Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээ, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.
Прокурорын байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэрт эргүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг, бие даасан, хараат бус байгууллага болохыг Хууль зүйн сайд онцлов. Нэг прокурор жилд дунджаар захиргааны шийтгэл оногдуулсан 440 материал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 182 хэрэгт хяналт тавьж, 60 хэрэгт прокурорын даалгавар бичиж, байцаан шийтгэх бусад ажиллагаанд 64 удаа тус тус оролцсон судалгааны дүн прокурорын ажлын ачааллыг харуулж байгаа юм. Шүүх эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажилтнуудын цалин өөр өөр байгаагаас тус байгууллагын албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад сөргөөр нөлөөлж байгаа юм байна.
Төрийн албаны тухай хуулийн 28.3 дахь хэсэгт “төрийн тусгай албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэсэн заалт, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бусад байгууллагын албан хаагчид 4-5 төрлийн нэмэгдэл авч байгаатай дүйцүүлэхийн тулд прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдлийг олгохоор тогтоолын төсөлд тусгажээ. Прокурорт мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нь прокурорын мэргэжлийн ур чадвар болон ажлын хариуцлага, хуулиар хүлээсэн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.