчийн удам. Нутаг орондоо нэр хүндтэй, төлөв түвшин нэгэн учраас түүнийг АН-аас гэнэт нэр дэвшүүлсэн байх талтай. Түүнтэй өрсөлдөх хүн бол “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан. Тэрбээр сүүлийн жилүүдэд энэ тойрогтоо жигд ажиллаж ирсэн.

Дорнодоос 2004-2008 онд сонгогдон парламентын гишүүнээр ажиллаад 2008 оны сонгуульд дахин өрсөлдөөд унасан М.Зоригт гишүүн 2012 оны сонгуульд Сүхбаатараас гишүүн болж байлаа. Харин энэ удаад буцаад тойрогтоо очжээ. Түүнд дорнодчууд ямар дүн тавихыг чухам тэнгэр л мэдэх байх даа. Х.Болорчулуун байна. Тэрбээр өмнөх сонгуульд бие дааж гарч, удтал сул гишүүнээр явж байгаад МАН руу очсон билээ. Хоёр гишүүний хэн нь ялахыг харж л байя. Тэдэнтэй МАХН-аас Ж.Энхжаргал өрсөлдөх юм байна. Дорнодын 15 дугаар тойрогт Н.Номтойбаяр гишүүн МАН-аас, “Алтан гадас”-ын Б.Мөнхцэцэг АН-аас тулна. Б.Мөнхцэцэгийн хувьд олон жил дорнодынхондоо үнэнч яваа буриад эмэгтэй. Аймгийн намын хорооны хурлаас казино Д.Энхбаатарыг гаргасан ч ҮЗХ-ноос эмэгтэй нэр дэвшигчээ илгээсэн. Тойргууд томсгосон хэлбэрээр байхад Дундговь хамгийн цөөхөн нэр дэвшигчтэй гэгддэг байв. Харин жижиг мажоритар болоход Дундговь ганц тойрог учраас чамгүй олон сумдтай, нэлээд ажиллагаатай тойрогт тооцогдож таарах байх. Энд АН-аас УИХ-ын гишүүн Б.Наранхүү, МАН-аас Б.Амарсанаа нар өрсөлдөх гэж байна. Тэд 2012 оны сонгуулиар үзэж, Б.Наранхүү нь гарч байсан. Жижиг намуудаас хэд хэдэн өрсөлдөгч, бас бие даагчидтай энэ тойрогт санал хуваагдан хэн ч санаагүй хүн ялагч болохыг үгүйсгэх аргагүй. Завханы 17, 18 дугаар тойрогт АН-аас Я.Санжмятав, З.Нарантуяа нар үзэх бол МАН-аас Б.Энхболд, Ш.Батсамбуу нар халз тавигджээ. Завханы хувьд АН-ын хоёр хэдийнэ танигдсан улсууд. Эсрэгээрээ МАН-ынхан шинэковууд. Дээрээс нь төрсөн ах дүү хоёр 18 дугаар тойрогт халз үзэж, УИХ-ын сонгуулийн түүхэн дэх сонин үйл явдлын нэгээр бичигдэх болоод байгаа. МАН-аас Завханд нэр дэвшдэг Ш.Сайхансамбуу энэ удаад нэр дэвших боломж олж чадаагүй бөгөөд тэр боломж нь төрсөн дүү Ш.Батсамбууд нь иржээ. Харин үүнд нь дургүйцсэнээ илэрхийлж Нарантуулын эзэн 17 дээр биш 18 дугаар тойрогт дүүтэйгээ халз үзэлцэхээр шийдсэн юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг МҮАН нь АН-тай сонгуульд нэгдэж орохоор болсноор хуучин төрхөмдөө эргэн ирсэн. Түүнд Өвөрхангайн нэг тойргийг өгсөн бөгөөд мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатартай таарчээ. Харин нэр хүнд өндөр байгаа гэгддэг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн сүүлийн дөрвөн жил Баялаг бүтээгчдийг дэмжихээ зарлаж, аймгаа ч чамгүй тордож ажилласан Ч.Даваабаяртай өрсөлдөхөөр болоод байсан. Гэвч УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжийг атгасан Ч.Даваабаяр сонгуулиас нэрээ татан авсан нь анхаарал татаж байгаа юм. Удалгүй нэрээ татан авсан шалтгаан нь тодорхой болох биз ээ. АН-ын хамгийн залуу нэр дэвшигч гэгдэж буй АН-ын УИХ дахь ажлын албаны дарга С.Дэмчиг өмнөх сонгуулиар Өвөрхангайгаас нэгээр гарч байсан С.Чинзоригтой өрсөлдөх юм. С.Дэмчигийн хувьд оюутны ширээнээс гишүүний туслах болж ажилласан нэгэн. Д.Зоригт гишүүний цүнхийг барьж явсаар нэр дэвших орыг нь Өвөрхангайд авлаа, сонгуульд хэрхэхийг хэн мэдэхэв гэсэн яриа дуулдана. Харин С.Чинзоригийн хувьд сонгогчдын хангалттай санал авч чадсан ч УИХ-д сууж чадаагүй. Түүнд өгсөн сонгогчдын саналын хариу болгож намаас нь Хөдөлмөрийн сайдаар томилогдох боломжийг өгч байлаа. Түүнийг энэ сонгуульд өрөвдүүлэх тактик барих нь зөв гэх нь бий. Тэдний тойрогт нэг хатуу самар байгаа нь М.Наранбаатар. МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар гурван ч удаа томилогдон ажилласан. Сүүлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхаас хэл ам тасрахаа байсан. Сүр сүндэртэй албан тушаалыг нь түүнээс авч байлаа. Тэгээд ч барахгүй авлига, аудит гээд олон газраар шалгагдах болсон. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгааг нь харахад тэр асуудлууд нь зүгээр бололтой.

Сүхбаатарын ганц тойрог дээр чангахан хоёр хүн тавигджээ. Нэг нь аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-аас, нөгөө нь УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН-аас. Ч.Улааны хувьд Сүхбаатараас хэдэнтээ сонгогдсон. МАН-аас МАХН руу буцаад МАН-д ирсэн түүнд нутгийнхан нь ямар дүн тавихыг мэдэхгүй. Ж.Батсуурь даргын хувьд Сүхбаатарынхан аймгийн хөгжил тэс өөр болсон болохоор сайн ханддаг гэсэн яриа бий. Ёстой сонгуулиар тэр дүн нь харагдах байх. Сүхбаатарын дэргэд Сэлэнгэ аймаг гурван тойрогтой. 25 дугаар тойрогт УИХ-ын гишүүн С.Баярцогт, ГХ-ийн дэд сайд асан Н.Оюундарь нар таарчээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оффшор гэж хэдэн жил нүдүүлсээр ирсэн нь намжих янзгүй сонгуульд орж байна. Гэхдээ түүн шиг боловсролтой, туршлагатай улстөрч төрд байх нь хэрэгтэй гэж үзэгсэд олон. Н.Оюундарийн хувьд Сэлэнгэ аймагт нэр дэвших нь эртнээс тодорхой болсон хүний хувьд жигд сайн ажиллаж ирсэн. Харин 26 дугаар тойрогт нэр дэвшиж буй АН-ын Г.Эрдэнэтунгалагт ийм боломж тохиогоогүй. Ерөөсөө л сүүлийн мөчид нэр дэвших эрхээ авсан нь зохиолын дуучин нэр дэвшлээ гэсэн дуулиан шуугианыг тариадахсан юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат таарсан. Түүний амьдай УИХ-ын гишүүн, сайд Д.Эрдэнэбат Засаг дарга Ц.Бүрэнбаттай өрсөлдөнө.

Төв аймгийн гурван тойрогт МАН-ын хоёр Энхболд дээр нэг сонин хүн нэмэгдэж орж ирсэн нь АН-аас гараад удаагүй байгаа дархан аварга А.Сүхбат байлаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-д орж байсан жижиг Сүхбат энэ сонгуулиар МАН-д оров. Тэрбээр АН-ын М.Энхсайхантай өрсөлдөх аж. Үнэндээ АН-ын хувьд Төв аймаг дээр нэр дэвшигч олдохгүй хэцүү байсан талаар дуулдаж байсан. Галзуу ганц дайчин гэгчээр аймгийн АН-ын дарга, дэд сайд асан Д.Доржпүрэв л нэр дэвших нь тодорхой байсан юм. Тэрбээр энэ удаа гурав дахь удаагаа Төв аймгаас УИХ-ын сонгуульд оролцоно. МАН-ын дарга М.Энхболдын рейтинг өндөр учраас ирэх хүн олдохгүй байгаа гэлцэж байв. Судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад нэр дэвшинэ гээд оны өмнөөс ажлаа өгч байсан Б.Энхбайгаль хэмээх эмэгтэй бол Дашийн Бямбасүрэн гуайн охин юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай охин, хүү хоёр өөр, өөр нам эвслээс өрсөлдөж байгаа сонин тохиолдол гарч байна. Гэхдээ Ш.Сайхансамбуу түүний дүү Ш.Батсамбуу нар шиг биш л дээ. Өөр өөр тойргоос нэр дэвшсэн юм.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *