“ТӨВ УРГАЦ”-“СЕНТОЗА ИРВЭСҮҮД” 105:97
Үндэсний супер лигийн хүрэл медаль төлөө “Төв Ургац”, “Сентоза Ирвэсүүд”-тэй өрсөлдөв. “Ирвэсүүд” легионер тоглогчгүй талбайд гарсан бол “Төв Ургац”-ын гол мотор Крис Жонес мөн нутаг буцжээ. Гэхдээ “Төв Ургац”-ын Онвукамуче, Майлс нар багаа медальд хүргэхийн тулд үлдсэн аж. Тоглолтын эхнээс Майлс шилдэг байлаа. Улмаар эхний хагаст “Төв Ургац” бүх талаараа илүүрхэв. Гэхдээ гуравдугаар үед “Ирвэсүүд”-ийн тоглолт бага зэрэг сэргэсэн бөгөөд тооны харьцааг ч ойртуулаад амжсан юм. Гэхдээ “Төв Ургац” тэдэнд боломж олголгүй довтолсоор өрсөлдөгчөө 105:97-гоор буулган авав. Тус тоглолтод “Төв Ургац”-аас Д.Дэлгэрням 30 оноо, 11 самбар авч багаа тэргүүлэв. Мөн Майлс 24, Онвукамуче 23 оноо, 21 самбар, Д.Мөнхтөр 15 оноо авчээ. Харин “ Ирвэсүүд”-ээс Т.Санчир 27 оноо, С.Эрдэнэдалай 21 оноо, 12 самбар, Э.Дорж-Арилд 20 оноо, 11 самбар авав.
SBL ХАСЫН ХҮЛГҮҮД-АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА 110:124 /Цуврал1:3/
МҮСБХ-ны Үндэсний супер лигийн аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт СТО-д өчигдөр боллоо.
Хүчирхэг бүрэлдэхүүнтэй “Хүлгүүд” цувралд 1:2-оор хожигдож эхэлсэн тул өчигдрийн тоглолтод заавал хожих ёстой байсан. Хэрэв тэд хожигдвол байдал улам хүндрэх байлаа. Гэхдээ тоглолтын эхнээс “Харцага”-ын Райн Гесковски гайхалтай байж зөвхөн нэгдүгээр үед 15 оноо авав. Улмаар баг нь өрсөлдөгчөөсөө 14 оноогоор тасарчээ. Ийнхүү эхний үе 40:26-гаар “Харцага” илүүрхэв. Харин хоёрдугаар үед легионер тоглогч Корбин сайн тоглолтоо үзүүлэн “Хүлгүүд” тооны харьцааг ойртуулж чадсан юм. Улмаар эхний хагас 59:58-аар дууслаа. Гуравдугаар үед Б.Билгүүн шилдэг тоглолтоо үзүүлэн 11 оноо авснаар баг нь таван оноогоор тэргүүлж эхлэв. Энэ үе 88:83-аар “Хүлгүүд”-ийн давамгайллаар өндөрлөсөн юм. Нэг, хоёрдугаар үед тааруухан тоглосон “Харцага”-ын легионер Карл Блэйр шийдвэрлэх сүүлчийн хагаст үнэхээр онцгой байлаа. Ялангуяа дөрөвдүгээр үеийн эхэнд дараалан найман оноо авч багаа сэргээв. Улмаар “Харцага” тэргүүллээ хадгалсаар өрсөлдөгчөө 124:110-аар буулган авч цувралыг 3:1 болголоо. Одоо “Хүлгүүд”-д хожигдох эрх байхгүй. Энэ тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид шүүгчдийн алдаатай шүүлтийн улмаас “Харцага” хожлоо хэмээн дүгнэсэн болов уу. Хэрэв дэмждэг баг тань хожигдсон бол алдаагаа шүүгчээс битгий хайгаарай. Багийн үзүүлэлтийг харахад хоёр баг тэнцүүхэн өрсөлджээ. Харин “Хүлгүүд” багаараа есөн холын зайн шидэлт амжилттай болгосон бол “Харцага” багаараа 14 шидэлт байнд нь тусгасан нь ялалтын үндэс болжээ. Мөн “Хүлгүүд”-ийн хамгаалалт тун тааруу байсныг онцлох нь зүйтэй. Тэд хамгаалалтын шилжилт дээр алдаа гаргаснаар эсрэг багийн нэг тоглогчийг заавал сул орхиж байлаа. Мөн Райн Гесковскиг “Хүлгүүд”-ээс хамгаалах тоглогч одоохондоо алга. “Харцага” довтолгооны самбарт тун идэвхтэй тоглож байна. Тус тоглолтод “Харцага”-аас Райн Гесковски 39 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Блэйр 32 оноо, 11 самбар, зургаан оновчтой дамжуулалт, П.Болортулга 10 оноо авчээ. Харин “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 35 оноо, 9 самбар, Корбин 30 оноо, найман самбар, Н.Золжаргал 13, О.Сэргэлэн 11, М.Отгонмөнх 10 оноо тус тус авав.