Categories
мэдээ цаг-үе

Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл (II)

Урд зүгийн идээ “Талын хар”-ыг Өмнөд Монголын үндэсний хоол цусан бууз (гэдсэн буузыг тийн нэрийднэ)-аар даруулж, цайны бүдүүн гэрт нь (ресторан) наргиж наадсан Ухаант, Бүрэнтөгс хоёр маань сая Монголд ирээд буцсан билээ. Ар Монголын хүүхдүүдийн шүлэг найргийг сонсож суугаад, бид чинь та хэдээсээ яасан айхтар хоцорсон юм бэ. Монгол хүүхдүүдийн сэтгэлгээ, үгийн яруу тансаг хэллэг, утга уянга, цаад гүн санааг нь ойлгоход бэрх санагдлаа хэмээн бүр нэг үнэнээсээ бахдаж суусан сан. Тэд бол Сөнөд баруун хошууны Монгол үндэстний дунд сургуулийн багш нар юм.

“Өмнөд Монголын газар нутаг элбэг дүүрэн. Аймаг, хошууд бүр өөр өөрийн аялгатай. Манай сөнөдийнхөн чинь Ар Монголын төв халх аялгуугаар ярьдаг хүмүүс. Цоодол найрагчийн яриаг сонсоод эмэг ээж, өвөг эцэгтэйгээ уулзсан мэт санагдлаа. Биднийг багад эмээ, өвөө минь яг л тийм аялга, хуучны монгол сайхан хэлээр ярьдаг байсан” хэмээн Ухаант багш хэлж байлаа. Тэрээр Өмнөд Монголын багшийн их сургуулийг сурган хүмүүжлийн мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Анх удаа гадаад паспорт авч хилийн дээс алхан, Тамчийнхаа талаас холдсон нь Монгол Улс, Улаанбаатар хот гэнэ. Бээжин ч орж үзээгүй гэсэн. Харин багшийн сургуульд хамтдаа суралцаж байсан Хянган аймгийн бүсгүйг гэргийгээ болгон, сөнөд баруун хошуундаа чөдөрлөөд авсан байна. Хянганд харчин, боржигон овгийнхон ихэвчлэн байдаг гэсэн. Ухаант багшийн хүүхэн нь боржигон овгийн хүн юм билээ.

Сөнөд баруун хошууныхан Өмнөд Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Дэ вангаа үндэсний баатар гэж өргөмжилнө. Түүний улс төрийн тэмцлийн талаар тэр бүр ярихгүй. Хориод оны цаг төрийн ээдрээтэй, үймээнт жилүүдэд монгол үндэсний соёл, түүхийнхээ өмнө гавьяа байгуулсныг бахархан дурсана. Шашин сүмийн устгалаар вангийн ордон үгүй болж, түүнийг сэргээн мандуулах ажил хийгдэхэд Японы жуулчны авсан гэрэл зураг үнэт өв болсон гэдэг. Тэрхүү зургийн дагуу одоогийн Өндөр сүмтийн ордон буюу Дэ вангийн өргөөг бүтээн цогцлоосон ажгуу. Уг ордон сөнөд баруун хошууны төвөөс дөчөөд километрийн зайтай.

Түүхийн буурал улбаанд нирун Монголын эртний аймаг, хиад боржигоны гол нуруу нь гэгддэг сөнөд баруун хошуу өдгөө долоон түмэн буюу далан мянган хүн амтай ажээ. Хүн зон нь ихэвчлэн албан ажил эрхэлнэ. Хөдөөнөөс ирсэн залуус хошууныхаа төвд хаа сайгүй шургалж, цайны газрын угаагч, зөөгч, дэлгүүр хоршооны худалдагч зэргээр амь зууна. “Манай харчууд болоод хүүхэнчүүд хөдөө гарах дургүй. Төв суурин газар бараадаж тав арван төгрөг олдог. Уул нь хөдөө гарвал төрөөс өндөр хэмжээний татаас өгч, мөнгө төгрөгөнд санаа зовох зүйлгүй амьдарна. Гэтэл бүгд хөдөөгөөс дайжих болсон” гэж хэн хүнгүй хэлэх бүлгээ. Хятадуудтай гэр бүл болж байгаа эсэхийг тодруулахад, ерээд оны өмнө монголчуудын амьдрал хүчир (тааруу) байсан. Тухайн цагт хятадуудтай суух тохиолдол элбэг байлаа. Сүүлийн хэдэн жилээс монголчуудын үзэл ухамсар дээшилсэн. Түүнийх нь илэрхийлэл монгол хүн монгол хүнтэйгээ гэр бүл болж буйгаар баталгааждаг гэлээ. Ер нь ерээд оноос өмнөд монголчуудын ухамсар илтэд сэргэсэн байна. Үүний бас нэг баталгаа бол үндэсний өв соёлын дархлаандаа илүүтэй анхаарч эхэлжээ. Хуучны уламжлалынхаа дагуу малчид нь хөөрөг гаансаараа гоёж, аливаа баяр ёслол бүхэнд үндэсний дээлээ өмсөж, гүүгээ уяж монгол ахуй, ёс уламжлалаа айл бүхэн дагаад эхэлсэн байна.

“Жороогийн жороо”, “Өвгөн шувуу”, “Саруул тал” тэргүүт тал алдалсан уртын дууг сөнөдийнхөн Тамчийнхаа талд унаган шуранхай хадаах ажгуу.

Уртын дуу гэснээс монгол найргийн шад мөрүүд сав л хийвэл сэтгэл дотроос нь ундраад ирдэг Тогтомж найрагчийн аав нь Сайхан талын адуучин явжээ. Харин ижий нь ардын дууч нэгэн. Эдүгээ ерэн насны даваан дээр ирсэн буурал эх найрагч хүүгийнхээ дэргэд жаргалаа эдэлж сууна. “Миний ижий амьдралдаа нэг чиг удаа тайзан дээр зарлуулж дуулаагүй ч монгол соёлынхоо дархлааг хадгалсан хүн юм. Өв тээгч гэж манайхан ярьдаг, тийм л хүн. Сайхан талынхаа цэцгэн дунд, адуу малынхаа дэргэд жилийн дөрвөн улиралд дуулж яваа хүн. Хүүхэн хутагтын дуу гэгддэг “Баян баргын манаа”, мөн “Будал цолмон хүрэн” зэрэг дуунуудыг сайхан дуулдаг байлаа. Сөнөдийн найр манай ээжийн дуугаар эхэлнэ. Тавиад оны эхээр “Тув тунгалаг Туул”, “Миний хайртай Улаанбаатар” зэрэг дуунуудыг ар монгол хүнээс сурч байсан гэдэг” хэмээн найрагч маань дууч ижийнхээ тухай явдал замд дурсаж байв шүү.

Сөнөдийн эгэл жирийн малчны хотонд мөрөө мултлах саналыг нөхдөдөө дуулгалаа. “Өдрийн сонин”-ы томилолт гэдгийг ч хэлээд авлаа. Удвал багш тэр даруйхан ийш тийшээ утасдаад Рэнцэнгийн Машбаяр гуайнхыг олоод авах нь тэр.

Машбаяр гуай сөнөд баруун хошууны Эрээн нуур сумын малчин. Хуучин цагт хөрш зэргэлдээ Рашаант сумынхаа засаг ноёноор арван жил ажилласан нэгэн ажээ. Хошууны төвөөс жараад километр хэртэй газар туушиндаад тэднийд очлоо. Удвал багшийн гэр бүлийн хүнээр хүргүүлж байгаа юм. Жолоочийн машинд Ар Монголын дуучдын дуу ар араасаа аялгуулан урсана. Ухаандаа, “Ардын дуу шиг амраг минь, алтан хундага цэцэг минь” гээд Самъяагийн Ганзориг гавьяат дуулаад дуусахтай зэрэгцэн өнөө өтгөн хөмсөгтэй дуучны “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа, ай хө” гээд л явж байгаа хэрэг. Зорьсон айлдаа хүрэхийн өмнө гурван айлын эдлэн газраар ороод гарав бололтой. Байсгээд л Удвал багш машинаас гүйхээрээ бууж тортой хашааны хайсыг холдуулна. Зам дагуу газар учир хайсныхаа амыг янгинатал хүлчихдэггүй юм билээ. Машбаяр гуайнх Тамчийн талын Үүдийн хөндийд бага хүү Дүүрэнсангийнхтайгаа айл байна. Хоёр гэрээр, хажуудаа жигтэйхэн олон өрөө тасалгаатай, сумын төвийн захиргааны байр шиг байшинтай ажээ. Уг байшинг хошуунаас нь барьж, тохижуулж өгсөн гэнэ. Дүүрэнсангийн банди Сонинтод бидэнтэй хамт гэр рүүгээ явсан. Монгол бага сургуулийн гуравдугаар ангийн сурагч, хурдны морь унадаг хэвлүүхэн эр байна. Аавыгаа даган цахар, үзэмчин, Долнуурын наадамд очин морьд уралдуулж, айраг түрүү хүртэж явснаа сонирхуулав.

Машбаяр гуайд хуучин дарга даамал явсных нь байр суурь хадгалаатай яваа бололтой, манайх чинь дөрвөн зуу гаруй хоньтой, жараад адуутай айл. Араб, англи цусны эрлийз хоёр азаргатай, сүүний чиглэлийн нэг үнээтэй гээд сүрхий гэгч нь тоо баримттай яриагаа эхэлсэн юм. Сөнөдөд тэмээтэй айл гарын арван хуруунд багтахаар цөөхөн гэнэ. Ямааг дэмий мал гэж үзээд гэрийн эзний хэлснээр шийдвэрлэчихсэн (дуусгачихсан) байна. Өвс бэлчээр нимгэн, ган гачиг их болдог учир отроор нүүдэл хийхээс аргагүйд хүрдэг гэнэ. Хоёр жилийн өмнө хошуунаасаа урагш Төхөм, Бүтэмж сумдын нутаг руу нүүдэллэжээ. Нүүдэл хийж явахад малчид бэлчээрээ харамлаад сүйд болдог бололтой. Малаа хурдан гил, худгаас услахгүй шүү гээд орилолдоод явчихдаг гэсэн. Оторлож буй газар нутгийнхаа төлбөрт нэг хониноос сард 10-20, нэг адуунаас 150 юань өгдөг байна. Бодоод үзэхээр өндөр тоо гарч байгаа юм. 400 хоньтой, жаран адууны сарын төлбөрийг тооцвол хонь нь хоёр сая дөрвөн зуун мянга, адуу нь хоёр сая долоон зуун мянга, нийтдээ таван сая нэг зуун мянган төгрөг болж байна. Үндсэндээ нэг сарын отрын үнэ шүү дээ. Эл байдлыг нь харгалзан хошуу тамгаас нь малын бэлчээрийн нөхвөр гэж сард хорин мянган юань олгодог гэсэн. Монгол мөнгөөр зургаан сая гаруй төгрөг.

Дүүрэнсангийнх томоо гэгчийн эрээн гэртэй. Гэрийн яс мод, тооно, багана нь өргөн, суурьтай гэж жигтэйхэн. Шулуун хөхийн сийлбэрч залуугаас багагүй өндөр өртгөөр энэхүү сийлбэртэй эрээн гэрийг худалдан авчээ. Ажнай хүлгийн медалиар дүүрэн айл ажээ. Хоймрынх нь хоёр талын унинаас тэр чигтээ “төмөр” дүүжлээстэй байна. Дүүрэнсангийн адууных нь буян тэр ажгуу. Хоймортоо эзэн Чингисийнхээ зургийг залсан нь нүдэнд тусаад явчихалгүй хаачихав. Дотны зураач найздаа захиалж байж зуруулан, жаазлаад хүндэтгэлтэй байрлуулжээ. “Өчигдөр ч элсээр нүүр нүдгүй балбасан. Танай ийшээ ялгаагүй биз дээ” гэхүйд “Ёстой омогтой шуурч байна лээ” хэмээн инээд алдаад хонио өглөөгүүр бэлчээгээд үдээс хойш хашаа хороонд нь түгжиж аваад, өвс зулаад өгчихсөн гэнэ. “Үзэгдэх бараагүй элсэн шуурга өдөр бүр шүү дээ” гээд тэнгэр хангайтай бүр нэг эвлэрчихсэн янзтай. Элсээр шуурсан Тамчийн талд хялгана бөхөлзөхөөс өөрийг олж хараагүй.

Наяад оны үед бараг л жар, далаад төрлийн ургамал ургадаг байсан. Одоо бүр ор тас байхгүй болсон нь хачин гэж гэрийн эзэн өвгөн гайхширсан байдалтай хэлнэ дээ.

Сонирхуулахад, 2012 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөнөд баруун хошуунд очжээ. Машбаяр гуайн дотны нөхөр Лантуугийнд зочилсон дуулдана. Лантуу тэр хоёр Мао Зедун, Дэн Сяопины үед сумын дарга хийгээд Тамчийн талаа зундаа мориор, өвөлдөө тэмээгээр туулж байснаа дурссан. Одоо морь байтугай моторт тэрэг (мотоцикль) унадаг хүн ховор болжээ. Бүгд л жижиг гарын жийптэй сүнгэнүүлнэ. Дүүрэнсан гурван жилийн өмнө Монголд ирээд буцсан байна. Хурдны морь, адуу мал гэхээр амиа тавьдаг тэрээр “Ханбүргэдэй” дэлгүүрээс адууны эм тариа, эмээл гөлөм, эдлэл хэрэглэл аваад сэтгэл дүүрэн буцсан гэнэ.

Мань эрд Монгол бол жинхэнэ эрх чөлөөний орон, “Ханбүргэдэй” дэлхийн хамгийн баялаг дэлгүүр санагдсан шиг байгаа юм. Урьд өмнө үзээгүй, зурагтаар хаа нэг бараа сургийг нь харж, дуулсан ховор эм тарианууд бүгд байж байхаар эрхгүй тэгж бодогдоно биз дээ. Тэднийх нарны зайгаар ажилладаг өрөмдлөгийн худагтай. Ганцхан товч дараад л ус нь оргилоод ирнэ. Нар, салхины амт шингэсэн үхрийн хавирга, сээр чанаад, лавшаа хийж дайллаа.

Өмнөд Монголын малчид торон хашааг нь эс тооцвол монгол малчдаас ялгагдах юм үнэндээ алга. Дүүрэнсан манай Хэнмэдэх гуайгаас аваад малчид, уяачидтай уулзаж танилцсанаа сонин болгож өгүүлсэн юм. Бүдүүн эр хонь монгол мөнгөөр 450 мянга, шар үхэр гурван сая гаруй төгрөгийн үнэтэй гэсэн. Улаанцав, Шилийн гол хоёр аймгийн заагт дүнхийх Номгон уулаа тахиж сүсэлдэг, Сангийн овоо хэмээх сүрлэг сайхан овооны дэргэд хаваржиж буй тэднийд үдшийн бүрий нөмөртөл хуучилсан билээ.

Машбаяр гуайнхаас буцаад давхиж явахад Удвал захирал “Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд хүж дэлхийд би хүслээ шингээн дуулмаар байна. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” хэмээн манай гавьяат шиг намба төгөлдөр дууллаа. Өнгөрөгч оны долдугаар сард “Чингис хаан”-ы Жагаа, Ганзориг, Банзрагч гээд дуучид ардын урлагийн их наадмаар ирж ая дуугаа өргөжээ. 2004 онд “Хурд” хамтлаг ирж сөнөдийнхний цөсийг нэгэнтээ хөөргөөд авч. Харин түүнээс хойш үзэл суртлын хэлтэс нь “Хурд”-ынхныг очиход тийм ч таатай бус, эх оронч үзэл нэвт ханхлуулсан дуунуудыг нь “главлит”-аар оруулах болсныг захирал сонордуулсан.

Сөнөд баруун хошууны захирагч Бүрэнжин Хөвөөт шар хошууных гэдгийг, засаг ноён нь таван жил болоод дээшээ дэвшдэгийг, Өмнөд Монгол нутаг 13 аймагтай, сөнөд баруун хошуу долоон сумтай болохыг дурдах нь зүйтэй байх. Мөн биднийг тийн бууж үдэлж явах үеэр Өвөрмонголын дарга Баатар Бээжин рүү дэвшээд явсан сураг дуулдсан. Харин түүний ажлыг Бөхөө гэж өмнө нь дарга байсан хүний охин түр орлож байгаа гэнэ. Ийм л яриа хөөрөө, элгэн халуун сэтгэл, уянга эгшигтэйгээр Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутгаас Монгол туургатны гал голомт болсон Улаанбаатарынхаа зүг мордсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл

Улирагч сарын сүүлээр Өмнөд Монголын нутаг Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунаа дөрөө мултлаад ирсэн билээ. Эдүгээгээс хоёр жилийн тэртээд долдугаар сарын эхээр Шилийн хотод Өмнөд Монголын орчин үеийн яруу найргийг үндэслэгч На.Сайнцогтын 100 жилийн ойд уригдан очиж байв. Тийн явах зуураа Зүүн Сөнөдийн нутагт орших Чингис богд уулыг үзэж, Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ байгуулсан Долнуурын хөх сүмд сүслэн залбирч, Шандуугийн шар талаар давхин, Шулуун хөхийн нэлмэгэр манант өглөө шүлэг найргаа ундруулсан удаатай.

Харин эл удаа их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн санаачлан зохион явуулдаг “Хүрэл тулга” наадмыг элэг нэгт монголчуудын дунд зохион явуулах томилолттой очсон бүлгээ. Өмнөд монголчууд бол сурагчдын уран уншлагын наадам тэргүүтнийг хийж, шүлэг найргаа уянгалуулан дууддаг ард түмэн. Харин ахлах ангийн охид, хөвгүүд өөрсдийн зохиосон бүтээлээрээ уралдаж буй нь анхны тохиол бөгөөд цэцэн билигт шүлэгч Гилүгэдэй баатрын Тамчийн талд хүрэл тулгын гал бадамласан нь энэ.

“Харанхуйд цэнхэртэхүй” хэмээх яруу найргийн номоо ар Монголдоо хэвлүүлсэн гал цогтой цалгилсан яруу найрагч Бүрэнтөгсийн Тогтомж биднийг зам зуурт тосож авсан. Сөнөд баруун хошуу руу довтолгон явахуйд Тамчийн тал нүүр нүдгүй элсээр шуурч, ёстой л нэг улаан түйрэн гээч нь босч байлаа. Сөнөдийн хошуу Монголын эзэнт гүрний түүхэнд цэцэн билигт шүлэгч Гилүгэдэй баатрын нутаг гэдгээрээ дархлагдсан юм. Сөнөдийн Гилүгэдэй баатар Чингис хаан түүний хүү Өгөдэй хааны үеийн дайчин шүлэгч билээ. Нэгэн мянга хоёр зуун хорин таван онд Чингис хааны их цэрэг Тангуд улсыг дайлах аянд мордож, дайны эхэнд эзэн хаан ав хийж яваад мориноосоо унаж насан эцэслэснийг түүхээс мэднэ. Тэр үед их хааны дэргэд байсан Гилүгэдэй баатар харууслын шүлэг дуудан хайлж, улмаар алтан шарилыг нь эх нутгийн зүг авч явахад дагалдан Бурхан халдунд авчирсан гавьяатай хүн юм.

“Хаврын сардаа Сөнөдийн нутагт хялгана үндсээрээ булгартал салхи исгэрэн шуурч, Сайханы тал, Тамчийн тал тэр чигтээ улаан давалгаа болно” гэж Тогтомж найрагч өгүүлж байна. Сөнөд аймгийг Манжийн үед баруун зүүн хоёр хошуу болгон хуваасан байдаг. Үнэхээр л шивээн толгой найгасан элсэрхэг цөл бүхий тал нутаг юм. Ус гол гэж тун ховор, ерөөсөө манай дорнын говь шиг элсээр шуурсан хошуу байна. Замын-Үүдийн баруун урдтай, Эрээний цаахнатай байж байгаа нутаг шүү дээ. Эрээнээс хоёр цаг орчим давхиад л оччихно. Баруун, зүүн хошууныхан өөрсдийгөө “ихэр сөнөдийнхөн” гэж нэрлэдэг. Арван долдугаар зууны үед Тэнгис, Тэнгэдэй гэх ах, дүү хоёрын захирч байсан хошуу нутгийнхан. Харин манжийн үед хоёр хуваагдаж, дундуураа дээс татуулчихсан түүхтэй. “Хоёр хангайн нутаг минь хүрэнтэнхэн найгана” гэдэг шиг хоёр Сөнөдийн нутаг хошууранхан налайна. Дундаа зуун тавин километрийн зайтай гэж байгаа.

Шилийн гол аймаг баруун, зүүн Сөнөд, баруун зүүн Үзэмчин, Цахар, Авга, Долнуур тэргүүт арваннэгэн хошуутай. Хошуу бүр нь тус тусдаа сум, гацаа буюу манайхаар бригадтайг бид мэдэх буюу. Сөнөд баруун хошууны төв рүү ороод ирэхүйд өнөө нүүр нүдгүй элсэн шуурга арай аядуухан болоод явчихав. Томоо гэгч хоёр дугуйтай, тийм хэрнээ аралгүй, хоёр дугуйных нь тэртээ өмнө духайн зүтгэлж байгаа асман бухтай үхэр тэрэгний баримал үзэгдэх нь тэр ээ. Хэдэн жилийн өмнө сөнөдийнхөн босгожээ. Түүнийг хараачлан сонирхох зуур хэзээний онгодтой, цэцэн шүлгийн мөрөө урсгаж явдаг Тогтомж найрагч

“Аралгүй тэргээ хөллөе

Атаатан дайсныг даръя

Боодуугүй тэргээ хөллөе

Буруу номтныг даръя” хэмээн шүлэглээд авна лээ.

Сөнөд баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн багш нар бүдүүн асар буюу рестораны өмнө хүлээн авав. “Хүрэл тулга” наадамд Шилийн гол аймгийн бүх хошуунаас сурагчид ирж оролцож буйг дуулгаад Монголын “Болор цом”-ын жишгээр гучин гурван найрагчийг хоёрдугаар шатанд үлдээжээ. Маргааш өглөөний мандах нарнаар наадам эхлэх гэнэ. Тайзыг нь ингэж хийсэн, та бүхэн хар даа гээд л жигтэйхэн байна. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал сэтгэл судлалын доктор, профессор Цэнд-Аюушийн Нацагдолгорын итгэмжлэгдсэн төлөөлөгч сэтгүүлч, яруу найрагч Санжаадоржийн Батгүр албаны хүний хувьд тайз чимэглэлийн зураг хөргийг нь хараад ярих юм алга аа л гэж байна.

Хүүхдүүдийн дунд яруу найргийн наадам хийнэ гэж хошуу тамгынхаа даргад, ерөөс бусдад дуулгаагүй чимээ аниргүй байгаа гэдгээ тэд хэллээ. Сөнөд баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн захирал Эрдэмт, яруу найрагч Тогтомж, монгол цэцэрлэгийн эрхлэгч Удвалцэцэг гэх гуравхан хүний хооронд энэхүү яриа өрнөж, хошууныхаа үзэл суртал хариуцсан “бүдүүн” даргадаа Удвалцэцэг багш зөөлхөн дуулган за ч гээгүй, үгүй ч гээгүй байхад нь наадам хийхээр шуударчээ, янз нь. “А дарга (хамгийн том даргаа хэлж байна) руу чи л орно байгаа гэж Удвалыгаа зоригжуулсан. Удвалыг ороход тун нааштайгаар хүлээж авна. Харин намайг ороход, улаан галзуу амьтан чи ямар эсэргүү юм хийхээр сэдэж явна гээд ердөө ч хавьтуулахгүй” гэж “харанхуйд цэнхэртдэг”найрагч үнэн сэтгэлийн үгээ өчсөн юм.

Тэрээр “Манай хүүхдүүд анх удаа шүлэг бичиж буй. Алдаа оноотой байгаа нь мэдээж” хэмээн бидэн рүү хандаж өгүүлснээ Цолмон, Эрдэнэтогтох тэргүүт найрагчид зорин ирснийг дуулгалаа. Өвөрмонголын багшийн их сургуулийн доктор, профессор яруу найрагч Ц.Цолмонтой тэр жил На.Сайнцогтын ойгоор уулзаж, шүлэг найргаа дуудалцаж явсны хувьд мэдэх билээ. Өндөр боловсролтой, дорнын сэтгэлгээ нэвт ханхлуулсан, элгэн халуун сэтгэл, халгиа цалгиатай, ар Монголынхоо нутаг руу цаг ямагт тэмүүлсэн түүнийг миний бие хувьдаа ихэд хүндэтгэдэг юм. “Цэцгийн салхи” номоор яруу найрагчийнх нь хувьд өөртөө нээж, дотоод ертөнцөд нь нэвтэрсний хувьд дахин уулзахын ерөөл байсанд сэтгэл баясаж л суусан. Харин Ё.Эрдэнэтогтох найрагчийг Ганболдын Сонинбаяр, Цэвэг-Очирын Эрдэнэбаатар тэргүүтэй Монголын шинэ үеийнхэн хүндэтгэн хайрладгийг мэднэ. Аян замд ганзага нийлж яваа оюутан цагийн ширээний анд Доржсүрэнгийн Отгонцагаан маань замын турш тэрхүү найрагчийн тухай ярьж, тэр жил Онон, Хэрлэнгийн хөвөөнд хамт шүлгээ дуудсанаа дурсаж, “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхнийг зүүн Сөнөдийн нутагт урьсныг дуулгаж явсан. Ийм л учир ерөөлтэй найрагчид зүрхнийхээ галыг асааж уулзалдсан даа.

“Авьяаслаг монголчууд”-ын тайз шиг солонгорсон гоёмсог тайзнаа Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж, Өмнөд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Насандэлгэрийн Сайнцогт нарын хөргийг нь хоёр талд нь байрлуулан, тулганд гал бадамлуулан залснаар наадам эхэллээ. Элэг нэгт монгол найргийн садан долоон шүлэгч шүүгчдийн бүрэлдэхүүнд заларч, Шилийн голын хошуу бүрээс ногт ганзагалж ирсэн, цовоолог охид хөвгүүд монгол дээлээр ижилсэн найргийн наадам эхэллээ. Гучин гурван шүлэгчээс Сөнөд баруун хошууны Цайлган “Хөшөөгүй цэргийн дурдатгал” шүлгээрээ “Хүрэл тулга”-ын эзэн болов. Тэрээр Дөнгөтийн Цоодол найрагчийн наян дөрвөн оны “Болор цом”-ыг хүртсэн “Нэргүй баатрууд танаа” шүлгийн үргэлжлэл болгон тэрхүү шүлгээ бичсэнээ сонирхуулсан юм. Ер нь Өмнөд Монголд Д.Цоодолын “Харамчийнхны дууль”, Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”, Мөнхөөгийн Билигсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-үүд ёстой л од юм билээ дээ. Удвал багшийн санаачилгаар монгол цэцэрлэгийн багш нарын дунд зохион явуулсан уран уншлагын тэмцээнд ихэвчлэн Монголын найрагчдын шүлгүүд уншигдаж, ямар сайндаа Цолмон шүүгчийг “На.Сайнцогт тэргүүт Өмнөд Монголын найрагчдын бүтээлийг сайн цээжлэх хэрэгтэй” гэж хэлэхэд хүргэж байхав дээ.

Сөнөд баруун хошууны монгол үндэстний дундад сургуульд зочиллоо. Эрдэмт захирал “Манай сургууль анх дундад болоод өндөр дундын ангиар бүрэлдсэн” гэв. Өндөр дундын анги гэдэг нь ахлах ангийг, анх дундад гэдэг нь бага ангийг хэлж байна. Тус сургууль мянга гаруй сурагч, зуу гаруй багш, ажилчинтай. Сөнөд баруун хошууны цорын ганц монгол сургууль ажээ. Сургуулийн хананд Гилүгэдэй баатар болоод Дэ вангийн намтар түүх бичээстэй байна. Мөн утга уянгынх нь танхимд алдарт морин хуурч Чибулаг, монгол уртын дууны ван гэгддэг Лхажав, Өмнөд Монголын нэгдүгээр дэсийн тоглогч алдарт дуучин Буяндэлгэр (монголоор ардын жүжигчин), мөн манайхны дотнын танил алдарт дуучин Тэнгэр нарын урлаг соёлын нэртэй зүтгэлтнүүдийн зураг байна. Эсрэг талын хананд Сөнөд баруун хошууны зогсоо аварга (босоо хүчтэн)Хувьсгалт, баруун Үзэмчний алтан зангиат аварга Соёлт, мянган бөхийн барилдаанд хэдэнтээ түрүүлсэн зангиат аварга Баярбаатар нарын зураг байна. Мөн Америкийн NBA-гийн сагсан бөмбөгийн наадагч (шилдэг тоглогч) Баатар тэргүүт зартай тамирчдын хөрөг байх ажээ.

Биеийн тамирын болон бөхийн багш Тэгшбаяр “Ар Монголд очиж үзэхсэн гэж их боддог. Хамгийн их мөрөөддөг зүйл бол Монголын наадам. Наадмын бөхийн барилдааныг харах юмсан. Монголын бөхчүүдээс Санжаадамбыг мэднэ. Гэхдээ дэргэдээс нь харж байгаагүй. Алтан гулдмай авсан наадмыг зурагтаар үзсэн” гэж сэтгэл юугаа хуваалцсан юм.

Уг сургуулийн морин хуурын ангийн хүүхдүүдийг Чибулаг удирдаж хоёр мянга найман оны Бээжингийн олимпийг нээж байсныг тэд бахархан өгүүлж байсан. Олимп гэснээс манай нөхөд Нобелийн шагналыг “нопелийн шагнал” гэнэ. Мөн CD-г таваг гэдэг юм билээ. Зурагчин залууд нэрийн хуудсаа өгөөд, имэйл хаягаа хэлтэл “Таны сүүдрийг тавганд хийгээд явуулна аа” гэж байна. Номын сангаар нь зорчлоо. “Өвөрмонголын өдрийн сонин”, “Шилийн голын өдрийн сонин”, “Шинэ малчдын сонин” гэсэн гурван сонин байна. Мөн соёлын гавьяат Санжийн Пүрэвийн “Эргүүлэг”, Долгорын Цэнджавын “Чонын алтан шагай” романууд, үсэн буурал Д.Урианхай ахын минь “Тугалын зүүд” шилмэл өгүүллэгийн түүвэр монгол бичгээр хэвлэгджээ. Номын санч нь баруун Сөнөдийн Баянтөхөм сумын харьяат Гончигийн Түмэнбаяр. Манай Нацагдоржоор “өвчилсөн” нэгэн байна. Өвөрмонголын их сургуулийг утга зохиолын чиглэлээр төгссөн тэрээр бага сургуульд арван хоёр жил багшлаад тус сургуулийн номын санг эзэгнэн суугаа нь энэ ажээ.

Үргэлжлэл бий

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *