Италийн Сассари хотод “Мемориал Маттео Пелликоне” тэмцээн 21 дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Бразил, Венесуэль, Грек, Израил, Итали, Казахстан, Канад, Монгол, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орнуудын бөхчүүд өрсөлдсөн.
58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт Италийн бөх Ф.Инделикатог 10:0, хоёрдугаар тойрогт гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 онооны харьцаагаар ялсан. Харин хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд Оросын бөхийг хожжээ. Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хоёрдугаар тойрогт Канадын бөх М.Фаззарийг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Орхонд цэвэр ялагдсан бол дагах барилдаанд гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожин хүрэл медалийн төлөө барилдаанд ялсан байна.
60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор эхний тойрогт Казахстаны бөх Е.Дунбае, хоёрдугаар тойрогт Италийн бөх Э.Шафер нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх Линда Мариустай хүнд барилдаан хийж 11:7 онооны харьцаагаар өвдөг шороодуулсан байна. Улмаар алтан медалийн төлөө Италийн бөх Бланка Лопезтэй барилдаж хожжээ.
Тэгвэл 69 кг-ын жинд гавьяат тамирчин С.Батцэцэг тойрогт Оросын бөх А.Фоменког 7:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд Оросын бөх А.Братчиковад 2:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд ялсан. 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт Оросын бөх А.Бабкинаг оноогоор, хоёрдугаар тойрогт Италийн бөх Д.Каневаг 4:1, хагас шигшээ барилдаанд Оросын бөх К.Дудаеваг 12:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд Францийн бөх Л.Коумдаг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулсай байна. Мөн олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хоёрдугаар тойрогт оросын бөх К.Дудаевад ялагджээ.