Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзаж, хийсэн ажлын тайлангаа тавих уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр 12.00 цагт Баянхошууны иргэдтэй уулзсан бол одоо Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 22, 32-р хорооны иргэдтэй уулзаж байна. 15.00 цагт эхэлсэн тус уулзалтаар иргэдэд тайлангаа тавихын сацуу гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, иргэдийн саналыг сонссон юм.
Гэр хорооллыг орон сууцжуулах бүтээн байгуулалт хийхэд ямар ч саадгүй гэдгийг нийслэлийн Засаг дарга хэлэв. Хамгийн гол нь иргэд өөрсдөө бүтээн байгуулалтын ажлыг хүлээн зөвшөөрч, санал нэгдэн оролцох хэрэгтэй байгааг мөн онцоллоо.
Түүний дараа иргэд сонирхсон асуултдаа хариулт авч, санал хэлсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 2-р хорооны иргэн н.Алтан:
-2-р хороонд дахин төлөвлөлт явагдаж 268 айлын хоёр блок байр баригдсан. Эхнээсээ орох гэж байна. Нийт 60 айл нүүж орох юм. Түүнээс гадна нэг асуудал байна. Маш чанартай баригдсан барилга учраас барьсан компани илүү байрыг зарж эхлээд байна. Сайн, чанартай баригдсан учраас мөнгөтэй хүмүүс худалдаж авах гээд байх шиг байна. Биднийг байрандаа орж амжаагүй байхад бүгдийг нь зарчих вий гэсэн айдас байна.
Э.Бат-Үүл: -Компани газраа өгсөн айлуудад байрыг нь өгсний дараа илүү гарсан орон сууцыг зарж байгаа байх. Түүнээс гадна дулааны шугам сүлжээг татахгүй байгаагаас үүдэн байрандаа орж чадахгүй байгаа асуудал байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард холбогдох бүх хүмүүсийг байлгаж байгаад дулааны шугам сүлжээг яаралтай шийд гэсэн даалгавар өгсөн байдаг. Гэвч одоог хүртэл шугам сүлжээний асуудлыг шийдээгүй байгаа учраас тэдгээр хүмүүст заавал хариуцлага тооцно. Чадахгүй байгаа бол ажлаас нь чөлөөлж, чаддагийг нь ажиллуулна. Тиймээс тун удахгүй асуудлыг шийдээд иргэдийг байранд нь оруулна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Тогтох:
–Хархорин зах худалдааны төв болоод, зохион байгуулалтад ороод сайхан боллоо. Гэвч гар дээр, жижиглэн худалдаа эрхлэгчид Хархорин захын ойр хавьд, автобусны буудал дээр худалдаа наймаа хийсээр л байна. Эдгээр хүмүүст жижиг зах байгуулж өгч болохгүй юм уу.
Э.Бат-Үүл: Зах гэдэг бол бага орлоготой иргэддээ зориулж, аж амьдралыг нь дээшлүүлэхийн тулд нийслэлээс гаргаж өгдөг зүйл юм. Ямар ч түрээс авахгүй байх ёстой юм. Хог хаягдал, тог цахилгааныхаа л төлбөрийг авна. Тиймээс бид бага орлоготой иргэдэд зориулсан ямар ч түрээсгүй хотын захыг байгуулахаар болсон. Иргэдэд зориулсан түрээсгүй зах байгуулснаар олон айл өрх орлоготой болно. Түрээсгүй захад ажиллаад орлого нь дээшлээд ирэхээр худалдааны төвд наймай хийж эхэлдэг юм. Орлоготой болоод ирэхээр дандаа зах дээр зогсоод байхгүй шүү дээ. Харин хувийн компани ашиг олохын тулд ажиллах гэж байгаа бол зах биш худалдааны төв байгуулах ёстой.
Мөн уулзалтад ирсэн ихэнх хүн цэвэрлэх байгууламжын асуудалд нийслэлээс хэрхэн анхаарал хандуулж байгааг сонирхож байлаа. Үүнд, нийслэлийн Засаг дарга “Цэвэрлэх байгууламжид шинэ технологи нэвтрүүлж ажиллаж байгаа. Удахгүй газар дээр очиж, танилцана. Ямар ч байсан цэвэрлэх байгууламжийг иж бүрнээр нь шинэчилнэ гэдгийг хэлье” хэмээн хариулт өгсөн юм.
Хотын даргын Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах уулзалт үргэлжилж байна.