Categories
мэдээ нийгэм

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага бичиг баримтуудыг хуурамчаар үйлджээ

Үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 50 жилийн ойг 2011 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн Монголын чөлөөт бөхийн холбоо 2009.03.14-нд хууль ёсны ээлжит Их хурлаа хийснээс хойш нэг л биш ээ. Баг тамирчид нь шинэхэн удирдлагаа хууль ёсны биш гэсэн ч гэх шиг, удирдлага нь тамирчдаа дарамталдаг, хөлс хөдөлмөрөөрөө дэлхийн дэвжээнээс авсан медалийг нь “Бид хахуульдан байж авч өгсөн” гэж доромжилсон ч гэх шиг, удирдлага нь шигшээ багийн дасгалжуулагчдаа шүүхэд өгсөн ч гэх шиг, Азийн аваргад оролцох тамирчид нь оролцож чадаагүйгээр барахгүй харь гүрэнд цагдан хоригдож байгаад эх орондоо эсэн мэнд ирсэн ч гэх шиг яриа гараад байсан.

Тэгвэл МЧБХ-ны ерөнхийн нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн тамирчдын визний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015.11.06-ны өдөр “Шүүгдэгч Монгол овогт Ойдовсамбуугийн Баянмөнхийг шууд санаатай хэлбэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай!” гэсэн заалттай тогтоол гаргажээ.

Гэтэл энэ холбооны шинэ удирдлагын хууль бус ажиллагааны тухай шинэ шинэ баримт илэрсээр буй ажээ.

1. Хууль ёсны иххурлынхаа тогтоолыг өөрчлөн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тухай

МЧБХ 170 гаруй төлөөлөгчтэйгөөр ээлжит Их хурлаа 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдуулан дүрмээ баталж, шинэ удирдлагаа сонгосон байна.

Энэ их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн нэг, Хөдөлмөрийн баатар дөрөв, Ардын багш хоёр, Гавьяат дасгалжуулагч гурав, Гавьяат тамирчин 20, Олон улсын хэмжээний мастер 17, Олон улсын шүүгч 17, Олон улсын хүндэт шүүгч хоёр, Улсын шүүгч дөрөв, эрдэмтэн доктор тав оролцжээ. Анх удаа 21 аймгийн төлөөлөл оролцсон байна. Эндээс үзвэл өргөн ардчилалтай, сайн бүрэлдэхүүнтэй, ажил хэрэгч хурал болжээ.

Гэтэл 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн энэ Их хурлаар баталсан дүрмийн lV бүлгийн 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу 2012 оны арванхоёрдугаар сарын дотор хуралдах ёстой байсан Их хурлыг хуралдуулаагүй мөртөө 2013.11.25-нд МЧБХ-ны Удирдах Зөвлөлийн хурлаар 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн МЧБХ-ны Их хурлаар хэлэлцэн баталсан дүрмийг хууль бусаар өөрчлөн улмаар тогтоол гарган, хуурамч материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлд хүргүүлсэн байна.

Хуурамч материал гэдэг нь юугаар нотлогдох вэ гэвэл 2009 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн Их хурлын үндсэн бичиг баримт болох таван тогтоолыг шинээр үйлдэн тус Их хурлыг даргалсан дархан аварга Х.Баянмөнхийн гарын үсгийг хуурамчаар зурснаас гадна 2009 оны эдгээр тогтоолд 2011 оны дөрөвдүгээр сараас хэрэглэж эхэлсэн шинэ тамгаа дарсан байна. Гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг.

Х.Баянмөнх аварга Монгол даяар танил болсон гарын үсгээ тухайн үед нь зурж байсан бөгөөд тогтоолууд дээр тэр үедээ хэрэглэж байсан тамгыг дарах ёстой. Бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан энэ үйлдэл л гэмт хэрэг мөн юм.

Бас “2011 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Их хурлаар хэлэлцэн батлав” гэсэн өөр нэг дүрмийг УБЕГ-т бүртгүүлжээ. Үнэн нь гэвэл энэ өдөр МЧБХ-ны ямар ч Их хурал болоогүй юм.

Энэ мэт байдлаас харвал МЧБХ одоогоор хэдэн дүрэмтэй, аль нь үнэн дүрэм болох нь тодорхойгүй бололтой.

2. Нэг огноотой, хоёр хурлаар баталсан гэхзаалт нь зөрөөтэй дүрмүүд

“МЧБХ-ны УЗ-ийн 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн нэг дүрэм байна. Гэтэл МЧБХ-ны үүсгэн байгуулагчдын 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн бас нэг дүрэм байж байх юм. Эндээс үзвэл нэг өдөр хоёр өөр хурал болж, хоёр өөр дүрэм баталсан гэлтэй.

Сонирхолтой нь дээрх нэг огноотой, хоёр хурлын баталсан дүрмүүд нь үндсэндээ нэг дүрэм мөртөө заалтууд нь зөрөөтэй ажээ. Тухайлбал, нийтэд тараасан болон сайт дээрээ тавьсан дүрэмд уг дүрмийн үндсэн эх дээрээ байгаа 1.9, 4.1, 4.2 гэсэн заалтууд, 5.6-д үүсгэн байгуулагч гэх үг байхгүйн дээр уг заалтад “Үүсгэн байгуулагч”-ийг чөлөөлөх, нөхөн бүрдүүлэх гэсэн туйлын хачирхалтай заалт оруулжээ. Мөн 6.5-д …50 хүртэлх хувийн өөрчлөлт оруулж болно” гэсэн нь эх дүрмээсээ 20 хувиар илүү байх жишээтэй.

УЗ-ийн 2013.11.25-ны өдрийн хурлаар хэлэлцэн батлав” гэсэн дүрмийн нэн гайхалтай бас нэг заалт бол “Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 2009 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан болно” гэсэн гажиг заалт юм.

Энэ ер нь юу гэсэн үг вэ? Өмнөх үеийн 50 жилийн түүхийг хэн ингэж баллуурдаж зүрхэлнэ вэ? Тэр өмнөх үеийнхэн чинь холбоогоо байгуулаад, ажиллуулаад, амжилт, ялалтад хүрээд, тив, дэлхийн аваргууд, олимпийн медальтнуудаа төрүүлээд ирсэн биз дээ? Ингэж дураараа дургиж болдог л юм байх даа. Энэ байдлаас харвал энэ ээдрээтэй хоёр дүрэм нь хууль бус гэдэг нь тодорхой байна. Учир нь аливаа байгууллагын их хурлаар баталсан дүрмийг их хурлаар л өөрчлөх ёстой болохоос хэн нэгэн үүсгэн байгуулагчид гэх нөхөд, ямар нэгэн УЗ өөрчлөх эрхгүй юм. Гэтэл 2009.03.14-нд их хурлаар баталсан дүрмийг нэг бол УЗ, нэг бол үүсгэн байгуулагчид өөрчилсөн болж таарч байна.

3. Иххурлаас сонгосон УЗ-ийн гишүүд, дэд ерөнхийлөгч нараа өөрсдөд нь мэдэгдэлгүй сэм хуссан тухай

2009 оны ээлжит Их хурлын тогтоолуудыг хуурамчаар дахин үйлдэхдээ МЧБХ-ны УЗ-ийн гишүүд, дэд ерөнхийлөгчөөр Их хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгогдсон Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Н.Бүргэдаа, А.Басхүү, Х.Баттуул, Л.Ням нарын гишүүдийг хассан тогтоол болгон хувиргажээ.

Өөрийгөө хуссан энэ тогтоолд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх өөрөө гарын үсгээ зурсан мэтээр хуурамчаар гарын үсгийг нь зурсан байх юм. Яаж ингэж чаддаг байна аа?

Энэ хуурамч тогтоол гэгчээр УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөсөө хусуулснаа дээрх алдартнууд одоо хэр нь мэдээгүй яваа нь харамсалтай ч, өрөвдөлтэй ч ажээ.

Х.Баянмөнх аварга гэхэд УЗ-ийн гишүүн, дэд ерөнхийлөгч бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн даргынхаа хувьд хөдөлмөрч бөгөөд хариуцлагатай хүн болохоор идэвхтэй сайн ажиллаж байсан байж таарна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ойдов аварга УЗ-ийн хурлуудад өөрийгөө гишүүн гэж бодон оролцсоор ирсэн байдаг. Хамгийн идэвхтэй, чин сэтгэлээсээ ажилласан УЗ-ийн гишүүн бол Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа юм. Тэрээр хандиваа өргөсөөр ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүддээ хувиасаа орон байр өгсөөр ирснийг монголчууд бүгд мэднэ.

Мөн ихэд идэвх чармайлттай ажиллаж явсан УЗ-ийн гишүүн ОУХМ Х.Баттуул бол 2011, 2012 оны УАШТ болон “Mon­golian open” тэмцээнийг ивээн тэтгэн сайн зохион байгуулан ажилласныг чөлөөт бөхийн хамт олон нь сайн мэднэ. СХУ-ны доктор Л.Ням ч эрдэмтэн хүнийхээ хувьд судалгаа шинжилгээний ажлаа идэвхтэй хийсээр ирсэн байна.

МЧБХ гэдэг том айлыг хүнд хэцүү үед нь олон жил нэр төртэй авч явсан Монол Улсын гавьяат дасгалжуулагч А.Басхүү УЗ-ийн хуралд суулгадаггүй байсныг үл тоон Шүүгчдийн зөвлөлийн даргынхаа ажлыг чин сэтгэлээрээ хийсээр байсныг түүний санаачлан зохион байгуулж, өөрөө биечлэн удирдсан 2010, 2011 оны шүүгчдийн сургалт семинар, ОУ-ын шүүгчийн зэрэг ахиулах, шинээр авах шүүгчдэд зориулсан сургалт, 2010 онд “Бөхийн барилдааны олон улсын дүрэм”-ийг орчуулан хэвлүүлж түгээсэн зэрэг бодит ажлаас харж болно.

Тэрээр дэлхийн хэмжээний зангарагтай хүн болохоо олонтаа харуулж байснаас ганц жишээг дурдахад 2009 онд Дани улсад болсон ДАШТ-нд оролцох манай багийн 55 кг, 66 кг, 84 кг, 120 кг-ийн жингийн бөхчүүд МЧБХ-ны зарим хариуцлагагүй нөхдийн буруугаас болж жин үзэлтээс хоцорсноос тэмцээнд оролцож чадахгүйд хүрээд байхад Олон улсын бөхийн холбооны Ерөнхийлөгчтэй Монголоосоо шууд утсаар ярьж эдгээр бөхчүүдийг барилдуулах зөвшөөрлийг авч чадсан байдаг. Өөр хэн ингэж чадах билээ.

Түүний бас нэг том ажил нь “Чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын онол, арга зүй” хэмээх томоохон бүтээлийг туурвисан явдал бөгөөд энэ ном тэр жилийнхээ шилдэг номоор шалгарсан. Энэ бол Монголын чөлөөт бөхийн спортын анхны онол арга зүйн ном юм.

4. Хуучин холбоог шинээр “үүсгэн байгуулсан” тухай

Байгууллагыг үүсгэн байгуулна гэдэг нь шинэ байгууллагыг бий болгоно гэсэн үг. Гэтэл МЧБХ-ны 50 гаруй жилийн түүхтэй байгууллагаа 2009 онд “үүсгэн байгуулсан” мэтээр бас нэг хуурамч тогтоол гаргажээ.

Тухайлбал, МЧБХ-ны 2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн Их хурлын тогтоолыг шинэчлэн үйлдэхдээ “Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Л.Чинбат, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Сумъяабазар нарыг холбооны үүсгэн байгуулагч болохыг баталсугай гэжээ. Гэтэл үнэндээ МЧБХ энэ хоёр хүнийг төрөөгүй байхад үүссэн Монголын спортын ууган байгууллагуудын нэг шүү дээ.

Тэгэхээр энэ бол зүгээр л улаан цагаандаа гарсан дээрэм юм. Тус хурлаар “холбооны үүсгэн байгуулагч”-ийг батлах байтугай энэ талаар нэг ч үг, яриа гараагүй, ийм зүйлийг хэлэлцэх үндэслэл ч байхгүй нь хэнд ч ойлгомжтой.

Учир нь хуучин байсан байгууллага гэнэт өөрийгөө үүсгэн байгуулсан тухай солиотой хүн шиг юм ярьж болох уу? Энэ жишгээр бол нэгэн байгууллагын удирдлага шинээр сонгогдмогцоо тэр байгууллагынхаа үүсгэн байгуулагч болох юм байна л даа. Ухаандаа 2015 онд 20 гаруй жилийн түүхтэй Ардчилсан намын дарга болсон З.Энхболд тус намын үүсгэн байгуулагч болчихно гэсэн үг байна.

Доорх бүтэлгүй хүмүүсийнхээ ийм хууль бус үйлдлийг хууль тогтоогч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар мэдээгүй хэрэг үү, эсвэл өөрөө энэ бүхнийг зохион байгуулан хууль зөрчих хичээлийг монголчууддаа зааж байгаа хүн үү? Энэ тогтоол гэгчдээ бас л хурлын дарга Х.Баянмөнх аваргын гарын үсгийг хуурамчаар зуран, мөн тэр үеэс хоёр жилийн дараа хийлгэсэн тамгаа даржээ. Энэ үйлдлээрээ тэд Монголын ард түмний хамгийн хайртай, анхдагч спорт болох чөлөөт бөхийн хамт олныг дэндүү гэхэд дэндүү элэг барьж байгаа нь даанч харамсалтай.

5. Хуралд байгаагүй хүн үг хэлж, хурлын дарга протокол хөтөлсөн тухай

2009 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн МЧБХ-ны Их хурлын протоколд үг хэлснээр тэмдэглэгдсэн Ч.Дамдиншарав, Б.Гантогтох, Д.Ганбат нар уг хуралд ерөөсөө оролцоогүй, өөрөөр хэлбэл огт байгаагүй хүмүүс юм. Гэтэл байгаагүй хүмүүсийг үг хэлснээр тэмдэглэл хөтөлсөн хүн нь тус хурлыг удирдан даргалсан мөнөөх Х.Баянмөнх аварга ажээ.

Өөрөөр хэлбэл тэр протокол гэгчид бас л аваргынхаа гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Хурал даргалж байгаа хүн протокол хөтөлж амжихгүй бөгөөд аливаа Их хурал бичиг баримт бүрдүүлэх редакцийн комисстой байдаг нь нийтлэг зарчим байдаг. МЧБХ-ныхон энэ мэтээр дэндэнэ дэндэнэ гэхэд арай хэтэрч байгаа бололтой.

Эцэст нь хэлэхэд МЧБХ-ны өнөөгийн удирдлага гэх хэсэг бүлэг нөхөд Их хурал хуралдуулаагүй, Их хурлаас сонгогдоогүй хүмүүс бөгөөд хууль ёсны ээлжит Их хурлын шийдвэр тогтоолыг ийнхүү эрээ цээргүй өөрчлөн хуурамч бичиг баримт бүрдүүлэн гэмт хэрэг үйлдсээр яваа нь тодорхой байна.

Түүнчлэн Д.Сумъяабазар, Л.Чинбат нар дээрх хуурамч тогтоолуудаар МЧБХ-ны “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон нь хууль бус болжээ. Учир нь 2009 оны МЧБХ-ны их хурлаар үүсгэн байгуулагч томилох, сонгох асуудал огт яригдаагүй байдаг.

Гэтэл 1960 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ууган холбоодын нэг МЧБХ-ны үүсгэн байгуулагчаар Л.Чинбат, Д.Сумъяабазар нарыг хурлаар огт хэлэлцээгүй асуудлаар хуурамч тогтоол үйлдэн МЧБХ-г “өмчилж” өгсөн нь МЧБХ болон энэ спортын төлөө өөрсдийн сэтгэл, хичээл зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн зүтгэлтнүүд, алдартнууд, тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчдийг үл тоомсорлож уландаа гишгэсэн үйлдэл гэж үзэхээс аргагүй байна.

Улмаар “үүсгэн байгуулагч” хууль бусаар томилогдсон Л.Чинбат нь МЧБХ-ны их хурлыг хуралдуулалгүйгээр 2013 оны гуравдугаар сарын 19-ний өдөр холбооны “удирдах зөвлөл”-ийн гишүүдийг сонгож, бүрэн эрхийг нь баталгаажуулах тухай 35 дугаар тогтоол дангаараа гаргасан үндэслэлгүй юм.

Учир нь Л.Чинбатыг МЧБХ-ны УЗ-ийн гишүүдийг дангаар томилдог эрх хэмжээтэй “үүсгэн байгуулагч”-аар томилох асуудал 2009 оны МЧБХ-ны их хурлаар огт хэлэлцэгдээгүй ба хуурамчаар бичиг баримт үйлдэн байж ийнхүү “үүсгэн байгуулагч” болсон. Ийм ёс зүйтэй хүмүүс өдгөө МЧБХ-г “өмчилж” аваад удирдаад сууж байгаа нь дэндүү харамсалтай.

Ийнхүү хууль бус тогтоолоор томилогдсон Удирдах Зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн нэр бүхий хүмүүс хуралдаж 2013 оны тавдугаар сарын 01-ний 12 дугаар тогтоолоор Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон нь хууль бус үйлдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, хууль бусаар “үүсгэн байгуулагч”-аар томилогдсон этгээд эрх хэмжээгүй атлаа мөн л хууль бусаар удирдах зөвлөлийн гишүүдийг дангаараа томилж улмаар тухайн хууль ёсны эрх хэмжээгүй УЗ-ийн гишүүд Д.Дагвадоржийг МЧБХ-ны ерөнхийлөгчөөр томилсон.

Б.БАТТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *