Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн бүх хороо иргэддээ үнэгүй интернэтээр үйлчилнэ

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, НИТХ дахь Төсөв, Санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар нар оролцов.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр Улаанбаатар хотод бас нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна. Нийслэлийн бүх хороог утасгүй интернэт буюу wifi-д холбох төслийн нээлтийн ажиллагаа эхэлж байна. Өмнө иргэд нийслэлийн харьяа байгууллагууд, дүүргүүд дээр очиж өргөдөл гомдлоо өгч, төрөл бүрийн үйлчилгээ авдаг байсан. Харин одоо бол Дүнжингарав, Мишээл, Драгон төвөөс төрийн үйлчилгээг авдаг болсныг Та бүхэн мэдэж байгаа биз ээ. Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулж, Улаанбаатар хотын бүх хороог утасгүй интернэтийн сүлжээнд холбох гэж байна. Ингэснээр иргэд хорооноосоо 100 гаруй метрийн зайнаас утасгүй интернэтэд холбогдож төрийн олон үйлчилгээг авах боломжтой болох юм” гэлээ.

Эхний ээлжинд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороонд утасгүй интернэтийн бүс бий болгон туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд 2016 оны 6 дугаар сард багтааж дээрх 155 цэгийг бүрэн хамруулахаар төлөвлөжээ. Иргэд өөрийн амьдарч буй хорооны утасгүй интернэтийн бүсэд холбогдсоноор төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах, мэдээ мэдээллээр хангагдах мөн өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо нийслэлийн удирдлагад шууд илгээх боломжтой болно.

Хотын үнэгүй, утасгүй интернетэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй.

Хотын үнэгүй, утасгүй интернэтэд холбогдохын тулд иргэд өөрт ойр байрлах хорооны байр орчимд Wifi дэмждэг төхөөрөмжөө ашиглан “UBWiFi” нэртэй сүлжээнд холбогдон бүртгүүлэх хэрэгтэй. Хэрэв өмнө нь цахим газар өмчлөл, цахим зуслангийн газар өмчлөлд бүртгүүлэн хандаж байсан бол тухайн бүртгэлийн мэдээллийг ашиглан утасгүй интернэтэд нэвтрэн орох боломжтой.

Энэхүү сүлжээнд холбогдсоноор иргэд нийслэлийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах www.ulaanbaatar.mn, Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн иргэний цахим нэг цонх www.citizen.ulaanbaatar.mn, газар өмчлөлийн цахим систем, www.land.ulaanbaatar.mn, иргэдийн оролцоотой Улаанбаатар хотын газрын зураглалын нэгдсэн сан www.manaikhoroo.mn, өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломжтой www.eabi.ub.gov.mn, нийслэлийн нээлттэй өгөгдлийн портал www.data.ulaanbaatar.mn, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн систем www.smartcar.mn зэрэг төрийн үйлчилгээний цахим сайтуудад өндөр хурдтайгаар холбогдож, төрийн үйлчилгээг авахаас гадна интернэтийн орчинд хүссэнээрээ аялах боломжтой.

Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрсэн Ухаалаг хот болох нэг том алхамюм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *