Саяхан манай нэг уншигч утасдаж байна аа.
-Хүү минь, ах нь сонингоо аваад бөөн баяр явж байна.
-Аан за. Таны тухай эсвэл таны бичсэн материал өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн байна уу?
-Үгүй ээ, хүү минь. Ах нь саяхан тэтгэвэртээ гарсан юм. Гэртээ хийх юмгүй, утас ч дуугарах нь багасаад үнэндээ ах нь жаахан сэтгэл санаа тааруу байлаа. Тэгсэн хүү маань танай сонинг захиалж өгөөд, өнөөдөр шуудан дээрээс очиж аваарай гэсэн юм. Зорьж очоод авлаа. Надад хаягласан, миний нэртэй сониноо уншаад ах нь сэтгэл сэргээд танай сонины утсаар залгасан юм. Ийм сайхан мэдээллийг надад зориулж гаргаж байгаа та нарт баярлалаа. Одоо ах нь өглөө болгон сониноо очиж авах ажилтай боллоо. Уншаад хөгшиндөө бас байрныхаа хөгшчүүлд ярьж өгнө өө.
Уншигч ах хүү ингэж хэлээд утсаа тавилаа. Түүний баярласан чин сэтгэлийн үг намайг ч гэсэн баярлуулав.
Амьдралын өнгө олон янз. Аагтай бяртай залуу сайхан явахад мэдээлэл бол хэрэгцээ байдаг. Хүн хэрэгцээгээ хангах гэж сонин гарчиглаж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, зар сурталчилгааны бүхий л мэдээллийг авч цаг үетэйгээ зэрэгцэн алхдаг. Харин нас ахиад, гэртээ суухын үед мэдээлэл гэдэг хэрэгцээнээс илүү хань бараа, өөрийг нь тоох бусдын хандлага чухал санагддаг биз ээ. Чухам энэ орон зайг “Өдрийн сонин” нөхөж чадсанд уншигч маань ийн талархал илэрхийлээ биз ээ.
Үүнийг уншиж суугаа та ч гэсэн аав, ээжийгээ нэг анзаараад хараарай. Тэтгэвэртээ гараад гэртээ амар амгалан суугаа мэт харагддаг ч найз нөхөд, ажил төрлөө санагалзан сэтгэлдээ гундуухан явдаг юм биш биз.
Ямартаа ч та тэдэндээ сонин захиалаад үз. Өдөр бүр шинэ сониноо авна, уншина, ярина гээд амьдралд нь нэг шинэ соргог зүйл нэмэгдээд ирэхээр амьдрал нь сонирхолтой, хөгжилтэй болоод явчихна даа.