Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны хуралдааны ирц бүрдээгүй байна

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ)-ны хуралдаан өнөөдөр 18:00 цагт зарлагдсан ч 20:00 цагт эхлэхээр болж хойшилсон. Гэхдээ одоогоор гишүүдийн ирц хурлыг эхлүүлэх хэмжээнд хүрээгүй байгаа юм. Мөн Ардчилсан намын удирдлагууд хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ асуудлыг ярилцаж буй аж.

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас олонхын санал авч чадалгүй унасан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нарыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан руу оруулах асуудал яригдаж байгаа аж. Тэднийг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэх хамгийн боломжтой нэр дэвшигчид гэж үзэн ийн ярьж буй юм байна. Мөн Дундговь аймгийн Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэрийг дэвшүүлсэн ч маргаантай байгаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал эмэгтэй нэр дэвшигчид боломж олгохын тулд мандатаа эмэгтэй нэр дэвшигчид өгөх хүсэлтийг намын даргадаа өчигдөр гаргасан.

Орхон аймагт өрсөлдөхөөр бэлтгэл хангаж байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг анхан шатанд нэрээ татсан зэрэг асуудал үүссэн учраас удирдлагын төвшинд энэхүү хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хэний нэрийг Үндэсний зөвлөлдөх хорооны хурал руу авч орох вэ гэдгээ ярьж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *