БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн урилгаар тус улсад энэ сарын
18-наас албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа
эхний өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон монгол иргэдтэйгээ
уулзжээ.
Айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу өчигдөр БНСУ-ын Ерөнхийлөгч
Пак Гын Хэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Айлчлалын
бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хөдөлмөрийн яамны төрийн
нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн
бичгийн дарга С.Ламбаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Э.Бат-Үүл зэрэг албаны хүмүүс багтсан юм. Хоёр талын албан
ёсны хэлэлцээрийн дараа зарим салбарт хамтран ажиллах санамж бичигт
гарын үсэг зурсан байна. Ингэснээр Улаанбаатар Пусаны хооронд ирэх
зургаадугаар сарын сүүлээс эхлэн шууд нислэг үйлдэхээр болжээ. Пусан хотыг сонгосон шалтгаан нь манай улсаас хамгийн олон буюу 800 гаруй иргэн тус хотод амьдардаг ажээ. Мөн
БНСУ-ын хилээр боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжтой
болсон байна.
Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрыг
төлөөлөн 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг
зуржээ. Уг зээлийг 2011 онд анх зээлэхээр Сангийн сайд С.Баярцогт тухайн
үед тус улсаас манай улсад сууж байсан Элчин сайд Жон Илтэй гарын үсэг
зурж байсан юм. Гэвч манай тал зээлийн хөрөнгийг юунд зарцуулахаа
эцэслэн шийдэхгүй байсаар 2015 онд хугацааг нь дуусгасан. Харин өнгөрсөн
оны арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны манай улсад
хийсэн айлчлалын үеэр хугацааг нь сунгасан юм. Улмаар Ерөнхийлөгчийн
БНСУ-д хийж буй айлчлалын үеэр энэхүү зээлийн хэлэлцээрт дахин гарын
үсэг зуржээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн айлчлалыг сурвалжилж буй
хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө 300 сая ам.долларын зээлийн хөрөнгийг
юунд зарцуулахаа илэрхийлсэн байна.
Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд олон жилийн дараа
болж байгаа гэдгээрээ нэлээд өндөр ач холбогдолтой. Элчин сайдуудын
төвшинд гарын үсэг зурж Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд
харилцааг сайжруулахаар боллоо. Манай олон иргэн БНСУ-д амьдрахын зэрэгцээ сурч, эмчлүүлж байна. Эдгээр
иргэд маань Монголоосоо хүнсний зүйл их авч очдог. Түүнийг нь хилээр
нэвтрүүлэхгүй хураах тохиолдол их гардаг. Үүнийг зохицуулахаар боллоо.
Ингэснээр дулааны аргаар боловсруулсан болон болсон мах, махан
бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа манай Мэргэжлийн хяналтын байгууллага
тусгай тэмдэг тавьж өгдөг болно.
Түүнийг нь Солонгосын хил, гаалийн
байгууллага хараад хилээрээ шууд нэвтрүүлдэг болох юм. Мөн 300 сая
ам.долларын зээлийн хэлэлцээрт Засгийн газраа төлөөлж гарын үсэг зурлаа.
Энэ зээлийн хөрөнгөөр 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа.
Аймгийн төвүүд Улаанбаатар хотоос ялгаагүй агаарын бохирдолтой болсон
учраас ингэж шийдсэн юм. Мөн хот хоорондын тээврийн автобуснуудыг
шинэчлэхэд зарцуулна” гэжээ.