Categories
мэдээ улс-төр

Хотын төсөв зургаан тэрбумаар тасарлаа

-ИРГЭДИЙН ЦАЛИН НЭМЭГДЭЭГҮЙ УЧИР ТЭДНЭЭС АВАХ ТАТВАР 10.2 ТЭРБУМААР ТАСАРЧЭЭ-

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын 2016 оны төсөв 693.6 тэрбум төгрөг байх буюу энэ хэмжээний орлого олно гэж НИТХ баталсан юм. Ингээд эхний гурван сард 125.4 тэрбум төгрөгийн орлого олж, хотын бүтээн байгуулалт, төрийн албан хаагчдыг цалинжуулах зэрэг асуудлыг санхүүжилнэ гэж хот тооцсон. Гэвч нийслэлийн төсвийн зардал олох орлогоосоо давж, зургаан тэрбум төгрөгөөр тасарчээ. Оюутны төлбөр, шинэ орон сууц худалдан авсан иргэнд төр Хувь хүний орлогын албан татвараас /ХХОАТ/ тодорхой хувийг нь буцаан олгодог. Энэ жишгээр хот ХХОАТ-ын буцаан олголтод 8 тэрбум төгрөгийг гуравдугаар сард олгохоор төлөвлөсөн ч, санхүүжилтийг дүгээр сард олгосон нь нийслэлийн төсвийн орлого 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар давж биелжээ. Гэсэн хэдий ч улс орны эдийн засгийн уналтаас болж ажил хийж буй иргэдийн цалин нэмэгдээгүй нь нийслэлийн төсвийг бүрдүүлэх гол судас ХХОАТ-аас олох орлого 10.2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Цаашид ч тасрах магадлалтайг НИТХ-д суудалтай сөрөг хүчнийхэн ярьж байна. Гэхдээ эх баригч АН-ын бүлэг иргэдийн эрүүл мэнд, хотынхоо бүтээн байгуулалтад хөрөнгө харамгүй зарцуулж, тасалдсан татварын орлогыг орлуулж, хөрөнгийг босгоно гэсэн эерэг төсөөллтэй байлаа. Дөрвөн жилийн өмнөх нийслэлийн хөрөнгө оруулалт, 2012 оноос хойш нэмэгдээгүй, буурч явааг Н.Батаа орлогч тайлбарласан юм.

Өмнөх хотын удирдлагын үед орон нутгийн болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зардал нэг төгрөг 31 мөнгөөс эхэлдэг байсныг Э.Бат-Үүл даргын багийнхан нэг төгрөг 7 мөнгө болгон бууруулжээ. Гэтэл НИТХ-дахь МАН-аас ашигтай ажилладаггүй, аудитын дүгнэлтээр 13.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нийслэлийн болон орон нутгийн өмчит үйлчилгээний байгууллагын тоог, тэдгээрийг санхүүжүүлэх хөрөнгө нэмэгдлээ гэж шүүмжилж байна. Тэд нийслэлийн иргэдийн дунд өвчлөл нэмэгдсэн иймээс эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгөний хэмжээг нэмэх санал гаргалаа. Шударга ёс эвслийн тухайд элэгний хавдрыг эмчлэх тоног төхөөрөмжийг худалдан авахад төсвөөс нэг тэрбум төгрөгийг гаргая гэсэн НИТХ дахь АН-ын бүлгийн саналыг дэмжлээ.

Нийтийн тээврээр үнэгүй зорчих иргэдийн зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, үйлчилгээнд явж буй том оврын автобусны цагийн зардалд 9.7 тэрбум төгрөгийг нэмэх. Мөн гэр хорооллолд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа тууштай дэмжиж , гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардлыг 625 сая төгрөгөөр нэмэх зэргээр нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хийх саналыг хотын удирдлагууд гаргасан. НИТХ-ын гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж, баталлаа. Ингэснээр хотын шууд урсгал зардал нийт 5 тэрбум 548.6 сая төгрөгөөр буурч, 299 тэрбум 676.5 сая төгрөг болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *