Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний түүхийн музейд кино үздэг боллоо

Монголын Үндэсний түүхийн музей монголдоо анх удаа мини кино театртай боллоо. Мини кино театрыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр суурилуулж байгаа бөгөөд тус театр нь“Panasonic” брэндийн “PT-RW330EA” загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй, 60 хүний суудалтай ажээ.

Тус музейн захирал Д.Сүхбаатар “Энэ кино театрыг музейдаа суурилуулснаар үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Манай музей жилдээ 85 мянган хүнд үйлчилдэг. Үүний 50 хувь нь гадны жуулчид байдаг юм. Энэ кино театрыг ашиглалтад оруулснаар өөрийн сан хөмрөгт байгаа түүхэн, танин мэдэхүйн киног үзэгчдийн хүртээл болгоно” гэв.

Уг кино театр нь олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд 44 сая төгрөгийн үнэтэй юм байна. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт нийт 56 мянган үзмэр бий. Тэр дунд 10 гаруй түүхэн сэдэвт кино байдаг аж. Удахгүй музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1990 оны ардчилсан хувьсгалын тухай олон нийтэд дэлгэгдээгүй цоо шинэ киног олны хүртээл болгох гэж байгаа гэнэ.

“Цаашдаа бүх аймаг, сумдын соёлын төвүүдэд кино үзвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах зорилготой ажиллаж байна. Эхний ээлжинд мини кино театрыг улсын хэмжээнд 14 сумын соёлын төвд суурилуулна” хэмээн БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *