Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Бөхчүүдийн бүлэг

УИХ-ын сонгуульд нэр дэвших сонирхолтой эрхмүүдийн нэр тодорч, нам, эвслүүд тэднийг батламжлах л үлдээд байна. Нам эсвлүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй учраас энэ үдэш гэхэд ирэх парламентад сойгдох нөхдийн нэр тодорхой болно. Харин энэ эрхмүүд дунд спорт, урлагийнхан цөөнгүй байх нь. Спортынхноос гэхэд “Бөхчүүдийн бүлэг” байгуулах хэмжээний хүмүүсийн нэр сонсогдож байна.

АН

  • Х.Баттулга, Н.Түвшинбаяр нар Баянхонгор аймагт
  • Кёкүшюзан Д.Батбаяр Сонгинохайрхан дүүрэгт

МАН

  • Б.Бат-Эрдэнэ Хэнтий, А.Сүхбат Төв аймагт
  • Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүрэгт

МАХН

  • Н.Бүргэдаа Говь-Алтай аймаг

Нэгдмэл Монгол эвсэл

  • Х.Цагаанбаатар

УИХ дахь бүлэг нь найм болон түүнээс дээш гишүүнтэйгээр байгуулагдах ёстой. Тэгэхээр “Бөхчүүдийн бүлэг” асуудалгүй бүрдэх нь. Бүлгийн даргаар цагтаа жүдогийн татамид бярдаж авсан Женко Х.Баттулга ажиллана. Түүнд спортын бас улс төрийн нэр ч бий. Өмнө нь гурван ч парламентын нүүр үзэж, дөрөв дэх удаагаа гишүүнээр тухлах гэж буй түүнд бүлэг удирдаад явах хэмжээний улс төрийн хор шар бий. Харин бүлгийн дэд даргаар МАН-аас нэр дэвшигч дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Бүлгийг АН, МАН-ын төлөөлөл удирдах нь тэнцвэрт байдлыг хадгална. Гишүүдэд нь олимпийн аварга Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дархан аварга А.Сүхбат, аварга Д.Сумъяабазар, Кёкүшюзан Д.Батбаяр, гавьяат тамирчин Н.Бүргэдаа. Сошиалийн шуугигчдын хэлдгээр бөхчүүд Төрийн ордонд ирж барилдаж, улстөрчид Бөхийн өргөөнд очиж хуралдах нь. Бас Монголын парламентын гишүүн олимпийн наадамд барилдаж, аварга боллоо гэж дэлхийн “чих”-ийг дэлдийлгэнэ. Эсвэл улс төрөөс болж хэнд ч анзаарагдахгүй “арчигдана”.

УИХ-д бие даагчдын бүлэг гэж байдаг. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар тус бүлгийг бүрдүүлж байв. Харин шинэ парламентад бие даагчид бус Урлагийн зөвлөл байгуулагдана. Дуучин Нара, Бэки, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гэхчлэнгээр урлагийнхан ч зөвлөлөө байгуулахад гишүүнээр дутахгүй.

Ийм л эрээн цоохор парламент бүрдэж магадгүй дүр зураг харагдаж байна. Улс төрийн нам, эвслүүд ч реклам хийхгүйгээр гараад ирэх хүмүүсийг нэг их зовоохгүйгээр батламжилна биз. Харин тэд намын болоод сонгогчдын итгэлийг даах эсэх нь УИХ-ын гишүүн нэр зүүхээс том асуудал.

Хүн том зорилготой байж болно. Харин тэр зорилгодоо хүрэх дөт зам нь сайн чаддаг зүйлээ хийх. Өөрөөр хэлбэл, чаддаг чаддаг зүйлээ хийх нь өөрт болоод өрөөлд тустай. Урлаг, спортынхон улстөрч болох гэж зүтгэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Дур эзнээ голохгүй л юм даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *