Хүн болгонд ойлгодог юм байдаг. Зарим улстөрч “Би нэг л юмыг ойлгосонгүй” гэж ирээд л сүрхий царайлж харагддаг. Гэтэл нөгөө зүтгэлтэн нь “Би нэг л юмыг ойлголоо” гэж ирээд мэтгэж үзэгддэг. Хоёулаа мундаг. Эхний этгээд нэгээс бусад бүх юмыг ойлгож байхад нөгөө нь ядаж нэг юм ойлгочихоод сууж байх жишээний. Гэтэл мань мэтэд бол ойлгогдох юм нэг ч үгүй болоод байдаг.
Намайг бага аа байхад нэг мэргэн хүн тааралдаж билээ. Тэр хүн “За хүү минь санаж яваарай. Ямарваа юм ойлгомжтой санагдаад эхэлбэл чи огт ойлгоогүйн тэмдэг юм шүү” гэж захисансан.
Тэр хүн миний анх бодсон шиг мэргэн биш гэдэг нь дорхноо илэрсэн боловч хэлсэн үг нь огт мартагдаагүй. Учир нь гэрээсээ мордохын өмнө есөн зоос гүйлгэж цаг агаарын прогноз хийгээд, хариуг нь 21 чулуу татаж “контрол”-доод, “Сайхан өдөр болох нь ээ” гэсэн дүгнэлт боловсруулсны эцэст цувгүйгээр гарсан боловч цагийн дараа азарган бороонд дайруулж, усан хулгана болоод эргэж ирсэн юм. Тэрээр осгоод, шүд нь зуурчихсан амьтан зуух тэвэрчихсэн зогсож байхдаа эрүү амаа тачигнуулан байж дээрх афоризмыг хэлсэн бөлгөө.
Амьдралын жаргалыг би инээд хөөр гэж ойлгож өссөн. Ойлгох юу байхав төөрөгдөж өссөн. Учир нь инээсэн үедээ жаргалтай, баяр хөөртэй байсан болоод тэр. Харин уйлсан үедээ их төлөв гомдсон, сэтгэл гундсан үе таардаг учраас нэг их хүсээд байх юм биш гэж дүгнэсэн. Дүгнэлтийг ч амархан хийсэн үү гэвэл, тийм юм аа. Гэтэл амархан ухаарсныхаа хэрээр төөрөгдөл болох гээд байх шиг байна.
Зарим хүн инээд нь хүрэхээр инээхийн оронд уурлаад байгааг ойлгохоо байсан. Манай зарим нэгэн “хошин урлагийнхан инээлгээд байна”, “хүн инээлгэхээс цаашгүй юмнууд”. “Цаашдаа инээлгэж явдгаа боливол таарна” гэж ирээд уурлаад байх юм. Би гэдэг буруу ухаарсан гайхал “хүн уур нь хүрэхээр л уурладаг” гэж бодоод байсан юм. Гэтэл инээд хүрэхээр л уур нь шатаад явчихдаг болж таарч байна. Согтуу хүнээс болгоомжлохоос илүүтэй инээд нь хүрсэн этгээдээс сэрэмжлүүлүүштэй болж таарлаа. Өндөр хүчдэлийн шон дээр байдаг хохимой дүрсийг ярзайтлаа инээсэн төрхтэй болгох гарцаагүй болов.
Орцонд пижигнэх, орь дуу хадах чимээнээр “За өнөө хулигаан чинь авгайгаа инээлгээд эхэллээ. Дандаа инээд нь хүрч байдаг мөн ч зэрлэг гар юм аа”, “Тэгнэ ээ тэр. Урьд өмнө нь зүв зүгээр барайчихсан, хөмсгөө зангидчихсан мөрөөрөө явж байдаг хүн чинь түрүүн бөөн инээд хөөр болчихсон орж ирж харагдсан”, “Зайлуул хөөрхий, инээд хөөргүйгээр амьдарч болдоггүй л юм байх даа” гэлцэх нь байна.
Тэгээд бөөн баяр хөөр болсон архичин… биш юм аа, инээдэмд нэвт орсон нөхөр нь тачигнатал хөхөрч эхнэрээ нүдээд л. “Гэр бүлийн инээвхийлэл”-д автсан хөөрхий эхнэр нь уйлж…нээрээ яалаа гэж уйлах билээ, инээх ёстой. Инээдээ барьж чадахаа байсан эхнэр нь “Амь авраарай” гэж хахаж цацан хашгирч амжив уу, үгүй юү элэг нь хөшин унаад л…базарваань гэж.
Олон нийтийн газар инээсэн, бааранд бүлэглэн хөхрөлдсөн этгээдийг цагдаа журамлаа л, “Манай гудамжаар шөнө инээлдсэн хүмүүс яваад байна” гэсэн ноцтой мэдээлэл 102-т ирээ л…
Хүмүүс инээхэд уурлаад зогсохгүй, уйлсан юманд дурлаад эхэлсний учрыг бас олохоо байсан. Үзэгч олны зарим нь “Яасан сайхан бүтээл вэ, зөндөө уйллаа”, “Зүрх зүссэн сайхан кино байна”,“Өр элэг эмтэрч үнэхээр сайхан боллоо” гээд л гарч ирцгээх юм.
Уг нь хүн зовохоороо л уйлдаг, зовох дургүй учраас л уйлах дургүй гэж ойлгосон. Гэтэл ойлгосон л бол ойлгоогүйн шинж гэдэг нь үнэн болох гээд байх юм. Хачин юм болох нь. Үр хүүхдээ сургаж, айл аймгаасаа жишээ татахдаа “Энэ хэнийхийг хар. Хань ижлээ хорин жил нус нулимстай нь хутгаад хичнээн сайхан авч явж байна”, “Уйлах дуу тасрахгүй жаргалтай айл даа” гэхчилэн магтах болох нь.
Одоо дээр нь “Сайхан юм ярилаа”, “Ерөнхийлөгч сайхан юм яриад байгаа нь таалагдахгүй байна”, “Чихэнд чимэгтэй үг сонсгодог тусгүй хүн байна” гэж уурладаг улс гарах боллоо. Бүр байчихаад, “Сайхан юм ярьдаг хүнийг жигших” хөдөлгөөн өрнүүлэх юм ярьж яваа хүн ч гарч таарч байх шиг. “Сайхан ярьдаг хүн хэрэггүй” ч гэх шиг. Эргэн тойрноо чагнаад байхад “Энэ сайхан юм ярьдаг тусгүй хүн байна. Харин тэр муухай муухай юм хэлээд байгаа хүний байр байдлыг харахад цаашдаа улам ч муухай муухай юм дуулгах ирээдүй ханхалж байна шүү” гэлцэх нь ч сонсогдох шиг.
Хүмүүс цайны цагаараа “За, сэтгэл санаа ч гэж хэрэг алга. Жаахан муухай юм ярьж сэтгэлээ онгойлгох уу”, “ Тэгье, тэгье. Амнаас нь олигтой юм унадаггүйгээрээ чи л биднийгээ жаахан жаргаагаад аль”, “Эвэр амласан мөн ч буянтай амьтан даа” гэлцэх нь байна. Иргэний эсэргүүцэгч хэвлэлийн хурал хийлгэж “Мөрөөрөө муухай юм ярьж, хүн амьтан уйлуулж явахад минь саатуулж хэлмэгдүүллээ” гэж зарлах нь.
Энэ мэтээр ойлгох юм нэг ч үгүй болоод байна аа. Ойлгохгүй байгаа болохоор сэтгэл ч амар байх юм. Харин ойлгоод эхэлбэл айдас төрөөд явчихдаг учраас тэр.