Categories
мэдээ нийгэм

“Аваргын эрэмбэтэй арслан” шүлгийг хөшөөнд мөнхөлжээ

Өвөрхангайн домогт бөх, улсын арслан Гялдангийн Цоодол агсаны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй уялдуулж Цоодол арслангийн төрсөн нутаг Гучин-Ус сумын төвд түүний хөшөө сүндэрлэн босчээ. Энэхүү хөшөөний ар талд зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын “Аваргын эрэмбэтэй арслан” хэмээх шүлэг сийлэгджээ.

Цоодол арслангийн хүү Болд өгүүлэхдээ: “…Миний аав Улсын арслан Цоодолын тухай зохиолч, сэтгүүлч Б.Ойдов 2010 онд гал цогтой, уншихад урамтай сайхан шүлэг бичсэн байдаг. Энэ шүлгэнд аавын маань амьдрал тэмцэл, ажил үйлс, монгол бөхийн хийморь золбоо, хүч чадал бүрэн тусгагдсан тул бид бүхэнд маш их таалагдсан. Аав маань Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрч, “Арвайхээрийн арслан Цоодол” хэмээн олон түмэнд алдаршсан хүн. Тиймээс Гучин-Ус сумын нутгийн зөвлөлийн шийдвэрээр домогт арслан аавын маань хөшөө сүндэрлээд байна. Энэхүү хөшөөний ар талд Б.Ойдовын “Аваргын эрэмбэтэй арслан” хэмээх шүлгийг бүрэн эхээр нь сийлж мөнхлөв. Хөшөөн дээр ингэж шүлгээ сийлүүлж мөнхлөнө гэдэг найрагч хүнд ховорхон тохиох аз завшаан болов уу. Яагаад гэвэл Монголд өнөөгийн байдлаар өөрийн шүлэг дууллаа хөшөөнд сийлүүлж мөнхлүүлсэн гурав дөрөвхөн найрагч байдаг юм байна. Миний олж мэдсэнээр бол яруу найрагч Д.Пүрэвдорж агсаны дөрвөн мөрт шүлэг Зайсангийн хөшөөн дээр сийлэгдсэн бол яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн “Багш” найраглал Багшийн сургуулийн өмнөх хөшөөнд сийлэгджээ. Мөн Р.Чойномын “Дарсны ширээ минь баяртай” шүлэг Хэнтий аймгийн төвд сийлэгджээ. Хөшөөнд мөнхөрсөн дөрөв дэх шүлэг нь Б.Ойдовын “Аваргын эрэмбэтэй арслан” болж тодорлоо. Дууны шүлэг бол хөшөөнд мөнхөрсөн нь олон байдаг юм байна. Харин хувь хүний шүлэг тун ховор. Тиймээс энэхүү ховорхон аз завшааныг хүртсэн Б.Ойдов найрагчид баяр хүргэе..” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *