Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон мэндчилгээ дэвшүүлэв

Жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүн офицеруудад, генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн “Монголын генералуудын өдөр”-ийг бид бүхэн онцгой түүхэн цаг үед тэмдэглэн өнгөрүүлж байна. Орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой, батлан хамгаалах салбар дэх эрх зүйн орчны их өөрчлөлтийн жил тохиож байгаараа онцлог юм. Монгол Улсын төр, батлан хамгаалах бодлогын шинэчлэлд өөрсдийн арвин туршлага, мэдлэг оюунаа харамгүй зориулан хойч үеийн залуустаа эх оронч үзэл, сэтгэлгээг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулан улс, эх орныхоо хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүтгэж байна. Батлан хамгаалахын сайдын хувьд Монгол төрийн багана болсон эрхэм генералуудынхаа дадлага, туршлагыг ашиглаж хууль, эрх зүйн өөрчлөлтөд идэвхтэй оролцуулж ажиллууллаа. Тэдний дадлага туршлагыг манай салбар цаашлаад Монгол Улсын ирээдүйн зүг чигийг тодорхойлоход ашиглах ёстой гэдгийг энэ түүхэн өдөр онцлон хэлмээр байна. Батлан хамгаалах салбарын зүгээс Монголын генералуудын өдрийг төр, засгаас албан ёсоор баталгаажуулж, тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана гэдгээ хэлье.

Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдаг гэсэн үг гүн утгатай үг. Энэ бол генерал цолтны олноо хүлээн зөвшөөрөгдсөн удирдан зохион байгуулах авъяас билэг, цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, сүрлэг сайхан жавхаа хийморь, үлгэрлэл, манлайллын соронзон мэт их хүчийг нь хүлээн зөвшөөрсөн итгэл, хүндэтгэлийг шингээсэн үг юм. Монгол Улсын генералуудын олонхи нь төр, түмнийхээ энэ их хүндэтгэлийг нэр төртэй даасан эх орончид гэдгийг баярын энэ өдөр нь онцлон тэмдэглэе.

Шинэ үеийн генералууд Монголын Зэвсэгт хүчин төдийгүй НҮБ-ийн энхийг дэмжих олон улсын цэргийн хүчийг командлан оролцож, эх орон, зэвсэгт хүчнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж байгаад баяртай байна. Цэргийн нэр хүнд өсч буй энэ үед цэрэг эрсийн эх орноо батлан хамгаалах, улс түмний энхийн үйлсэд манай ахмад, дунд, залуу генералууд нэгдэн сэтгэл хоёрдолгүй зүтгэх ёстой. Зүтгэж ч ирлээ.

Ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж, аюулгүй орчинд үүргээ нэр төртэй биелүүлэх, өсөж хөгжих нөхцөл, боломжоор хангахын төлөө хамтдаа зүтгэе.
Эрхэм генералууд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд, генерал цол олгож эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадартугай!


УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *