Categories
мэдээ нийгэм

“Халбага зөгийн бал” аян хоёр сар үргэлжилнэ

Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” ТББ хамтран “Халбага зөгийн бал” хэрэглээний боловсрол олгох аяныг зургадугаар сарын 1-нээс эхлүүлж байгаа тухай өнөөдөр /2016.05.31/ мэдээллээ. Аян наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Аян зөгийн балны зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготой аж. Аян үргэлжлэх хугацаандаа үндсэн дөрвөн төрлийн агуулга бүхий мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сувгуудаар хүргэх юм. Үүгээр дамжуулан зөгийн балны ач тус, хэрэглээний тухай мэдлэгийг олон нийтэд олгох гэнэ.

ХХАА-н сайд Р.Бурмаа аяны нээлтийн үеэр “Монгол Улсын Засгийн газраас зөгийн аж ахуйг хөгжүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд бодлогоор дэмжсний үр дүнд олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүд энэхүү салбарт анхаарал хандуулж хамтран ажиллаж эхэллээ. ХХААЯ-аас 2013 онд 30 жил тасарсан Зөгийчдийн 3 дугаар чуулганыг зохион байгуулсан нь зөгийн аж ахуйн өнөөдрийн эрчимтэй хөгжлийн суурь болсон юм. Дээрхи төр засгийн бодлого, дэмжлэг, зөгийн аж ахуй эрхлэгчдийн маань хичээл зүтгэлийн үр дүнд бид 2015 онд улсын хэмжээнд түүхэндээ анх удаа түмэн бүл зөгийтэй боллоо. Ингэснээр бид өмнө нь дотооддоо 30-50 тонн зөгийн бал үйлдвэрлэж байсан бол одоо 150 тонн зөгийн бал үйлвэрлэж дотоодын хэрэглээний 30-аад хувийг хангаж байна. Цаашид бид бодлогоор зөгийн аж ахуйг дэмжсэнээр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой” хэмээв.

ХХААЯ, “Монголын зөгийчдийн нийгэмлэг” болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл нээлтэд оролцож, “Зөгийн балны ач тус” илтгэлийг танилцуулж, дотооддоо үйлдвэрлэсэн зөгийн балны амталгаа хийсэн байна. “Халбага зөгийн бал” аяныг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог. Тус аян монгол хүний эрүүл мэндэд олон олон эерэг нөлөөлөл үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээсээ хүн амын хэрэгцээгээ хангаж чаддаг болохоо харуулна гэдэгт итгэлтэй байгаагаа нээлтэд оролцогчид хэлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *