Categories
мэдээ цаг-үе

Нэгийн “в”-гийнхэнтэй хичээллэсэн нэг өдөр

Бүх үсгээ үзэж, дуртай үлгэрийн номоо уншаад сурчихсан жаалуудын ангид нэгэн өдрийг өнгөрөөлөө. Сонгосон анги маань Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуулийн нэгийн “В”-гийнхэн. Ангийн хаалгыг татангуут дор бүрнээ шулганасан нөхөд. Хичээл нь эхлэх болоогүй учраас ярих эрхээ эдэлж байгаа нь энэ. “Багшаа би оньсого ярья тэгэх үү”, “Чи миний балыг авчихлаа ш дээ”, “Кино үзмээр байна аа” гэж дор бүрнээ шулганасан долоон настнууд намар дөнгөж сургуульд орсон зургаатай үеэсээ ялгарах юм алга. Эдний анги 46 сурагчтай, ангийн багшийг нь Ж.Наранзул гэдэг юм байна. 26 жил бага ангид багшилсан туршлагатай багш аж. Нэгийн “в”-гийнхэн дөрвөн салаагаар сууж хичээллэдэг юм байна. Салаа бүр даргатай. Нэгдүгээр салааны дарга нь Мөнхзул. Хоёрдугаар салааг Номинсүрэн ахална. Марий Лаурэ гэж нүд нь эргэлдсэн охин гуравдугаар салааны дарга. Харин дөрөвдүгээр салааны даргаар Эгшиглэнг сонгожээ. Зургаан настнуудаас ангийн дарга сонгох тун хэцүү байсан гэнэ. “Бүгдээрээ онц сурдаг, идэвхтэй гэж жигтэйхэн учраас” гэж багш нь тайлбарлав. Том шалгуур давж байж сонгогдсон ангийн даргыг Тэргэл гэдэг аж. “Танай ангийн хамгийн хөөрхөн охин хэн бэ” гэхээр бараг бүгдээрээ “Тэргэл” гэж ам нийлүүлцгээх юм.

Зургаан настнууд хүний заасныг маш хурдан ойлгодог гэнэ. Гэхдээ хүүхэд л болсон хойно мартахдаа ч бас хурдан гэж ангийн багш нь ярьж байлаа. Нэг заасан зүйлээ олон дахин давтан хэлэхээс аргагүй байдаг бололтой. Ингэж байж л хүүхдүүд заасан хичээлийг нь өөрийн болгож дасгал даалгавраа хийх чадвартай болдог байна. Сонирхуулж хэлэхэд заах зүйлийнхээ гол агуулгыг нь гуравхан минутад багтааж хэлэхээс аргагүй болдог аж. Зургаан настнуудын анхаарал төвлөрөх хугацаа нь ердөө гуравхан минут байдаг гэнэ.

Үзгээ ч барьж чадахгүй ангийнхаа босгыг анх давсан жаалуудын гар хэдийнэ зүгширчихэж. Багшийнхаа заасан хичээлийг уралдан хийцгээж байлаа. Охид нь их цэвэрхэн, гаргацтай бичих юм. Нэгдүгээр ангийнхан өдөрт 35 минутаар дөрвөн цаг хичээллэдэг юм байна. Дундаа нэг завсарлаж үдийн цайгаа 15-20 минутад уучихдаг аж. Хичээл эхлэхийн өмнөх бэлтгэл цаг, тарах хугацаа гээд бодвол зургаан настнууд гурван цаг 30 минутыг сургууль дээрээ өнгөрөөдөг байна.

Эхний цаг монгол хэл. “Хэн шүлэг унших вэ” гэж багшийгаа асуухад бүгд гараа өргөцгөөв. Наранзул багш “За Бадмаараг уншаарай” гэж байна. Дөрөвдүгээр салааны эхний ширээний охин “А-гаас Я-г бичсээр хуулсаар

Арав тавыг нэмсээр хассаар

Нарийн биеэ дуусгалаа

Наддаа бүхнээ зориуллаа” гэж дуржигнуулав. “Харандаа” шүлгийг ангийнхан нь дагаж уншаад жигтэйхэн. Тэргэл “Зараа”, Марий Лаурэ ”Монгол хэл” шүлгүүдийг түгдрэх ч үгүй уншиж багшдаа магтуулав. Гараа өргөсөн ч нэрийг нь дуудахгүй бол дуугүй суухгүй нөхөд бас байна. “Ээ л дээ багш аа, би уншмаар байна ш дээ” гэж тэвчээр алдрах жаалуудын ихэнх нь хөвгүүд. Зарим нь ширээ тэгнэн эсэргүүцлээ илэрхийлж ч байх шиг. Дараа нь зүйр цэцэн үг хэлүүллээ. Бас л бүгд гараа өргөж, суудлаасаа өндөлзөв. Энхжин “Ахаа алд хүндэл Дүүгээ дэлэм хүндэл” гэж байна. Зүйр цэцэн үг хэлэхээр утгыг нь тайлбарлуулдаг юм байна. Энхжин хэлсэн зүйр үгээ “Ахмад хүнийг хайрлах ёстой, бас дүүгээ ч гэсэн загнаж болохгүй” гэж тайлбарлав. Хажууд нь суудаг Билгүүн ч дуугүй суусангүй “Ах хүнийг хүндлэхгүй байж болохгүй” гэж сүрхий чухал царайлав. Зүйр цэцэн үг тайлбарлах арга хүүхдүүдэд их таалагддаг бололтой. Дараа нь ертөнцийн гурав хэлцгээв. Хамгийн түрүүнд Энхрий босч ирээд “Ертөнцийн гурван баян” гэснээ хоолойгоо чанга гэгч нь зассанаа “Тэнгэр одоор баян Далай усаар баян Газар үндсээр баян” гэж цангинууллаа. Ертөнцийн гурвыг ч мундаг тайлбарлацгаах юм.

Зургаан настнуудад монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хөгжим, биеийн тамир, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд 7-8 төрлийн хичээл ордог юм байна. Мөн эцэг, эхийн оролцоог сайжруулах уралдаан, тэмцээн, дугуйлан, тайлан их зохиодог гэнэ.

Завсарлагааны цаг гэнгүүт л ангид анх орж ирэхэд угтсан шуугиан, бужигнаан давтагдав. Наранзул багш бие засах хүүхдүүдийг дагуулаад гарлаа. Дөрөвдүгээр салааныхан нийлж аваад зуныхаа амралтыг ярьж байна аа. Билгүүн, Энхжин, Оюундарь, Сэр-Од, Гэгээ, Тогтохтөр, Эгшиглэн, З.Ариунболд, Цэлмүүн нар нэг эгнээнийхэн. Оюундарь “Зуны амралтын даалгавраа хийчихээд амралтанд хөдөө явна” гэж байна. Гэгээ “Манай ээж жирэмсэн. Би охин дүүтэй болох гэж байгаа ш дээ. Аав намайг нэгдүгээр ангиа төгсөхөөр дугуй авч өгнө гэсэн. Би нээрээ үсэглэлийн баяраар хулганын дуу дуулсан ш дээ” гээд ярьж гарав. Гэтэл Сэр-Одын тэвчээр алдарсан бололтой “Чи одоо дуугүй байж бай” гэснээ “Манай гэрийнхэн хүүхдийн баяраар надад бэлэг өгнө. Би парк дээр очиж тоглоно” гэж хэлээд хажуудаа суусан Билгүүнийг хүзүүдэв. Энэ салааны хамгийн ард З.Ариунболд, Цэлмүүн хоёр нэг ширээнд суудаг юм байна. Цэлмүүн “З.Ариунболд бид хоёр цэцэрлэгтээ нэг ангид байсан ш дээ. Тэр Наранхүү бас манай анги. Харин Бадмаараг нөгөө ангийнх. Цэцэрлэгт хамт байсан мөртлөө дахиад л нэг ангид орчихсон сонин байгаа биз” гэж дуржигнуулав. Гэгээлэн “Ангиараа хүүхдийн баярын дараа музей үзээд амарна, ёстой гоё” гээд амаа дарж “аальгүйтэв”.

Дараагийн хичээл эхлэх цаг боллоо. Гаднаас орж ирэх гуч гаруй насны бүсгүйг харсан хөвгүүдийн зарим нь ширээнээсээ босч тэрүүхэндээ хөөрцөглөөд жигтэйхэн юм болов. Номинсүрэн “Yes” гэж хашгирснаа гараа элдэв янз болгон сандал дээрээ тогтож суухгүй догдолж, Нинжингийн харц нь гэрэлтээд ямар нэг гоё хичээл орох нь жаалуудын ааш аягаас тодорхой болов. Дуу хөгжмийн багш Х.Нархандыг самбарын өмнөх хөшгийг буулгахад л сая нэг ойлгов. Дуу хөгжмийн багш хүүхдүүдэд үлгэрээс сэдэвлэсэн “Халиартай гамбир” гэдэг хүүхэлдэйн кино үзүүлэхээр бэлджээ.

Наранзул багш “За хүүхдүүд ээ, нэг хичээлээс нөгөө хичээлд ороход яадаг билээ” гэхэд жаалууд “Бясалгадаг” гэж ам нийлүүлж байна. Шинэ хичээл орохын өмнө анхаарлыг нь төвлөрүүлж хэсэг чимээгүй суулгадаг аж. Ингээд кино эхэллээ. Халиартай гамбир хийж байсан туулай, гамбирыг нь идэх гэсэн баавгайн аль аль нь зальт шар үнэгэнд хийсэн гамбир, исгэж бэлдсэн гурилаа алдсан тухай өгүүлдэг их хөөрхөн кино юм. Исгэсэн гурил идэж гэдэс нь дүүрсэн үнэгийг харсан хүүхдүүд тас тас хөхрөлдөөд эдний анги нэг хэсэгтээ л хөл хөөрт умбав. Сэр-Од “Гоё л кино юм, гэхдээ баавгай, үнэгийг нь баримлын шавраар хийчихсэн юм биш үү, гэхдээ яаж хөдөлгөсөн юм бол” гэж өөртөө хэлснээ толгойгоо маажиж харагдав. Үл итгэгч маань кинон дундуур үнэгийг гарах тоолонд “Аа муу зальтай үнэг” гэж үнэн сэтгэлээсээ загнаж байсан билээ. “Халиартай гамбир” киноны дараа нэгийн “В”-гийнхэн “Дахиад ганцхан удаа багш аа, Ну погоди үзье л дээ” гэж шаагилдав. Жаалууд “Ну погоди”-г ч инээж, хөхрөлдөж үзэцгээлээ.

Хүүхдүүдийг хүүхэлдэйн кино үзэх зуур Наранзул багштай зургаан настнуудын онцлогийн тухай яриагаа үргэлжлүүлэв. Наранзул багш “Зургаан настнуудын гар нь жижиг, булчин нь хөгжиж амжаагүй байдаг учраас дээд тал нь 3-5 минут бичих чадвартай байдаг. Үүнээс илүү хугацаагаар юм бичүүлбэл гар нь чилж өвддөг. Оюун ухааны хувьд зургаан настай хүүхдүүд маш сэргэлэн. Аливаа зүйлийг илүү тусгаж авдаг. Гайхалтай сэтгэдэг бас тогтоох чадвар нь маш сайн. Энэ онцлогийг нь эрдэмтэд судалж мэдээд, зургаан настайд нь сургуульд оруулдаг болсон байх. Сэтгэл зүйн хувьд маш амархан баярладаг, амархан гомддог. Тэгэхээр аливаа зүйлийг хийхэд нь дэмжиж, тусалж, урмын үг хэлэх хэрэгтэй. Тэгвэл юмыг маш хурдан сурна, тогтооно. Тиймээс багш нар хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг судалж ажиллах ёстой. Мөн энэ талаар зургаан настнуудын эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч байх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Анх үсэг сурч байгаа хүүхдэд гарыг нь барьж бичүүлэх хүндхэн байдаг гэнэ. Наранзул багш “46 хүүхдийн гарыг бариад “А” үсэг бичүүлнэ гэдэг боломжгүй. Нэг хичээл 35 минут ордог. Бид нэг хичээл дээр дор хаяж найман зорилт тавиад хичээлдээ ордог. 46 хүүхэд тус бүрт найман зорилтоо биелүүлнэ гэвэл багш дор хаяж 560 үйлдэл хийнэ. Тэр их үйлдлийг 35 минутад амжих уу, үгүй юу гэдэг их асуудалтай. Тиймээс бид секундээр хэмжиж ажилладаг. Үүнд хичээлийн бэлтгэл ажил маш чухал. Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа маш богино байдаг учраас багш тэр торгон мөчид хичээлийн хамгийн чухал хэсгийг заах ёстой. Хичээлээ сэдэлжүүлсний дараагийн дөрөвхөн минутад хүүхэд маш сайн анхаарч суудаг. Тэр сэдлийг багш сайн хийх ёстой. Үйлдлээс үйлдэл дамжихдаа бас сэдэлжүүлэх ёстой байдаг. Уншуулахын тулд нэг сэдэл төрүүлнэ, бичүүлэхийн тулд бас нэг сэдэл төрүүлнэ. Үүнээс хойших гурав, дөрөвхөн минутад л багш хүүхдийн толгойд юм хийнэ. Урт хугацаанд хичээл заавал хүүхэд ойлгож чадахгүй. Учир нь энэ насны хүүхдийн онцлог, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай холбоотой байдаг. Хүүхдүүд маш сайхан бичдэг, зөв уншдаг, сэтгэдэг, ярьдаг болж чадаж байгаа нь тухайн багш хүүхдүүдийн анхаарлыг төвлөрүүлж, тэр хугацаандаа хичээлээ зааж чадаж байгаатай холбоотой” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.

Нэгийн “в”-гийнхнээс хамгийн хамгийныг нь асуухад хачин идэвхтэй хариулж гарав. Эдний ангийн онц сурлагатнуудыг Тэргэл, Эгшиглэн, Номинсүрэн, Нинжин, Бадмаараг, Мөнхзул, Сэр-Од, Билгүүн, Чинзориг, Марий Лаурэ, Дагвадорж, Наранхүү, Ариунжаргал, нар тэргүүлдэг аж. Хурдан уншдаг нь Дагвадорж бол гоё бичдэг нь Тэргэл, Марий Лаурэ гэнэ. Харин алдаагүй гоё бичдэг нь Эгшиглэн, Номинсүрэн хоёр. Мундаг тоочин нь Бо.Цэлмэг, Сэр-Од, Билгүүн, Удвал, Чинзориг тав. За тэгээд хип хоп бүжгийн мастер Баттүшиг, ой тогтоолтын аварга Батхуяг, хэнтэй ч маргадаггүй нөхөрсөг Баярцэцэг, Есүгэн, Нарангэрэл, Хонгорзул, ангийнхнаа инээлгэж хөгжөөдөг Маралхүү, даруу ухаалаг Лувсандавий, Цэнгэлмаа, Эрдэнэтуяа, ангийн дарга шиг хүндлэгддэг Мөнхзул, хөдөөний амьдралыг ангийнхандаа кино шиг тодхон ярьж өгдөг Мягмаржаргал, гоё зурдаг Номуунзул, жирийтэл сайхан бичдэг Саранзаяа, Саранцацралт, гэж ирээд тойрч суусан жаалууд бие биенээ баахан магтав.

Ангийн авьяаслаг бүжигчнээр Баттүшиг, Энх-Учралыг дуу нэгтэй нэрлэж байна. Гоё шүлэг уншдаг нь Энхрий гэнэ. Харин гоё дуулдаг нь Дагвадорж, Энхрий, Номуунзул, А.Цэлмэг нар. Хурдан гүйдэг спортлог хүүгээр Наранхүү, Төгөлдөрийг нэрлэсэн бол охид жентельмэн хүүгээр Гэгээ, Билгүүн нарыг дуу нэгтэй онцлов. Багш нь Гэгээг энэ жил соёлч сурагчаар шалгаруулжээ. Харин сайн үйлстэн нь З.Ариунболд, С.Ариунболд хоёр. Амьдайнууд ангийнхаа найзуудын мартсан зүйлийг аваачиж өгдөг, ангид байгаа хогийг хогийн саванд хийдэг мундаг жаалууд гэнэ. Ариунтөгс, Чинбат Намнансүрэн, Бя.Цэлмэг дөрөв бас эдний ангийн сайн үйлстэнүүд. Ангийнхан нь тэднийг “Дандаа тусалдаг” гэж магтацгаав. Халиун ангийнхан дундаа хамгийн хашир, ахмадуудыг хүндэлдэг сайн хүүхэд гэнэ. Билгүүнтэй нэг ширээнд суудаг Энхжин ангийнхаа авьяаслаг сурагч болжээ. Нэг ширээний хоёр хоорондоо сүрхий дотно юм. Байсхийгээд л тэрүүхэндээ юуг ч юм ярьж инээлдэнэ. Ер нь эдний ангийнхан завсарлагаанаар нэг ширээнд суудгаараа, салаа, салаагаараа аминчирхан инээд, хөөр болцгоох юм.

Математикийн хичээл орсны дараах завсарлагаанаар нэгдүгээр салааныхантай жаал хуучлав. Танай ангиас хэн хурдан уншдаг вэ гэж асуухад өөрсдийгөө магтаж гарлаа. С.Ариунболд “Аниа, манай агаа минутад 190 үг уншдаг. Би сая уншилтын шалгалт дээр онц авсан” гэж байна. Хэдэн үг уншаад онц авсныг нь сонирхоход “За даа, жар хүрсэн байх аа” гэсэн хэвлүүхэн хариу өгөв. Гэтэл Нинжин “Ээ чи иймхэнийг уншсан юм уу, би 108 үг уншсан ш дээ” гэж тэрүүхэндээ намжирдаад жигтэйхэн. Сургуульд орохын юу нь гоё талаар асуухад бүгд л унтдаггүй нь гоё гэж ам нийлүүлэв. Дагвадорж л “Надад лав цэцэрлэг нь илүү гоё, унтаад, зөндөө хоол идээд” гэж тэс хөндлөн юм ярив. Хажуугийнх нь охид шоолоод сүйд болоход тоож байгаа шинж алга. “Цэцэрлэг л гоё” гээд нөгөө салааныхантай зүггүйтэхээр цааш эргэлээ. С.Ариунболд эдний ангийн яриасаг нөхдийн нэг гэдэг нь харваас илт. Өөр салааныхантай ярилцахаар эргэтэл “Аниа, нааш ир” гэж дуудаж байна. Яваад очтол “За өөр юу байна даа” гээд нэлээд тухлах шинжтэй хөлөө ачаад суучихав. “Би ээжээсээ охин дүү нэхээд байгаа. Уг нь над шиг хүү бол гоё л доо. Гэхдээ манай гэрийн хөвгүүд нь ихдээд байгаа юм” гэж ирээд хэзээний догь эр шиг хууч хөөрч хэсэг сууснаа “За за би тоглолоо” гээд гүйж одов. Энхрий чихэнд амаа ойртуулснаа “Эгч ээ, манай багш их гоё хувцасладаг. Улаан палааж нь аймаар гоё” гэж аминчлан шивнээдэхэв. Энхрийтэй багшийн гоё даашинзыг ярьж байх үеэр Тогтохтөр дэргэд ирж хоёр ширхэг үрэл өгснөө “Та түрүүн надад модтой чихэр өгсөн шүү дээ” гэж хэлснээ найз хөвгүүд рүүгээ харайлгав.

Хүн орчны хичээл орсны дараа Наранзул багш үдийн цай болсныг зарлав. Энэ өдрийн үдийн цайнд ногоотой зутан шөл бэлджээ. Сургуулийн тогоочийг хоол оруулж ирэхэд хүүхдүүд цүнхнээсээ аягаа гаргаж салаа салаагаараа эгнэн жагсав. Зургаан настнууд маань хоол идэхийнхээ өмнө гараа угааж заншжээ.

Жаалуудыг хооллох үеэр Наранзул багшаас өнгөрсөн намар ямаршуухан нөхөд хүлээж авч байсныг нь сонирхлоо. Ангийн багш “Анх үзгээ барихдаа саваа мод атгаж байгаа юм шиг барьчихдаг байсан миний нэг хөөрхөн шавь бий. Миний хүү ингэж барихгүй долоовор хуруу, эрхийн хуруу хоёроороо барьдаг юм гэж заагаад байхад л бүх хуруугаараа атгачихна. Үзгээ яаж барихыг олон дахин үйлдлээр үзүүлнэ шүү дээ. Яваандаа ойр орчныхоо хүүхдүүдийн бичиж байгааг хараад сурсан” гэж байна. “Багш аа, би тогломоор байна. Та тоглоомуудаа гаргаад ир л дээ” гэж эрхлэх хүүхэд ч гарчээ. Наранзул багш “Тоглоом нэхэхээр нь хүүхэлдэйн зураг гаргаж үзүүлэхээр би бамбарууш тэвэрмээр байна ш дээ гэнэ. Зургаан настнууд их хөөрхөн. Хичээлээ заагаад дундаа орж байхад ёо ядарчихлаа, багш аа ор чинь хаана байна унтъя гэхээс эхлээд хөөрхөн юм болно шүү дээ. Цэцэрлэгийн орчиндоо дасчихсан, унтдаг, тоглодог байсан дадал зуршлаасаа салаагүй байдаг хэрэг л дээ. Ийм тохиолдолд их бэрхшээлтэй байдаг. Нэг өдөр самбар дээр хичээлээ зааж байгаад эргээд харсан нэг хүү алга болчихож. Гайхаад харсан чинь ширээн доороо орчихсон машинаар тоглож байсан” гэж ангийнхныхаа хөгжилтэй агшнуудаас ярьж өгөв. Өхөөрдмөөр өчнөөн үйл явдал энэ ангид өрнөжээ. Биднийг багштай ярилцах үеэр хүүхдүүд зутан шөлөө уугаад аль хэдийнэ аягаа угаагаад хураачихаж. Тарах цаг болжээ. Хичээл тарсны дараа Наранзул багш дүн гаргах их ажилтай үлдлээ.

Б.Маралмаа

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *