Categories
мэдээ цаг-үе

Санхүүгийн пирамид буюу боловсон дээрэм

Санхүүгийн пирамидын “эцэг” нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Компаниа нээж, төлөөний хүмүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын аргагүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст итгүүлжээ. Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байдлыг бүр ч гааруулж орхисон гэдэг. Гэвч “The Bos­ton Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх хүмүүсийн тоо ч олширно. Өнөөдүүлээс авснаа өмнө нь мөнгөө тушаасан хүмүүст тараана. Товчхондоо анх хөрөнгө оруулсан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонх нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм. Хар үгээр бол боловсон дээрэм.

Понзигийн схемийн дээд амжилтыг хамгийн сүүлд тогтоосон хүн нь Нью-Йоркийн еврей хорооллоос гаралтай Бернард Мадоф. 40 миллиард ам.долларыг олон арван жилийн турш хуурч мэхэлж луйвардсан нь 2008 онд илэрч байв. Тэр NASDAQ мэтийн орчин үеийн анхны электрон биржийг ашиглан асар их мөнгө завшин тансаг гэж жигтэйхэн амьдарч байж. “Боловсон дээрэмчин” маань сарын тогтмол нэг хувийн хүүгийн өсөлтийг зарлаж байсан гэдэг. Санхүүгийн пирамидын эцэг гэгддэг Понзи шоронгоос гарсныхаа дараа хэцүүхэн амьдарч яваад нас барсан бол Мадоф амьддаа гарч ирэхээргүй олон жилийн ял сонссон байдаг.

Манай улсын хувьд аль далаад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд Понзигоос эхтэй системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотооддоо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохирогч болгосон жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий. Орост төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа” төв гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө. 700 ам.доллар нь гишүүний хураамж. Энэ мөнгөнд нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно. Нэг хүн элсүүлээд 800 ам.доллар авахыг хүсэхгүй хэн байхав. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгөжөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2000-аад оны эхээр төвийн удирдлагууд ял сонссон түүх бий. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг гарахаа больж ихэвчлэн интернэтээр луйварддаг болсон гэж хууль, хяналтынхан байсхийгээд сануулдаг. Мэйлээр чинь нэг л өдөр та сая ам.доллар хожлоо, ногоон картны азтан боллоо гэх мэт гоё захиа ирвэл энэ зүгийнх гээд ойлгочих хэрэгтэй. Амласан орондоо аваачиж, тансаг орчинд амьдруулж байгаад мөнгө салгадаг нарийн зохион байгуулалттай хэрэг ч байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Санхүүгийн пирамид гэхээр манайхан сүлжээний бизнес гэж ерөнхийлж ойлгоод байдаг талтай. Сүлжээний бизнес гэдэг нь энгийнээр бол шууд худалдаа. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах үүднээс гишүүнчлэл үүсгэдэг. Санхүүгийн пирамидын хувьд зөвхөн мөнгө яригддаг гэдгээрээ ялгаатай. Гэхдээ нэг зүйлийг сануулахад онлайн худалдаагаар цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгон ажиллаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг бий. Худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний чинь дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг сануулъя. Сүлжээний компаниудын аль нь найдвартайг мэдэж цөхөх юмгүй. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.wfdsa.org, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.fed­sa.de гэсэн цахим хуудас руу орж худалдаа хийх гэж байгаа компанийнхаа нэрийг оруулж хайлт хийгээд үзээрэй. Таны хандсан компанийн нэр байхгүй бол пирамид тогтолцооны луйвар гэсэн үг. Манай улсад орж ирсэн дийлэнх сүлжээний компаниуд ОХУ-ынх байдаг. Оросын Шууд худалдааны нийгэмлэгийн цахим хуудас нь www.rdsa.ru.

Бусдыг элсүүлэхдээ мөнгө авч, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгдөг санхүүгийн пирамидыг АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсууд луйвар гэж үзэн хуулиараа хориглосон байдаг. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь ч тийм зөөлөн биш. АНУ-д гэхэд л пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, гүйцэтгэхэд нь тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Орост санхүүгийн пирамидын луйвар их хэмжээгээр гардаг нь хууль зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэдэг. Хойд хөршөөс энэ төрлийн луйвар их орж ирэх магадлалтайг санаад авчихад илүүдэхгүй. Манай улсад санхүүгийн пирамид хуулиараа хориотой. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг олох үйл ажиллагааг зогсооно гэсэн заалт бий. Тэгэхээр санхүүгийн пирамидын шинжтэй боловсон луйврын талаар цагдаа, хуулийнханд мэдэгдэх боломжтой гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *