Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?

Сонгууль дөхөх тусам улс төрийн үйл явдлууд шил шилээ даган гарч байна. Үйл явдлууд ар араасаа, таамаглаж байснаар бас төсөөлж ч байгаагүйгээр өрнөж байна. Дахиад ч өрнөнө, хуйларна, бүр юу болохыг ч таамаглахын аргагүй. Улс төрийн акц, тоглолтууд, урвалт шарвалт, хор найруулга, яриа тохироо үргэлжилсээр байх нь энэ хүрээний эгэл жирийн үйл явдал. Бараг л АН-ын гишүүн болж магадгүй гэж нэг хэсэг дуулдаад байсан бие даагч хоёр нөхөр МАН руу орлоо, МАХН-д харьяалагдаж төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан хоёр гишүүн МАХН-аа хаяж төрхөмдөө буцаж ирлээ, шинэ нам байгуулагдав, Шударга ёс эвслийн бүлгийн дарга тодроод долоо ч хоноогүй байтал даргалах бүлэг ч үгүй болов гээд нам тус бүр дор дороо адал явдал, алдагдал гарз, ашиг амжилттай байгаа нь харагдана. Гэхдээ тэр дундаас АН-ын даргын хийж байгаа яриа тохироо хөдөлгөөн эрхгүй анхаарал татаж байна. Эрх барьж байгаа улс төрийн хүчин болгон амаргүй давааг давах болдог. Автоматаар хасахтай сонгуульд ордог гэсэн ч болно. Харин ийм нөхцөлд хийж байгаа АН-ын акцууд зангарагтай харагдаж байгааг худлаа гэхийн аргагүй. Улс төрийн хатуу самар гэгддэг АН-ын дарга З.Энхболд ч үүгээрээ өөрийгөө хэн гэдгийг харуулж чадаж байна. Гуравдагч хүчний орон зайг сонгогчид хүсч байна гэсэн судалгаан дээр өөрсдөдөө багагүй итгэл найдвар тээж явж байсан хүчин бол Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН. Үнэхээр ч судалгаа гайгүй байсан учраас энэ намын жагсаалтын үнэ ханш тэрбум тэрбумаар яригдаж байсныг үгүйсгэхгүй. Гэвч жагсаалт ч байхгүй, ХҮН ч сонгуульд оролцохгүй болох нь тодорхой боллоо. Уг нь Хөдөлмөрийн нам гэдэг дэлхий нийтийн хандлагаар зүүний чигийн нам баймаар. Гэвч улс төрийн чиг баримжаа ойр учраас АН-ыг дэмжиж оролцохоор боллоо гэдгээс харвал ёстой жинхэнээс бууж өгчээ гэдэг нь харагдаж байгаа юм. Үгүй, намууд өөрсдөө сонгуульд оролцохгүй, дэмжиж оролцоно гэж мэдэгдээд байхад яах ч билээ дээ. ХҮН-ын залуусын амбиц, улс төр хийчих амархан санагдаад байсан, улстөрч болчих энүүхэнд бодогдоод байсан нь тийм биш гэдэг нь энэ удаагийн сонгуулиар батлагдаж байх шиг. Төлөвшиж үзээгүй нам сонгуульд АН-ыг дэмжих эсэх тийм ч чухал нөлөөтэй биш гэж үзэхэд МҮАН, ИЗНН, Эх орон нам хүртэл сонгуульд АН-ыг дэмжиж орохоо мэдэгдсэнийг анхаарч үзэхгүй байхын аргагүй. АН-аас салж ҮШН болж улмаар МҮАН нэрийг авсан М.Энхсайханы нам шүү дээ. Өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсч ороод парламентад бүр бүлэг байгуулах хэмжээнд амжилт гаргасан МҮАН-ыг “Сонгуульд оролцохгүй ээ. АН-ыг дэмжиж оролцоно” гэсэн шийдвэр гаргуулахад амаргүй. Эвссэн ч эс эвссэн ч байнгын 1-2 суудалтай байдаг ИЗНН-ыг ч ингүүлэхэд хэцүү. 2008 оноос эхлэн парламентад төлөөлөлгүй байгаа ч “Эрэл“-ийн гэгдэх Эх орон нам 2004 оны сонгуулиар АН-тай эвсч орж байсан их санаатай нам. Тэр ч байтугай эвсч орсон бүлгээ задалснаар АН-ынхан УИХ-д бүлэг ч үгүй болж, 62-ын гэгдэх бүдүүн бүлэгт нэгдэж нэг үзэж, хөөгдөж нэг үзэж улс төрийн намтартаа сэв суулгаж явлаа. Харин тэр цагийн “өс”-өө авч буй мэт АН-ынхан өөрийн тугийн дор нэгтгэж байна. Сонгуулиар дэмжиж оролцоод цаашдаа бүр намуудаа татан буулгаад АН-д нэгдэх тухай тохирсон гэж ч сонстох болов. Бие даасан бодлоготой, амбицтай лидерүүд бүхий ийм намуудтай тохироо хийнэ гэдэг амаргүй. АН-ын дарга З.Энхболдыг улс төрийн тохироогоо сайн хийлээ гэж байгаа ч гагц ашиг сонирхлыг нь хангаснаар ийм тохиролцоог хийчихдэг юм биш. Харин хувь хүний харилцаа, итгэлцэл шууд нөлөөлдөг. Тийм учраас болж өрнөж буй бүх үйл явдлуудаар З.Энхболд яггүй улстөрч, жинхэнэ хатуу самар гэдгээ баталж байна.

МАН, МАХН-ын нэгдлийн үйл явдал эхэлсэн шигээ амжилтад хүрээгүй нь ч үүнийг батална. Сонгуульд АН-ын аранга нь МАН, МАХН нэгдэх явдал байсан нь хэн хүнд тодорхой. Моринд ургадаг илүү шүд буюу арангаас болж зуулт зөрдгөөс морь өвсөө ч идэж чадахаа болиод турдаг. Бүр цаашлаад тураалд орж амь тавих шалтгаан болдог. Яг үүн шиг АН-ын хувьд аранга нь МАН, МАХН-ын нэгдэл байлаа. Хэрэв тэд сонгуульд нэгдэж орсон бол АН-ын хувьд байдал эвгүйтэх нь тодорхой байв. МАН-ын дарга хагарсан шаазангаа эвлүүлэх гэж тарж бутарсан гишүүдээ энд тэндээс цуглуулан авч байгаа шигээ МАХН-тай нэгдэх ажилд нэлээд анхаарал тавьсан. Жирийн гишүүдийн нь яриагаар М.Энхболд даргын үед намын нэгдэл яригдана, өөр даргын үед Н.Энхбаяртай нэгдэнэ гэж байхгүй дээ гэж байлаа. Магад тийм байсан биз. Гэвч эцсийн мөчид тэд нэгдэж чадсангүй. Сонгуульд дангаараа орох, тойргийнхоо тоог олон байлгах, боловсон хүчин ихтэй гэгдэх МАН-ын гишүүдийн хүсэл ч нөлөөлсөн байх. Нөгөө талаас асуудал тэгж эхэлж, тэгж өрнөчихөөд байхад зогссон гэхээр нэгдүүлэхгүй гэсэн гадны оролдлого ч нөлөөллөө. Үүний цаана З.Энхболд байсныг үгүйсгэх аргагүй. Бараг л арван цагаан буяныхаа замаар оржээ гэдэг шиг эвсч нэгдэж орох нь тодорхой болчихоод байх үед УИХ дахь АН-ын гишүүд Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл барьж гүйгээд байгаа дуулдсан. Гэтэл яагаад ч юм хоёр талаас ажилласан ажлын хэсэг гэнэт л үгээ ололцохоо байчихсан. МАН МАХН-тай нэгдэх үйл ажиллагаанд нэлээд хүлээцтэй хандсан талаар улс төрийн ажиглагчид онцолж байсан ч яагаад ч юм болсонгүй. Бараг зуугаад жилийн турш зоригжуулан манлайлагч, зохион байгуулагч МАХН гэсэн уриа Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшиж ирсэн. Тэр нэрээр сонгуульд орох МАХН, тэр намын үзэл бодол баримтлал, уламжлалыг авч яваа МАН нийлээд орсон бол үнэхээр амаргүй байлаа, АН-д. Зуугаад жилийн итгэл үнэмшлийг энэ сонгуульд салгаж, саналыг хуваахад хүргэсэнд нь АН-ын гишүүн дэмжигчид нь даргадаа талархах биз ээ.

Энэ сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН тэгээд МАХН-ын дунд өрнөх нь тодорхой. Сонгуулийн тухай хуулиар шинэ нам, шинэ хүнд танигдах ямар ч боломж байхгүй байгаа. Дээрээс нь намуудад итгэл алдарсан нийгмийн сэтгэл зүйг ажиглавал санал өгөх хүмүүсийн тоо ч эрс цөөрөх болов уу. Ард иргэд тэр дундаа улс төрд амжилт олоогүй, тэндээс шахагдсан, нэр дэвших эрхгүй хоцорсон хүмүүсийн хэлдэгчлэн 76 луйварчин, 76 ямаа гэж элдвээр ярьсаар сонгуулийн үйл явцад хандвал ирц чүүтэй айтай 50 хувиа давж магад. Харин ажиглагчдын үзэж буйгаар ирц бага байх нь АН-д тус дэмтэй гэх нь бий. Учир нь нийгмийн сэтгэл зүй санал өгөхөөс татгалзаж байгаа тохиолдолд заалттай өгөх хүчин нь төрийн албан хаагчид байдаг. Төрийн албан хаагчид гэж нэг талаасаа эрх барьж байгаа намын хүмүүс. Манайд төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээс татгалздаг хууль үйлчилсээр хэдэн оныг элээсэн ч бүрмөсөн төлөвшиж чадаагүй. Тэгэхээр ирц багатай сонгуульд санал өгч байгаа хүмүүсийн тодорхой хувь нь АН-ын гаралтай төрийн албан хаагчид байх учраас АН-д ашигтай гэж урьдчилан тааж болохоор байгаа юм. Одоо Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөхөөр болж, ямар системээр явахаа ид ярьж байна. Сүүлийн үед олонхын саналыг аваад байгаа нь жижиг мажоритар гэгдэж буй. Намын гишүүд хоорондоо “алалцахгүй”, нам дамнаж хуйвалдахгүй байлгадаг учраас боломжийн гэж үзэгсэд олон. Харин мөнгө тараадаг асуудлыг хуулиар хориглож өгснөөр жижиг мажоритарын сул талыг арилгасан гэдгийг дэмжигчид нь онцолж байна Юутай ч Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт тодорхой болмогц намууд доторх бужигнаан улам бүр эхэлнэ дээ. Яг л үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн шинэ дугаарынхаа тоймыг хүргэж байна.

Энэ өдрийн дугаарт олон сонирхолтой ярилцлага оржээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Жижиг тойрог дээр очиж булхай луйвраа хийх гэж байхгүй юу” хэмээн ярьсан бөгөөд түүний ярилцлагыг I, II нүүрнээс уншаарай. Мөн нэрт нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын ярилцлага гарлаа. Тэрбээр “Цаадуул чинь тоондоо муу шүү дээ” гэж хэлсэн байна. Мөн Сонгуулийн хуулийн тухай чухам юу гэж хэлснийг та бүхэн V нүүрнээс унших болно.

Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт III нүүрт энэ удаа сэтгүүлч Э.Энэрэлийн “Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?” нийтлэл орсон байна.

Мөн найруулагч, СГЗ Л.Эрдэнэбулган “Монголын дуурийн театр мөхлийн ирмэгт тулчихаад байна” хэмээн нэлээд шүүмжлэлтэй ярилцлага өгчээ. Энэхүү дугаарт эх баригчдын өдрийг тохиолдуулан бэлтгэн сонирхолтой ярилцлагыг уншаарай. XVII нүүрт “Дэлхийн спорт” буланд энэ удаа Зуны олимпийн талаар сонирхолтой материал нийтлэгдлээ. Харин XIX нүүрт уламжлалт ёсоор “Улаанбаатарын амьдрал” буланд нийслэлийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл гарлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *