Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Япон улсыг зорилоо

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2016
оны 06 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийхээр
өнөөдөр /2016.06.01/ мордлоо.

Ажлын айлчлалын үеэр Улсын Их Хурлын
дарга З.Энхболд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга
Т.Ошиматай уулзана. Японы парламент нь дээд, доод гэсэн хоёр танхимтай.
Дээд танхим болох Зөвлөхүүдийн танхим нь 242 /2016 оны байдлаар/
гишүүнтэй, бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа нь 6 жил байдаг бөгөөд
нийт гишүүдийн 50 хувь нь гурван жил тутамд солигддог / дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/.
Түүнчлэн Зөвлөхүүдийн Танхим / дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү/-ын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзана.
Мөн тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн
яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын
“Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг
зурах ёслолд оролцоно. Уг санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол, Япон
Улсууд харилцан тохиролцож ажиллах хүч илгээх, хөдөлмөр эрхлэлт, ур
чадвар дээшлүүлэх мэргэжлийн боловсролын сургалтад манай улсын
дадлагажигчид хамрагдах цар хүрээ өргөжин, баталгаажих юм. Өнөөдрийн
байдлаар Монгол Улсаас Япон Улсад 1500 гаруй дадлагажигч ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Уул уурхайн яам,
Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам хоорондын “Цэвэр
нүүрсний технологийн солилцоог дэмжих хамтын ажиллагааны санамж
бичиг”-ийг үзэглэнэ. Ингэснээр Монгол Улсад үр ашигтай нүүрсний
хэрэглээг дэмжих зорилгоор цэвэр нүүрсний технологийн солилцоог
гүнзгийрүүлэх, хамтарсан судалгааг дэмжих, нүүрс хийжүүлэх технологи
болон хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх
зэргээр хоёр улс хамтран ажиллах боломж бүрдэнэ.
Улсын Их Хурлын дарга ажлын
айлчлалынхаа хүрээнд Япон Улсын Фукушима муж дахь нүүрснээс хий гаргаж,
эрчим хүч, дулаан үйлдвэрлэх шинэ технологийг /IGCC/ нэвтрүүлсэн
“Накасо” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцана.
Мөн Чиба мужийн полипропилен буюу бүх
төрлийн пластмассан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Прайм Полимер” компанид
зочлох юм. Тус компани нь полипропилен түүхий эдээр машины эд анги болон
бусад полипропилен бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна.
Улсын Их Хурлын дарга Сайтама мужийн
Шибасаки үйлдвэрт зочлон, тус үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж буй монгол
иргэдтэй уулзах юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Япон
Улсад хийх ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд
Г.Баярсайхан, Уул уурхайн сайд Р.Жигжид, УИХ-ын даргын зөвлөх
Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан болон албаны бусад хүмүүс багтсан байна.
1972 онд хоёр орны хооронд дипломат
харилцаа тогтоосноос хойш буюу 1974 оноос Монгол-Японы парламент
хоорондын харилцааны үндэс суурь тавигдаж хамтын ажиллагаа өргөжин
хөгжиж иржээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *