Categories
мэдээ улс-төр

Хятадын ЭСЯ хүүхдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнгөрсөн мягмар гаригт нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин хэлэхдээ, “Маргааш Олон улсын хүүхдийн баярын өдөр тохионо. Тиймээс энэ сайхан баярын өдөрт зориулан Монголын ЕБС-ийн сурагчид манай ЭСЯ-нд зочилж байгаад баяртай байна. Монгол Улсад суух Элчин сайдаар ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд миний хувьд хамгийн аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна. Яагаад гэвэл манай хоёр улс сайн түнш, найз, хөрш улс. Тиймээс хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ЭСЯ-ны зүгээс Монголын хүүхдүүдийн боловсрол, хөгжилд тусламж дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.

Өдөрлөгт Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургууль, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Монгол Хятадын Найрамдал сургуулийн сурагчид хүндэт зочноор уригджээ. Тэд урлагийн тоглолтоор ирсэн зочдод бэлэг барьсан байна.

Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын сурагчид морин хуураар “Жалам хар”, “Үүлэн бор”-ын аялгууг эгшиглүүлсэн бол Сүхбаатар дүүргийн II дунд сургуулийн сурагчид “Ардын хослол” ятга хөгжмийн гоцлол, “Хархираан Торгууд” бүжиг, “Бидний хувцас” дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн ХБК-ийн сурагчид “Шан Бэй бодол” хятад ардын бүжгийн хөгжим, Монгол Хятадын Найрамдал сургуулийн сурагчид “Тогосны бүжиг” бүжиглэж, сурагчид зурсан зургаа танилцуулсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй нар хоёр улсын ард иргэдийн идэх дуртай амтат хоол банш чимхэхийг хүүхдүүдэд зааж өгчээ. Сурагчид БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үйл ажиллагаатай танилцав. ЭСЯ хэмээх газрыг нүдээр үзэж, тэдний ажил үйлстэй танилцсан хүүхдүүд сэтгэгдэл өндөр байгаагаа хэлжээ.

Д.Сүхбаатарын нэрэмжит II дунд сургуулийн захирал Л.Цэнгэлмаа, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборын дарга Б.Лхамсүрэн, Монгол Хятадын Найрамдал сургуулийн хичээлийн эрхлэгч Жан Шао Фэн, БНХАУ-ын ЭСЯ-наас БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин зөвлөх Ян Чин Дун, ЭСЯ-ны цэргийн атташе Бао Үй Хай, Эдийн засаг худалдааны зөвлөх Сүн Рэй Вэн, Улс төрийн зөвлөх Ли Ян Жүн нарын зочид төлөөлөгч, ЕБС-ийн сурагчид, хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *