Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Барилгын хөгжлийн төв хамтран өнөөдөр “Нүхэн жорлон, муу усны цооног”-ийн техникийн шаардлага MNS 5924:2015 стандартыг танилцууллаа. Үндэсний статистикийн хорооны 2013 оны судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэж чадахгүй байгаа дүн гарчээ. Хөдөө орон нутагт нийт хүн амын 25 хувь нь ариун цэврийн байгууламжгүй учраас дээрх стандартыг энэ оны хоёрдугаар сараас мөрдөж эхэлсөн бөгөөд ЭМСЯ-наас дөрвөн хувилбар бүхий “ОО”-ийн загварыг танилцуулжээ. Үүнд агааржуулагчтай сайжруулсан нүхэн, бага хэмжээний усаар зайлуулах, бордоожуулах, хуурайшуулах жорлон багтаж байгаа аж. Эдгээр жорлонгууд нь бохироо соруулах боломжтой бөгөөд бохирыг хөрсөнд нэвчүүлдэггүй учраас хөрсний бохирдлыг бууруулах бүрэн боломжтой гэнэ. Жорлонгийн үнэ барилгын материалаас шалтгаалан 800 мянган төгрөгөөс байх аж. Ариун цэврийн байгууламж, орчин нөхцөл муу байгаагаас халдварт шар өвчин их гардаг учраас айл өрх бүр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалъя гэвэл шаардлага хангасан ариун цэврийн байгууламж хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.