“Рио-2016” зуны олимпийн 31 дэх наадам эхлэхэд 98 хоног үлдээд байна. Энэ үед олимпийн наадамд оролцох улс орнууд зарим тамирчдынхаа нэрийг зарлаж байгаа бол зарим нь баг тамирчдынхаа өмсгөлийг танилцуулж байна.
Тухайлбал “Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох ОХУ-ын шигшээ багийн өмсгөлийг уламжлал ёсоороо спортын бараа үйлдвэрлэгч Bosco компани ивээн тэтгэжээ.Тамирчдын Риод өмсөх 48 зүйлийн өмсгөлийг 26 янзын размерийн сонголттой гаргасан байна.Өмнө нь ОХУ-ын тамирчдын өмсгөлийг чимдэг байсан уламжлалт хээнээс энэ удаад татгалзаж,спортын хэв маягийг илүү тодотгосон загвар сонгожээ.
Түүнчлэн БНСУ-ын баг тамирчдын олимпийн наадмын нээлт хаалт, өдөр тутамд тэмцээний үеэр өмсөх хувцсыг мөн олон нийтэд танилцуулжээ. Тус улсын хувьд тамирчдынхаа хувцсыг үйлдвэрлэхдээ Зика вирусын халдвараас сэргийлэх тусгай химийн найрлагатай бодисыг ашиглажээ. Энэ нь мэдээж тамирчдад сөрөг нөлөөгүй бөгөөд зөвхөн шумуулыг үргээх зориулалттай аж.