Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ зургадугаар сарын 1-нд Чингисийн талбайд 11:00 цагт эхэлнэ. Энэ удаагийн хүүхдийн баярыг “Ном”, “Авьяас”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийн үр дүнг олон нийтэд танилцуулах,хүүхдийн авьяас,ур чадвар, амжилтыг сурталчлах зорилгоор Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулах гэнэ.
Энэ үеэр 500 хүүхэд Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Халуун элгэн нутаг” аялгууг бишгүүрээр хөгжимдөх бол Төрийн хошой шагналт, жүжигчин Н.Жанцанноровын “Монгол аялгуу” бүтээлийг мөн 500 хүүхэд морин хуураар тоглох юм байна. Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, Баянгол дүүргийн 85, 94, 157, 185, Баянзүрхийн 61, Сонгинохайрханы 113 дугаар цэцэрлэгийн хүүхдүүд болон Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн сурагчид гээд нийт 2000 гаруй хүүхэд энэ өдөр төв талбайд уран хөдөлгөөнт гимнастик хийх гэнэ. Мөн 1000 хүүхэд парад алхаж, баяр хүргэхээс гадна хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны амталгаат худалдаа зохион байгуулах аж.