УИХ-аас хуульчлан баталсан “Жагсаал цуглаан хийх тухай журам”-д гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж заасан байдаг.
Энэ журмын дагуу Чингис хааны нэрэмжит талбайд жагсаал цуглаан зохион байгуулах болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрөл авдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд аж ахуйн нэгжээс 2016 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс зургадугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан 12 төрлийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар хүсэлт ирүүлэн, зөвшөөрөл авчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 28-нд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болох бол тавдугаар сарын 31-нд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Дэлхийн сүүний өдөр”-ийг Чингисийн талбайд тэмдэглэх зөвшөөрөл авсан байна. Мөн зургаадугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа болох бол зургадугаар сарын 4-нд “Найраг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Олон улсын марафон, зургаадугаар сарын 5-нд Мэдээллийн технологийн газраас Wi Fi сүлжээний нээлтийн ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт ирүүлж, зөвшөөрөл авчээ. Түүнчлэн 2016 оны зургаадугаар сарын 07-нд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт, зургаадугаар сарын 7-8-ныөдрүүдэд Хөгжлийн банкнаас Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулах юм байна. Харин зургаадугаар сарын 18-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас “Экстрим крейв” амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ.
Тиймээс нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зургадугаар сард Чингис хааны нэрэмжит талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг нэмж олгохгүй юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.