Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүрэнлхам: Үзэгчид дууг минь дагаж дуулахад сэтгэл догдолж, мэлмэртэл уйлмаар санагдсан

Залуу дуучин Жаргалсайханы Сүрэнлхамтай уулзаж ярилцлаа.

-“Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дууг чинь олон түмэн нэлээд сонсдог болсон. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Анх би соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ахын нэвтрүүлгийг зурагтаар харсныхаа дараа миний хоолойд тохирох ая зохиох хүн юм байна гэж бодсон юм. Тэгээд танилцаж учир байдлаа хэлэхэд “Чи залуу дуучин. Анхны уран бүтээл чинь хайрын сэдэвтэй байвал ард түмэнд сайн хүрнэ” гээд тэр өдрөө яруу найрагч Л.Төмөрбат ахыг дуудан аяа сонсгож, шүлэг ч тэр дороо бичигдэж “Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дуу бэлэн болсон. Хоолойн бичлэгт орж удалгүй цацагдсан. Телевиз, радиогийн олон хит парадад тэргүүлж байгаа.

-Энэ дууны чинь үг, ая хоёрын аль нь их таалагдсан бол?

-Үг, ая аль аль нь л шууд сэтгэлд буусан.

“Хаврын цэцэг дэлгэрэх цагаар

Хайрын сэтгэл хэнзрэлгүй л яахав дээ

Анхны хайртайгаа учирсан болохоороо

Азтай үеэ дурсалгүй л яахав дээ

Хавар хаврын цэцэгсээр гоёод

Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ

Дэндүү чамдаа хайртай болохоороо

Дэргэдээ байсан ч саналгүй л яахав дээ…” гэсэн их гоё гэгээн үгтэй дуу л даа. Сая Архангай аймагт тоглолтоор явж байхдаа “Улаанбаатарын хэдэн сувгаар л явдаг юм чинь миний дууг хэн мэдэх вэ” гэж бодож байлаа. Тэгээд сургуулийн сурагчдад тоглосон концерт дээр дахилтаа дуулахдаа санаандгүй дуу цацруулагчаа үзэгчид рүү хандуултал бүгд дагаж дуулдаг юм. Орой нь томчуудын тоглолт дээр бүүр ч хүчтэй дагаж дуулахад хоолой зангирч, нулимс мэлтрээд тайзан дээр уйлчих шахсан. Тэр олон хүн миний дууг дагаж дуулж байна гэхээр үнэхээр итгэмээргүй, гоё санагдсан.

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Аав маань Жаргалсайхан гэж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул хүн байсан. Харамсалтай нь намайг бага байхад бурхан болсон. Ээж Мягмарцэрэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат. Би гурван хүүхэдтэй айлын дундах. Эгчийг маань Сүрэн, дүүг Эрдэмбаяр гэдэг. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 67 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхаасаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” хэмээх алдартай чуулгад соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Буянхишиг багшийн удирдлагад арван нэгэн жил дуулсан.

-Өсвөрийн дуулаачдын уралдаан тэмцээнд аль хэр оролцож байв?

-“Улаан бүч” чуулгын найрал дууны хүүхдүүд олон ч том тоглолтод оролцоно. Харин гоцлол дуугаар “Дуулах өв”, “Би эстрадын дуучин”, “Ирээдүйн одод” зэрэг олон тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлж, олон ч өргөмжлөлөөр шагнуулсан. Биднийг хүүхэд байх үед одоогийнхтой адил алт, мөнгө, хүрэл медалиуд тэгтлээ их байгаагүй. Уралдаанд амжилттай оролцоход шагнасан өргөмжлөлүүд бол цүнхээр дүүрэн байдаг.

-СУИС-ийг хэдэн онд төгсөв?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг Баясгалан багшийн удирдлага дор 2004-2010 онд суралцаж төгссөн. Би сурч байхдаа охиноо төрүүлж жилийн чөлөө авсан учраас хоёр анги дамнаж дүүргэсэн л дээ. Миний төгссөн хоёр ангиас нэрд гарсан дуучид гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нар байна.

-Сургуулиа төгсөөд урлагийн байгууллагад дуучнаар орох гэж хөөцөлдөж үзэв үү?

-Баахан шалгалт өгсөн ч төвийн урлагийн аль нэг байгууллагад орж чадаагүй ч “Намир медиа” групптэй уран бүтээлийн гэрээ хийж ажиллаж байна.

-Урын сандаа олон дуутай болж байна уу?

-“Намир медиа” групптэй Ая зохиогч Д.Пүрэвсүрэн ахын нэлээд хэдэн дуу урын санд минь орсон. Д.Жаргалсайханы шүлэг “Эжий жигүүртэй сэтгэл”, Ганбаатарын шүлэг “Хайрын үдэш”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйгийн шүлэг “Эжий шүтээн Талын уул”, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Норовын Баасандоржийн аялгуу, яруу найрагч Ш.Урьханы шүлэг “Нууж л явъя даа”, дүрсжүүлсэн дуу гэвэл “Хоёр зээрд” гээд нэлээд дуу байна шүү. Төв аймгийн Угтаалцайдам сумын сүлд дуу яагаад ч юм надад их сайхан дуу санагддаг.

-Ямар дуу билээ, тэр чинь?

-“Эжий шүтээн Талын уул” гэдэг дуу. Хүүхдийн зохиолч О.Сундуй гуай үгийг нь зохиосон. Тэр дууг Угтаалцайдам сумын ерэн жилийн ойгоор очиж дуулахад “Аварга Хадбаатарын бэр” дуулж байна гэж жаахан эндүүрэл гарсан шүү.

“Угтаад өндөлздөг Угтаалын минь

Хүүгээ саравчлах Ижий уул аа

Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн

Дууны хишигтэй Талын уул аа

Ирэх буцахын тоолонд

Элгэндээ тэвэрдэг Ижий уул аа

Бүлээхэн чулууг атгахын зуур

Бүдрэхийн тавилангаас авардаг Ижий уул аа…” гэсэн үгтэй дуу бий.

-Хадаа аваргын бэр гэж яагаад андуурагдав?

-Угтаалын цэнгэлдэхэд яг дуулах үед зарлахдаа л “Манай Хадаа аваргын бэр Сүрэнлхам одоо дуулна” гэж зарлахгүй юу. Хөтлөгч өмнө нь надаас “Өөрөө хэнийхний хамаатан бэ” гэхээр нь Хадбаатар гэдэг айлын бэр гэчихгүй юу. Манай нөхөр Хадбаатарын Батжаргал гэж программ хангамжийн мэргэжилтэй хүн байдаг юм. Бид хоёр найман настай Намуун гэдэг охинтой. Хадам аав болохоор Хоролын Хадбаатар гэж багийн дарга, тариа бригадад ажилладаг хүн байсан. Тэгээд сүрхий андуурагдахгүй юу (инээв.сур).

-Цомгоо гаргах болоогүй юу?

-“Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ” гэсэн 12-13 дуутай цомгоо сонсогч түмэндээ удахгүй хүргэнэ ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *