УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийн дагуу Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөөдрийн хуралдаанд оролцсон 58 гишүүний 72.4 хувийн саналаар дэмжин Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр УИХ-ын сонгууль жижиг 76 тойрогтой байхаар болж байгаа юм.
Мөн УИХ-ын 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын тогтоолыг 75.9 хувийн саналаар хүчингүй болголоо. Учир нь хуучин хуулиар намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдрөөс эхэлж ирэх даваа гаригт дуусах ёстой байсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбоотойгоор боломжгүй болсон тул уг хугацаанд өөрчлөлт орж намууд тавдугаар сарын 20-23-ны хооронд УИХ-д өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах болж байна.
Цэцийн дүгнэлтээр орон нутгийн сонгууль хөндөгдөөгүй тул нэр дэвшүүлэх хугацаанд өөрчлөлт орохгүй юм байна. Тиймээс ирэх даваа гаригт багтаан орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах ажиллагааг хуулийн хугацаанд нь багтаах чиглэлийг УИХ-ын дарга З.Энхболд өглөө. Энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.