Categories
мэдээ цаг-үе

Халз барилдаанд П.Бүрэнтөгс арслангийн баг түрүүлэх өндөр магадлалтай

Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө цагийн бөхийн өнгө болсон шилдэг залуу хүчтэнүүдийн барилдааныг энэ сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион явуулахаар болсон билээ. Уг барилдаанд хүч үзэх шилдэг арван хоёр бөхийн нэр тодроод байгаа. Тодруулбал, нэгдүгээр багт улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс, улсын гарьд Нямдоржийн Ганбаатар, Батнасангийн Гончигдамба, улсын харцага Цэдэвийн Содномдорж, Нямаагийн Батзаяа, улсын начин Төрөөгийн Баасанхүү, хоёрдугаар багт улсын арслан Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, улсын заан Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Мөнхсайханы Өсөхбаяр, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших, улсын өсөх идэр начин Эрдэнэбилэгийн Энхбат нар хүч үзэхээр болсон.

Бөх сонирхогч, судлаачид эдгээр бөхчүүдийн талаар өөрсдийн санаа бодлыг илэрхийлж байгаа. Сүүлийн үеийн дуулиан шуугианы эзэн болсон Төв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Өлзийбатын Даваабаатарыг байхгүй байгаад олон хүн сэтгэл гонсгор байна. Даваабаатар харцага өөрөө оролцохгүй гэсэн үү, эсвэл түүнийг оролцуулах сонирхол хэн нэгэнд байсангүй юу. Ямар чиг л байсан уран дайчин барилдаантай, мөнгөө төлөөд бөх үзэж буй олны урмыг хугалдаггүй идэр залуу харцага барилдахгүй нь тодорхой боллоо. Мөн шуугианы эзэн, бөхийн өргөөнд цугласан олны талархлыг хүлээсэн, өөрт байгаа бүхий л боломжоо бүрэн дайчилж, манайхны хэлдгээр шатаж, шаралхаж барилддаг өсөх идэр начин, даншгийн арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвыг барилдаагүйд харамсах хүмүүс олон байна.

Пүрэвдагвын мөнхийн өрсөлдөгч Б.Пүрэвсайхан харцагын нэр бас л алга. Мань хоёр, тэмцэлдээн гэдэг чинь зүгээр нэг хэн нэгнээ налаад зогсчихдог үзвэр биш жинхэнэ өрсөлдөөний талбар гэдгийг үзүүлж олны өмнө арай л зодолдохдоо тулалгүй хүч үзэн, бөх сонирхогчдын цөсийг нь хөөргөдөг. Халз барилдаан гэдэг бол нэг талаас бөхчүүдийн сорилго боловч, нөгөө талаасаа цэвэр шоу шүү дээ. Ёстой нөгөө “мангаруудын зодоон” гэдэг шиг тулааны талбар байхгүй юу. Эдгээр арван хоёр бөх жинхэнэ “алалцаж” байж монгол бөхийн барилдаан гэдэг ингэж л сэтгэлийн цэнгэл эдлүүлж, таашаал өгдөг юм гэдгийг мэргэжлийн хэмжээнд мэдрүүлэх учиртай. Түүнээс улсын наадмын дөрөв, тавын даваа шиг найр татсан, уйтгартай болбол халз барилдаан хийхийн ч хэрэг байхгүй ээ.

“Барьц сонгохыг хүлээж, өрсөлдөгчөө баглаад зогсчихдог нөхдийн хажууд энэ чинь бөх байхгүй юу” гэж Б.Соронзонболд зааныг зарим хүмүүс хэлдэг. Тэр бол өөрийн гэсэн фэнтэй бөх. Гэтэл Соронзон алга. Тэрээр гар ачих, тонгорох, хутгах, бусгах зэрэг мэхийг даацтай хийдэг дайчин бөхчүүдийн нэг л дээ. Эдгээр бөхчүүдийг халз барилдаанд оролцуулах байлаа. Хэрвээ оролцохгүй гэсэн бол тэдгээр нөхдөд хариуцлага тооцох ёстой. Мэргэжлийн сумогийн тэмцээн дууссаны дараа бөхчүүд хотуудаар очиж, үзүүлэх барилдаан хийдэг. Түүнд Хакүхо, Харумафүжи гээд аваргууд бүгд оролцдог. Оролцохгүй, бэртэл авчихаж мэднэ гэдэг ч юм уу ямар нэгэн шалтаг хэлэх юм бол сумо бөхийн холбоо хариуцлага тооцоод цолных нь асуудал яригддаг. Монгол үндэсний бөхөд энэ дүрэм үйлчлэх ёстой юм. Монголын үндэсний бөхийн холбоо нь санаачлан зохион байгуулж буй барилдаанд улсын цолтой бөхчүүд пээдийж, ихэрхэж болохгүй.

Тэд зүгээр л үг дуугүй ажлаа хийж, үүргээ ухамсарладаг баймаар байна. Халз барилдаанд Пүрэвсайхан, Пүрэвдагва, Даваабаатар тэргүүтэй бөхчүүд яагаад оролцоогүй тухай бөхийн холбоо хэвлэлийн хурал зарлаж олонд мэдээлэхийг шаардаж байна. Ингээд халз тулалдахаар болоод буй арван хоёр бөхийн барилдаан хэрхэн өрнөхийг та бүхэнд сонирхуулъя. Улсын арслан П.Бүрэнтөгс нэгдүгээр багийг ахалж байгаа. Тэрээр Н.Батсуурь, Э.Оюунболд, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Ө.Бат-Орших, Э.Энхбат нартай хүч үзнэ. Эдгээр зургаан бөх дотроос хамгийн хатуу учраа нь мэдээж Санжаадамба байна. Бүрэнтөгс арслан Санжаадамбатай хүч үзэхдээ нэг л зүйлийг санах хэрэгтэй. Өнөө жилийн наадмын 1024 бөхийн барилдааны түрүү үзүүрт улсын аварга цолны төлөө Санжаа заантай халз тулна л гэж бодох нь чухал. Тиймээс Санжаадамбыг ямар нэгэн байдлаар хамаг хүчээ дайчлан, арал чац, байгаа бүхнээрээ түрж дайраад хаях нь зүйтэй. Хаях хаяхдаа бүр чанга хаяж, зүрхэнд нь жаахан шар ус хуруулчих нь зөв юм. Хэрвээ Бүрэнтөгс Санжаадамбад унавал өнөө жилийн наадмыг бодох, аварга цолны тухай санахын ч хэрэггүй. Санжааг нарийн ууцаар нь тас тэврэн голлож дайраад аваад явчих юм бол залуу арслан бусад тавыг нь аргалчихаж дөнгөнө л дөө. Ингэхээр Бүрэнтөгс босоо байх магадлал өндөр харагдаад байна. Үндсэндээ багтаа зургаан оноо авчирна.

Мөн цаана нь элдэвтэй нэг нөхөр бий. Биеэр жижиг хэрнээ, тойргийн барилдаанд одтой барилддаг Төрөөгийн Баасанхүү начин. Тэр жил бөхийн холбооноос зохион байгуулсан тэргүүн дэвжээ шалгаруулах “нутгаа дуурсгана” барилдаанд бараг л нэг ч уналгүй тэргүүлж байсан удаатай. Энэ удаа мөн босоо түрүүлчихийг байг гэх газаргүй. Баасанхүүд хамгийн эвгүй бөх нь Булганы Энхбат начин байж магадгүй. Энхбат уян хатан чанартай, унаж яваад мэх хийдэг, нэг гараараа газар тулж байгаад нөгөө хөлөөрөө тачигнатал барилддаг амаргүй учраа. Түүнийг л ямар нэгэн байдлаар нугаруулчихвал Баасанхүүд боломж гараад ирнэ. Бусдыг нь бол мань хүн нүүр нүдгүй алгадчихна. Өрсөлдөгч бөхөө тугны өмнө дэвээ шаваагаа хийж дуусгаагүй байтал манай хүн араас нь барьж аваад сөхөө өгөлгүй элдээд хөөчихнө. Батсуурь, Оюунболд, Бат-Орших, Өсөхбаяр нар алийгаа ч мэдэлгүй газар саваад унана. Хүмүүс санаж байгаа, өнөө жилийн цагаан сараар яалаа. Чүүчигнэсэн, туранхайвтар амьтан, бие хаа тэгш дүүхэлзсэн өндөр нөхөд болох хоёр Дамбыг баруун солгойгүй тонгороод, зүгээр л тоглоод хаячихаа биз дээ. Баасанхүү тийм л элдэвтэй. Санжаадамбын салтаанд хэд ч эргэж байж мэднэ дээ.

Бүрэнтөгсийн багт энэ жилийн сар шинийн барилдааны тэргүүн бөх Ц.Содномдорж байгаа. Хэдхэн хоногийн өмнө болсон Сонгинохайрханы хишиг 256 бөхийн барилдаанд Содномдорж харцага бас түрүүлнэ лээ. Сүүлийн үед түүнийг тогтоох бөх ховор болоод байгаа юм даг уу даа. Содном харцага Баасанхүү шиг элдэв янзын барилдаан гаргаж, өрсөлдөгчөө нүүр нүдгүй балбахгүй. Харин бүр санаа амар, айван тайван хүч үзсэн шигээ зогсож байгаад алсын сүвээний барьц аваад өргөөд шидчихдэг. Тийм л тактикаар барилдаад байгаа юм. Содномын шазуур зууж үзэх бөхийн нэг бол Оюунболд. Тэр хоёр өнгөрөгч жилийн наадмын долоогийн даваанд тунасан. Хэн давсан нь дээшээ барилдана байх аа гэсэн үзэгчдийн таамаг үнэн болж Оюунболд наадмын түрүү бөхөөр тодорсон билээ. Магадгүй өнөө жилийн наадмын наймын даваанд тунаж мэднэ. Тийм болохоор Содномдорж одооноос л Оюунболдыг хэрхэн яаж хаях вэ гэдгээ нарийн чинад тооцоолох хэрэгтэй.

Түүний гол өрсөлдөгч бол мэдээж Санжаадамба. Залуу заан эхэн үедээ хэд хэд хүчтэй туйлах нь мэдээж. Тэрхүү “салхи шуурга”-ыг аядуу намжуу болгосны дараа бол Содномд боломж бүрдээд ирнэ. Үндсэндээ санасандаа хүрч барьц сонгон, толгой дээрээ бярдаж гаргаж ирээд шидчих байх. “Олон жилийн дунджаар” гэдэг шиг Санжаа, Содном хоёрын ид үеийн барилдааныг эргээд харахад ихэвчлэн залуу заан давсан байдаг. Эдүгээгээс таван жилийн өмнө ардын хувьсгалын ерэн жилийн түүхт ойгоор тэр хоёр долоогийн даваанд тунаж, хоёр ч удаа барилдан будилж байж Санжаа нь давж заан болж байсан. Содном нь тахимаа өгөхгүй, хичнээн цаг талбай дээр уйлж зогссоныг үзэгчид мартаагүй. Содномын тэрхүү гашуун нулимс цээжинд нь амтагдаж л байгаа даа. Наадмын дараа намар нь байна уу даа, өнөө геннисийн зургаан мянга гаруй бөхийн барилдаанд энэ хоёр мөн л тунан хүч үзэж, Санжаа нь илүүрхэн хаясан. Эл бүгдийн хариуг Содном энэ удаад л авах хэрэгтэй. Маш том боломж гарч ирлээ гэж бодох хэрэгтэй.

Нэг хэсэг Пүрэвжав харцага “бөхийн аранга” гэгддэг байлаа. Өсөхөө аваргыг төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлж, арслан, аварга цолыг авчихсан ид байх үед нь буюу 2004 оны наадмын дөрвийн даваанд залуу бөх байхдаа өвдөг шороодуулж шуугиан тарьсан. Дараа нь Санжаадамбыг баттай түрүүлнэ гэж яригдаж байсан наадмын тавын даваанд өвдөглүүлж мөн л шуугиан дэгдээсэн. Харин сүүлийн үед “бөхийн аранга”-аар Ховдын Батзаяа харцага тодроод байгаа. Тэрээр түрүү жилийн наадмын тавын даваанд дархан аварга Өсөхбаярыг сөхрүүлчихсэн. Өсөхөө аварга Сүхбаттайгаа зүүний магнайг булаацалдан, хичнээн өдөр сар нервтсэний эцэст Сүхбат нь зодоглохоо больж, аварга маань зүүний магнайдаа сэтгэл амар гарч, цолоо дуудуулаад жавхаатай гэгч нь байтал юу болсон билээ.

Батзаяа гэж полдгор нөхөр тавын даваанд өвдөглүүлчихдэг байгаа. Түүний “бөхийн аранга” гэдгийг нь аварга тооцоолоогүй. Хэрвээ тооцоолсон бол түүнд тэгж “тамлуулах”-ын оронд нэг начин төрүүлчихнэ биз дээ. Тэгтэл Батзаяа зүгээр ч нэг унагачихаагүй, аваргаар минь бүр тоглоод хаячихсан. Зургаагийн даваанд урьд жилийнх нь түрүү бөх Батсуурь арслан мөн л дөрвөн хөллүүлээд “сансарт нисчихсэн” дээ. Энэ жилийн цагаан сараар Мөнхбат аварга, залуу арслан Оюунболд нарыг бас л дараалуулан орхиод шуугиан дэгдээсэн. Тиймээс “бөхийн аранга” Батзаяа бас л хатуу боорцог. Түүнтэй залуу арслан Батсуурь, Оюунболд хоёр даагаа нэхэж яс үзэлцэх нь мэдээж. Ийм л дуулиан шуугиан дор бөхчүүдийн халз барилдаан болно. Анзаараад байх нь ээ, Бүрэнтөгс арслангийн нэдүгээр баг түрүүлэх боломж байна. Үндсэндээ өндөр оноо авах магадлалтай бөхчүүд байна. Арслан өөрөө байна, цаана нь Баасанхүү гэж зүггүй барам байна, за тэгээд Содномдорж, Гончигдамба, Батзаяа байна. Харин Батсуурь арслангийн баг өрсөлдөгчөөсөөө жаахан дутуу харагдаад байгаа. Санжаадамба л голлож, туйлдгаараа туйлах байх. Түүнд Оюунболд, Батсуурь хоёр мэдээж хань болно. Харин Бат-Оших, Энхбат хоёр тэгтлээ өндөр авах нь юу л бол. Өсөхбаяр заан бол сүүлийн үед тун тааруу барилдаж байгаа. Эдгээр бөхчүүдийн зөөлөн боорцог нь гэж бөх сонирхогч олон таамаглаад буй. Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн халз барилдааныг санаанд оромгүй “сюрприз”-ээр дүүрэн болоосой гэж бөх сонирхогч олон хүлээж суугаа билээ.

Б.Батболд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *